2024年8月25日日曜日

Цагаан идээ 2

Монгол нисэхээсээ өмнө л ээж ээ та бяслагаа хатаагаарай гэж гуйсан. Аятайхан, амттай бяслаг олох гэж хичээсэн гэсэн. 

Намайг очиход л хэрчиж дэлгэсэн.

Ингэж зүсэж, дэлгэж хатаасан бяслаг ямар тансаг амттай гэж санана? Эндээс хур бороогоо аваад оччихсон чинь хатаж өгдөггүй, жаахан сандаргасан. Нэг бүрчлэн эргүүлж тойруулж, сэврээнэ. 

Хүсэхээр ингээд бороо ороод, хурдан хатаж өгөхгүй юм гээд л үглэж суусан хөөрхий ижий минь...

Хайртай шүү, өгөх юмаа олж ядаад л, ядаж дуртай бяслагийг нь өгөөд явуулчих гэж зүтгэж байгааг нь харахаар өрөвдөнө өө...

Тэгэхгүй бол дорхноо хээгрэх янз ороод, энд тэндээ хар толбо үүсчихнэ. Хар толбо үүсээгүй ч дотроо бас жаахан амт орчихсон нь ч байдаг юм билээ.

Хатсаны дараах бяслаг. Нэг нэгээр нь амруу хийчихээд хүлхэнэ. Зөөлрөөд ирэхээрээ үнэн гоё. Юун чихэр, юун шоколат. Хэ хэ.

Ямартай ч ээждээ эрхэлж, төвөг удаж байж 2 уутыг авчирсан. Одоо бага багаар идээд, нэг нь дуусах дөхчихсөн. Сүүлдээ хөлдөөгчнөөсөө гаргалгүй, өөрөө л байн байн хөлдөөгчөө онголзуулаад нууцаар ганц нэгийг амруу хийгээд байгаа. 

Хань ижлээсээ харамлаад тэр. Ха ха. Зулзагууд идэхгүй байгаа тул, монголд төрж өссөнөөрөө бидэн хоёр л бие биенээсээ уралданхан идэж байна дөө.

Нэгэн найз минь, 40 кг цагаан идээ аваад явчихсан, ёндоотой шүү гээд байсан. Хи хи. 

Дуртай юмыг яалтай? 

Янз бүрийн гадаад чихэр, еэвэн авчраагүй. Ха ха. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿