2024年2月2日金曜日

Багийн хурал

Хорооных биш багийн хурал болов. Хань ижилтэйгээ чи яв, би яв гэж зөрсөөр байгаад би дийлээд, хань ижил явав. 

Сайндаа ч биш ээ, манайд зочин ирэх байсан тул гэрээ цэвэрлэх гэх мэт ажил байсан юм. Бага зулзагаар хальт шатныхаа тоосыг арчуулав. Хөөрхөн арчаад байдаг шүү. Байсхийгээд л гүйж ирээд алчуур базаад өг гэнэ. Хэ хэ. 

Дунд зулзага угаасаа олдохоосоо өнгөрсөн. Дугуйлан, хичээл, даалгавар гээд. Гэрийн ажил хийх нь эрс багассан. Эрх биш өрөөгөө цэвэрлэж харагддаг. Би ч тэртэй тэргүй цэвэрлэх нь гарцаагүй тул гэртээ эрх дураараа байг л гэж боддог болсон. 

Өө тийм, би гарын мөнгө гэж өгдөггүй тул, жорлон цэвэрлэх, угаасан хувцас тээж өгчихөөд хөлс нэхдэг болсон. Ха ха. Аав нь жаахан дургүй, үүнд. Гэрийнхнийхээ төлөө хийсэн зүйлдээ хөлс нэхээд гээд. 

Ээж болохоор энэ тухай ном уншчихсан болохоор, гэрийн ажилд туслахад мөнгө өгдгийг нэг их үгүйсгэхгүй л байна. Туршилт явагдаж байна. Хо хо. 

Хань ижил нэлээд удаж удаж ирэхдээ нэг ийм томоо савтай бэнто буюу хоол барьсаар ирсэн. Болоогүй ээ бас, хэдэн ширхэг шар айрагтай. 1 сарын сүүлийн бүтэн сайнд зохиогдсон. 

Энэ жилийнхээ үйл ажиллагаа, хогоо хэрхэн хаях, элдэв арга хэмжээнд залуус идэвхитэй оролцох хэрэгтэй байна гэх мэт зүйл ярилцсан гэсэн. 

Бид ч зулзага ч бас гэж том боллоо, өглөөдөө эртхэн босоод гарч оролцож байя даа гэж ярилцав. Би чинь бага зулзагаараа далимдуулаад, өглөөдөө их хойрго болсон шүү дээ. 

Энэ жилээс жаахан эртэч болчих санаатай, хрэгжүүлж амжаагүй байтал 1 сар нь дуусчихлаа. Жавхлан юм аа...

Доторх нь нэг иймэрхүү. Түүхий загастай. Ер нь бол далайн гаралтай бүтээгдэхүүн, ногоо ихтэй. Амт нь нэлээд чихэрлэг талдаа. Томчууд бид л идсэн. Бага зулзага бол идэхгүй байна лээ. 

Тэр доор харагдаж буй 2 шаргал юм байна аа даа. Дотор нь будаатай, би дуртай биш. Охин дуртай, хоёуланг нь идчихнэ лээ. 

Яг халуунаараа амттай ч тэнпүра гээч хоол. Хөрчихөөрөө онцгүй. Гэхдээ эд хөрсөн хоол идэхдээ нэг их санаа зовохгүй ээ. Сонин, халуун орон болохоор тэр байх.

Энэ дээр нь харагдаж байгаа амттанг алтан хөрш хийсэн. Тэнд цугласан хүмүүст тараасан. Илүү гарсныг нь бидэндээ өгөөд явуулж. Алтан хөрш маань энэ жил багийн даргаар сонгогдсон юм. 

Нэлээд шулуухан, бага зэрэг босс зантай тул бусад бага зэрэг айдас хүйдэстэй байгаа байх гэж таамаглаад. Адаглаад л хог хаях өдөр хогоо аятайхан хүн шиг хаяна гэсэн үг. Хэ хэ. 

Энэ багийн үйл ажиллагаанд огт оролцдоггүй хүн гарууд бий. Ийм хүмүүсийн ихэнх нь ганц бие, ажил ихтэй нэлээд орой тардаг, нэг бол эрүүл мэндийн асуудалтай гэх мэт хүмүүс байдаг. 

Мөнгө төлдөггүй хүмүүс ч бий. Угтаа амьдарч байгаа бол мөнгөө төлөөд явбал гэж боддог юм. Тэр хавийн аюулгүй байдал, цэвэр цэмцгэр байдлыг иргэдийн оролцоотойгоор хангаж байдгийг мэдэхийн дээдээр л мэддэг баймаар, эд нар. 

Энэ жил бид ямар нэгэн үүрэгт албанд томилогдоогүй. 2 жилийн дараагаар ямар ч билээ албанд томилогдох ээлжтэй юм билээ. Хичээнэ дээ. 

Түр баяртай. Удахгүй цагаан ногоон сар ч боллоо доо. Амралтын өдөр таарна, зочид гийчид ихтэй байх нигуртай...

Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿