2023年11月19日日曜日

Урлагийн үзлэг

Уламжлалт бичвэр шүү? Жил болгоны өдийд зохиогддог арга хэмжээний тухай. 

Дунд сургуулийн урлагийн үзлэг болов. Ажлын өдөр зохиогдов. Надад бол жаахан тиймхэн. Учир нь зун монгол яваад ирсэн болохоор амралт тун бага үлдсэн. 

Тэгэхээр ажлын өдөр зохиогддог арга хэмжээнүүд бол заримдаа төвөгтэй. Чөлөө авах гэж үлдсэн өдрөө тооцоолоод л. Дээрээс нь бага зулзага халуурч бариад өвдвөл бас л би нь чөлөө авч хүүхдээ харна. 

Эмэгтэй хүнээ гэж ажил нь барагдахгүй. Гэхдээ намайг ном уншаад л, юм нэхээд л суудаг гэдэг ойлголттой хүн их. Хи хи. Арга ч үгүй байх даа, байсхийгээд л тав зургаагаар ном захиад байхаар тийм ээ? 

Мужийн харъяа урлагийн ордны тайзнаа болсон. Сургуулийн ойр байдаг, харъяалал бүхий газар тул сургуулийнхаа зааланд бус, бүхэл бүтэн том тайзнаа урлагийн үзлэгээ хийчихдэг, сүрхий "ашигч" сургуулиа. Ха ха.  

Өглөө эртлэн явна. Өдрийн хоол буюу бэнтогоо бэлдэж авч явна. Сүүлийн үед бидний бэнто хийх арга их амар болсон. Будаагаа агшааж бөөрөнхийлөөд, шөнийн нэрийн барааны дэлгүүрээс бэлэн шарсан тахиа авчихдаг болсон. 

Зулзага өөрөө дуртай тул, захиалгаа тэгж өгдөг болсон. Залхуу ээж надад бол амар л байна. 

Ээж бас эцэг эхийн зөвлөлд томилогдсон тул ажлаасаа бүтэн чөлөө аваад, ажлаа амжилттай гүйцэтгэсэн. Үдээс өмнөдөө хийх ёстой ажил минь дууссан тул зулзагынхаа оролцсон бүхий л үзүүлэн тайланг сонирхож чадсан. 

Эгчтэйгээ адил үлээвэр найралд орсон ч хөгжим нь өөр. Лимбэ хөгжим. Анх өөр хөгжим байсан чинь сүүлд солигдоод лимбэ болсон. Хэцүү байна л гээд байгаа. Сурах байгаа, 3 жил гаран нүдүүлэх юм чинь. 

За тэгээд дунд сургуулийн сурагчид гэлтгүй мэргэжлийн төвшинд хуурдана шүү дээ. Ёсолгоо, найрал дуу энэ тэр бол их сүрхий.  

Хэнхэг охин минь сурагчдын зөвлөлд бас байдаг тул үүрэгт ажил нэлээд их. Мөн галзуу талдаа тул дуу хоолой чанга. Хэ хэ. Арзаганах талдаа, гайгүй байгаа? Хэнийгээ дуурайсан ийм юм бэ? Манай удамд лав... Ха ха ха.

Анги нь гялалзаж байна өө, найрал дуугаараа түрүүлсэн. Тамирын өдөрлөгтөө бас түрүүлж байсныг санаж байгаа биз дээ? 
Мөн төгөлдөр хуурын төрөлд ангийх нь охин түрүүлсэн гээд л гялалзав. Харьж ирснээ, би зун монгол яваагүй бол энэ төгөлдөр хуур дарах уралдаанд хүчээ үзэхээр анхан шатны шалгаруулалтанд орох байсан гэж хошуугаа цорвойлгосон. 

Би юм хэлээгүй ч дотроо бусаддаа ч боломж олгох хэрэгтэй гэж мэгж бодсон шиг. Ирэх жил орох эсэхийг бүү мэд. Учир нь дунд сургуулийн 2 дугаар ангиасаа эхлээд сурагчдын буюу хүүхдүүдийн ааш авир, зан чанар, сэтгэл санаа ихээхэн өөрчлөгддөг. Нэг ёсондоо шилжилтийн нас гээд харьцахад маш төвөгтэй болдог гэж эд нар ярьдаг.

Биднийг ч бас энэ шилжилтийн нас гээч зүйл тойрч бус дайрч л байна. Ааш зан эрс өөрчлөгдсөн. Эцэг эх нь тэсэх ёстой гэдэг юм билээ. Хүчээр биш эвээр үзчих санаатай л сууна. Заримдаа ч тэсэхгүй үглэх юм...

Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг чинь асар их ухаан, ёстой л нөгөө нэг хатан ухаан нь энд л хэрэгтэй шиг байна. Нөхрийн хүмүүжилд хатан ухаан зарах нь чухал ч үр хүүхэддээ ч бас яасан ийсэн хатан ухаан бас чухал л бололтой шүү. Ха ха.

Одоо ирэх сард бага зулзагын урлагийн үзлэгийг аятайхан даваад гарчихвал ч тэгээд Санта өвөөгөө хүлээгээд хэвтчихнэ. Элдэв арга хэмжээг нь аятайхан давна гэдэг ч бас хүч хөдөлмөр шаардана. 

Ажил амралтаа зохицуулна, ханиад томуу хүргэчихэлгүй, хүн шиг оролцуулна гэх мэт. Юун сүртэй юм гэж бодож байвал том эндүүрэл шүү. Хи хи. Жишээ нь бэлдэж бэлдэж байснаа яг болох өдөр нь ханиад хүрээд халуурчихдаг явдал нэг биш удаа тохиолдож л байсан. Тэгэхээр бүр цаанаасаа нэг харамсаад, оролцчихсон бол гэж хэд хоног бодогддог юм.

Дунд сургуулийн урлагийн үзлэгийн тухай эгчийнх нь үед нэлээд дэлгэрэнгүй бичиж байсан байх. Санахгүй л байна. 

Захирал багш товч бөгөөд тодорхой мэндчилгээний үг хэлнэ. Англи хэл, япон хэл дээр 1, 2, 3 ангиудаас шалгарсан нэг нэг сурагч тайзан дээр илтгэлээ уншина. 

Үлээврийнхэн 2 ая тоглоно. Энэ жил эхний аяыг багш нарын уран сайхны төлөөлөлтэй хамт тоглосон. Үзэж буй сурагчид маш өндөр хүлээж авдаг юм билээ. Өдөр тутмынхаа багш нарынхаа бас арай өөр дүр төрхийг, авъяасыг олж хараад тэр байх. 

Үзэж буй сурагчид гэдэг нь бүх сурагчид тэр том тайзныхаа нэг давхрын үзэгчдийн суудалд анги ангиараа бөөгнөрч сууна. Мөн багш нар, шүүгчид сууна. 
Тайзны хөшиг
Эцэг эх, бусад үзэхээр ирсэн жирийн иргэд хоёр давхар, гурван давхрын суудлаас үзэцгээнэ. Тэгэхээр хонь хурга нийлсэн шиг зүйл болохгүй их амар. Мөн ажлын өдөр тул зөвхөн хүүхдийнхээ үзүүлбэрийг үзчихээд л явчихдаг ээж аавууд бий тул суудлын тоо хүрэлцэхгүй гэж санаа зовохгүй амар байдаг. 

Сурагчид ангийх нь үзүүлбэр болонгуут зарлагч сурагч зарлана, сурагчид шалмаг гэгч нь босч алхаад тайзнаа гарна. Сүр сар хийсэн чимээ анир бараг гаргахгүй. Ер нь их зохион байгуулалт сайтай, арга ч үгүй байхдаа, бүр цэцэрлэгээс нь жагсах, алхах, ёслох гэдгийг заагаад эхэлдэг тул. 

Төгсгөлд нь найрал дуу, төгөлдөр хуур зэрэг үзүүлбэрээр нь шалгаруулчихдаг. Шилжин явах цом гардуулдаг. 

Ямартай ч ханиад томуу хүрчихэлгүйхэн шиг байж байгаад албаа амжилттай хашсан охиндоо баяр хүргэе. Мөн өөртөө ч бас.

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай. 

0 件のコメント:

コメントを投稿