2024年2月4日日曜日

1 сард орсон цас

1 сарын сүүлээр 2 өдөр айхтар цас орсон. Энэ жил харьцангуй дулаахан байна гэж ярилцаад, цаг агаарын мэдээгээр. Ашгүй цас орохгүй нь гэж бодож байсан юм. 

Тэгсэн ойрд ороогүй цас нэвсийтэл малгайллаа. 

Манай өөдөөс харсан хэдэн айлууд. Машинууд нь хөөрхөн харагдаж байгаа биз? За тэгээд ажил албандаа явахдаа энэ машин дээрх цасаа гөвнө гэдэг том ажил шүү дээ. 

Бөөн ажил, гутал хувцас нороод. Зутарна зутарна. Хоёрхон хоног орсон тулдаа амьдрал хэвийн өрнөж байна. Өвөлжнгөө цастай газрын хүмүүсийг биширнэм. Багадаа эх орондоо би яаж болдог байсан байна аа тийм ээ? 

Сормуус минь цантаад, дэрвийгээд цагаанаар будчихсан юм шиг байдагт нь дуртай байлаа. 

Миний машин дээрх цас. Эрчүүдийн нэг тийм үсний засалт байдаг даа.Плак засалт гэж хэлдэг билүү? Яг тэрэн шиг л. Би энд цасаа унагаах гэж байна гээд жаахан оролдчихсон, нуруу хүрдэггүй ээ. Намхан хүн чинь. 

Энэ өдөр том машинаа унаж таараад өө. Гайхуулсан уу? Хи хи. Өдөр тутамдаа өөртөө таарсан жижиг тэрэг унадаг л даа. Энэ өдөр сондгой дугаар явж болдоггүй өдөр гэж худлаа залахгүй юу? 

Нээрээ үе үе энэ тэгш сондгойгийн шийдвэрийг бодож бухимдана шүү дээ. Хаа байсан эндээс бухимдаад байдгийн учир нь ойлгомжтой. Тэндээс нэг ном аваад энд хүргээд өг гэж гуйх гэхээр өнөөх л түгжрэл, өнөөх л тэгш сондгүй дугаар. 

Үнэн тэнэг. 

Тэгэхэд энд эх орны минь хувьд бараг гамшгийн хэмжээнд гэж хэлэгдэхээр их цас орсон ч түгжрэхгүй, би л гэрээс гарах цагаа тохируулчихад л ажил дээрээ яг цагтаа бэлэн гозойж байгаа л байхгүй юу? 

Мөлхөөд байгаа шүү дээ, аминдаа. 

Цасаа буулгаж, дархан цолоо мандуулчихаад орж ирсэн нь. Гутлынхаа цасыг гөвчихсөн л дөө. 

Цас нь усархаг тул нэг иймэрхүү түрийтэй гутал их өмсөнө. Сүүлийн үед цасны түрийтэй гоё гуталнууд зарагдаж байна лээ. Худалдаж авах гэснээ, өмнөх энэ мэт гуталнуудаа тултал нь өмсөөд, муудахаар нь л болно доо гэж бодоод, гуталны тасгаар нүдээ аниад л өнгөрч байна. 

Гэгээрсэн байгаа биз дээ? Нэг шинэ зүйл худалдаж авахад байгаль орчноо төдий хэмжээгээр сүйтгэж байдаг гэж уншиж байлаа. Хамгийн наад зах нь миний өөрийн эдийн засагт ч хэмнэлттэй юм даа. 

Аль хэдийн хайлсан л даа. Энэ удаад бид цасан өвгөн энэ тэр хийж тоглоогүй ээ. Сонирхол буурсан. Хи хи. 

Удахгүй дулаарна гэхээс сэтгэл өег байна өө. 

Буузаа чимхэж л байна, бага багаар. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿