Зээ, бидний 11 сард уншсан ном. Овоо зузаан ном байлаа. 624 хуудастай. Уншиж барах байгаа гэж бодсон ямартай ч ард нь гарсан. Хэ хэ.
Би багадаа уншиж байгаагүй ном байна. Ааваасаа асуусан чинь манайд байхгүй гэсэн. Тэгэхээр уншаагүй гэсэн үг. Уг нь гэрийнхээ ихэнх номыг уншсан ухаантай, багадаа.
Мөн орос ах нарын зохиолыг уншаад л байх шиг байсан. Санаанд үлдсэн нь ховор байна өө. Хамгийн сайн үлдсэн нь Алтан загасны үлгэр, Муурын байшин, Өнхрүүш, Орос ардын үлгэрүүд. Яагаав тэнэг Иван гэж гардаг даа.
Гэснээс тэр олон үлгэрүүдээ одоо бас мартсан байна өө. Дараа захиж унших уу? Яах уу? Гялс хариу. Хи хи.
Ингэхэд байна аа, багадаа уншсан номноос сэтгэлд хамгийн тод үлдсэн нь Монте-Кристо гүн. Цагаан бээлий, Хурлийз бүсгүй, Морь унасан толгойгүй хүн. Өөр юу билээ? Аан тийм Дөлгөөн Доныг уншиж байсан. Санаж байгаа зүйл алга.
Ингээд нэрлэсэн чинь дахин уншмаар санагддаг гэнэ ээ.
За тэгээд Гэм зэм маань номын гарчгаас харахад л нэлээд сонирхол татахуйц. Харин уншаад эхлэхээр нэг л сунжруу.
Ойрд орос орон, орос хүний нэр, орос ахуй зэргийн талаар уншаагүй байсан тулдаа бас ч гэж шинэлэг санагдаад л тэсвэр заан уншаад л суув.
Түүнээс ч эхний 300-гаад хуудас бол яг юуг хэлэх гээд, гэмт хэрэг хийчихсэн зохиолын гол баатрын сэтгэл санааны тогтворгүй байдалд уншиж буй би бас дагаад хямарчихна.
Тухайн үеийн орос нийгэмд "оюутан" гэдэг хүн бол нэлээд дээгүүр байр суурь эзэлдэг байсан мэт. Учир нь Раскольников нь нэлээд хэдэн удаа өөрийгөө "оюутан байсан" гэж хэлдэг. Түүнийг нь сонсоод эргэн тойрных нь түүнд нэлээд хүндэтгэлтэй хандаад байх шиг...
Байсан гэдэг нь чөлөө авчихсан, мөнгөгүйгээсээ юу? Эсвэл мөнгөгүйгээс үүдэлтэй сэтгэл санааны тогтворгүй байдлаас уу? Яг сайн ойлгоогүй. Хэ хэ.
Ээжийн дүр, дүү охины дүрүүд нэг тийм ихэмсэг орос хатагтай нарын дүр зураг бууна. Угаасаа ч дүү Дуняд нь олон эрс сэтгэл алдраад суух санал тавина. Үзэсгэлэнтэйн дээр ухаан ч сэргэлэн дүр...
Гэмт хэрэг үйлдчихээд түүндээ гэмшин өөрийгөө илчлэх үг үйлдэл гаргаад байдаг нь гэмт хүн гэлбэлзэнэ гэгч л нь байх гэж бодогдоно. Мөнгө хүүлэгч нэгэн эмгэнийг нийгмийн сайн сайхны тулд хөнөөчихдөг. Түүнд л нийгмийн сайн сайхны төлөө, хүмүүсийн төлөө санагдах ч гэмт хэрэг л бол гэмт хэрэг шүү дээ...
Танилцаад удаагүй хүндээ, түүний ар гэрийнхэнд нь туслаад, өгөөмөр зан гаргаад буян үйлдсэн ч хийсэн нүгэл нь цайралгүй, өөрийг нь дотроос нь идээд байна.
Ээж, дүү хоёртойгоо салах ёс хийгээд, өөрийгөө илчлээд, зохих ялаа эдлэхээр Сибирьт цөлөгдөнө. Ингэхдээ өөрт нь үнэнч Соня бүсгүйтэй бие биенийхээ алдаа оноог хүлээн зөвшөөрч биесээ хайрлахаар шийдэн зохиол төгсдөг нь харин таалагдсан.
Номоо хаасны дараа гол дүрийнхээ баатрыг хүн алчихдаг гэж харааж зүхэхгүй байгаа нь сонин. Нэг ийм хэлц санаанд орно.
"Гэмт хэргийг нь үзэн ядна, түүнийг үйлдсэн хүнийг нь үзэн ядахгүй". Хүн ямар ч шалтгаанаар хэрэг хийсэн байж болно, тэр дунд сайн хүн ч бий шүү гэсэн санаа нуугдаж буйд тэр биз ээ.
Олон дүр гарна. Нэрнүүд нь хэд хэдэн янзаар бичигдэнэ. Оросууд чинь биесээ өхөөрдөөд, авгайлаад янз бүрээр дууддаг даа. Тэр дунд нь хэсэгтээ хэн билээ гэж эргэлзэнэ. Хэ хэ.
Өнчирч хоцордог жаалууд нэлээд өрөвдөлтэй, амиа хорлох гээд голын ус руу орчихдог бүсгүй ч хөөрхийлөлтэй.
Энэ номыг унших явцад яагаад юм бүү мэд? Багадаа зурагтаар үзэж байсан Ломоносовын тухай дүр зураг хальт мулт санагдаад байсан.
Дараа боломж гарвал " Гэм зэм ба ял шийтгэл" гэдэг гарчигтайгаар орчуулагдсаныг нь авч уншина аа. Баатар гэдэг хүн орчуулсан гэсэн. Миний энэ уншсан нь Гомбосүрэн гэдэг хүний орчуулсан нь.
Мэддэг хүмүүс нь эдгээр хүмүүсийг "гуай" гэж авгайлдаг юм билээ. Би орчуулагчийг нь нэг их тоолгүй уншчихдаг байсан алдаагаа засах гэж хичээж, хэн орчуулсан байна гэж хардаг болсон.
Клубын гишүүд маань харин их өвөрмөц, сонин содон өнцгөөс харж, тайлбар зүүлт хийсэн. Ямар ч гүн гүнзгий номоо судалж уншдаг юм, ямар ч сүрхий бясалгаж шимтэж уншдаг юм? Биширмээр.
Зохиолчийнх нь талаар ч өөрсдийин мэддэг хэлээрээ судалчихсан байх юм. Би ч амьдрахынхаа хажуугаар ном уншдаг тул илүү дутуу үйлдэл хийж амжихгүй л байна.
Уншдаг хүмүүс чинь уншихынхаа хажуугаар амьдардаг бололтой шүү. Хо хо.
Дараа бусад зохиолоос нь уншина гэж бодож байгаа, зузаан ч гэсэн яахав. Хи хи.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿