2024年2月7日水曜日

Миний нэр Улаан 3

Клубынхан маань номоо ярилцсан. Идэвхитэй уншигчид олон, уншиж амжаагүй ч мэдрэмж, мэдээллээ хуваалцдаг болжээ бид. 

Би ч ам мөчид уншиж дууссан. Эхний хэдэн бүлэг жаахан уйтай санагдсан ч, Хар, Шекюре хоёрын бие биелүүгээ тэмүүлэх тэмүүллийг унших явцад бусад дүрүүдийн бодрол, зүйрлэлүүд ч сонирхолтой болж ирнэ. 

Хайр дурлалын тухай ном биш ч үүнийг хоёр биен лүүгээ тэмүүлж буй хоёртой холбоод тухайн үеийн зураачдын тухай, уран зургийн соёлын тухай их урнаар өгүүлсэн ном байлаа. 

Гэснээс бусад гишүүд маань энэ Орхан Памукийн бусад зохиолуудыг ч олоод уншчихсан байх юм, би бүр мэл гайхсан.

Уншаад байгаа хэрнээ миний уншсан номын тоо тэдгээр уншигчдын дэргэд өчүүхэн. 

Номын сангаас зээлж уншихыг хичээнэ ээ. Гэхдээ үг хэллэг хэцүү, уран цэцэн зүйрлэл ихтэй номыг гадаад хэлээр уншина гэхээр миний бяд хүрэлцэхгүй байж магад.

Нөгөө талаар халшраад, хулгаад, тойрч гүйгээд байвал хэлний мэдлэг минь тэлэхгүй, хэдхэн үгийн дунд эргэлдээд, гацчихвал бас онцгүй юм, тийм ээ? Ерөөсөө зориглоод зээлж үзнэ ээ. 

Гэхдээ би номын сангаас зээлсэн 3 номоо дуусгаагүй, хугацааг нь хэтрүүлчихсэн. Удахгүй утасдах байх аа, яанам бэ? Тийшээ гүйх зав гардаггүй ээ. 

Учир нь би хагас бүтэн сайнд онлайн хичээлд суугаад, удахгүй дуусах юм л даа. 

"Зурна гэдэг нь хорвоо ертөнцийг бурхан хэрхэн хардаг болохыг дүрслэх гэсэн хувь зураачийн эрэл хайгуул..." 

"Би мод биш, модны утга учир байхыг хүснэ."

Дээрх 2 зүйрлэлийг нэгэн мэдрэмжтэй уншигч бичиж оруулсныг хуулчихлаа. 

Сүүлийн үед нүүрномд "Цас" гэх хөөрхөн хуудас нээгээд, түүндээ уншсан номныхоо тухай их "гоё"-оор бичээд, би уншсан байж ингэж мэдрээгүй шүү дээ, хаагуур нь өнгөрчихөв өө, ийм мөрт хаана уншлаа гэх мэтээр бодоод, уншиж дууссан номоо дахин сөхөх үү? Яах вэ? гэж бодтол, заримдаа бүр сөхөж хартал нь бичдэг бүсгүйн тэмдэглэл. 

Номонд хорхойтой хүмүүс орж уншдаг ч байж магад.

https://www.facebook.com/profile.php?id=100087548211243 шүү. Сонирхоорой. 

"Хүн байна гэдэг төөрөлдөнө гэсэн үг."

"Зураачийн сэтгэлийн гүнээс урган гарсан алдааг алдаа бус хэв маяг гэж ойлгох хэрэгтэй."

"Оюун ухааны хэдийнээ мэддэг зүйлийг нүд таньж нээхийг л гоо сайхан гэдэг юм."

Зээ, үүнийг нэгэн аварга уншигч санал болгож бичиж үлдээсэн. Их олон ном уншсан бүсгүй. Биширнэм. 

"Амьдрал гэх утга төгөлдөр аян замын төгсгөл хэн бүхэнд адилхан."

"Хэрвээ чи мөрөөддөггүй бол цаг хугацаа яахин өнгөрнө."

"Хүн аз жаргалыг зургаас бус амьдралаас эрж хайдаг билээ."

"Аугаа зураач хосгүй бүтээлээрээ биднийг зөвхөн гайхан бишрүүлэхээс гадна эцсийн дүндээ бидий ой тогтоомжийн зураглалыг өөрчилж дөнгөдөг."   

"Сахиусан тэнгэрүүд лугаа өөрсдөө өөрсдийгөө ихэд бодон ертөнцийн төвд өөрсдийгөө тахин шүтэж байна." 

"Сохор мэт байгсдад сохорт үзүүлэхээс илүү хүндэтгэл үзүүл."

"Насны намар гадаа ирэхэд эл хорвоод мөнхрөн үлдэх нь сонин биш болдог." 

Миний тэмдэглэж авсан нь энэ гурав. 

Клубынхаа охидын ярианаас хөөрхөн хөөрхөн мэдээлэл авдаг. Жишээ нь турк эрчүүд үнэн царайлаг, үнэн сэкси, аяга шаазан зэргийн хээ угалз үнэхээр гоёмсог, хивсийг үнэн тансаг урладаг...

Очиж үзмээр санагдсан. Жаргалтай мөнгөө нэмээд, зулзагууд томроод, цаг зав ихтэй болохоороо очиж үзэх газрын жагсаалтандаа нэмлээ.

За тэгээд энэхүү номд гардаг олон сайхан гар бичмэлүүд, хаадын тухай ном судар устаж үгүй болоогүй бол бидний өвөг дээдсийн тухай асар үнэтэй баримтууд ч ихээр агуулах байсан байх даа гэж бодон бодон номоо хураая даа. 

Уг нь аллагатай, алуурчинг хайсан, уран зургийн тухай тансаг ном юмсан. 

Түр баяртай, цагаан сардаа сайхан, түүртэлгүй бэлдээрэй, би ч хичээнэ ээ. Хи хи. 

0 件のコメント:

コメントを投稿