2024年9月3日火曜日

Сиддхарта

7 сард унших ёстой байсан ном. Би 7 болон 8 сарынхаа номнуудыг андуураад урд хойно нь оруулаад уншчихсан. Хэ хэ.

Хатуу хавтастай, жижигхэн хөөрхөн ном. Агуулгыг хэлээгүй шүү. Цүнхлээд явахад асар тохиромжтой. Зөөлөн хавтастай ном цүнхлээд яваад байхаар ирмэг нь нугалараад жаахан онцгүй байдаг даа.

Хэрман Хэссэ нь Нобелийн шагналт зохиолч юм байна. Герман, Швейцарийн зохиолч гэнэ. Дээхний зохиолч хэр нь анх удаагаа л уншиж байна, зохиол бүтээлээс нь.

"Талын чоно" номыг нь олж уншихыг хичээнэ ээ. Учир нь монгол хэлээр орчуулагдаад, номын дэлгүүрүүдээр зарагддаг шиг байна. 

Анх Сиддхарта гэж сонсоод шашны тухай ном гэж бодсон. Гэтэл үгүй юм аа. 

Сиддхарта гэгч залуу амьдралаас ямар нэгэн зүйлийг хайж эрэлд гарна. Түүний дотоод хүн нь яагаад ч юм "ханана" гэж байхгүй, үргэлж л нэг юмны эрэл хайгуулд "дарамтлагдана". 

Хайсаар, эрсээр...

Сэтгэлийн амар амгаланг хайгаад буй нь тэр ажээ. Дотоод сэтгэл, дотоод мөн чанар л агуу зүйл мэт...

Сониноос энэхүү Сиддхарта гэдэг үг нь санскрит хэлний сиддха буюу хүртэх, арта буюу эрэл гэсэн үгнээс бүтдэг гэнэ. Тэгэхээр тодорхойгүй нэгэн зүйлийг хайгаад л байдаг нь нэрнээсээ ч болсон юм шиг.

Хүмүүний сэтгэл доторх эрэл хайгуул, дотоод мөн чанарын тухай бодогдуулсан гүн гүнзгий санаа агуулсан ном байлаа.

Аз жаргал гэгч нь хаана бодитоор оршоод байна? Хүмүүс бид юунд зовж шаналаад байна? Тэрхүү зовлонгийх нь эх үүсвэр чухам юунд байна? гэж ирээд бодож одооны хэллэгээр бага зэрэг "эморно".

Сиддхартаг гэгээрэлд хүрэхэд тусалсан хэд хэдэн дүр бий. Багын найз Говинда, сүүлд нөхөрлөдөг завьчин Васудева, үзэсгэлэнт бүсгүй Камала, түүний хүү...

Васудева түүнд байгалийн дуу хоолойг, бусдыг сонсох тухай зааж сургадаг.  

..."Васудева маш анхааралтай сонслоо. Завьчны хамгийн сайн чанарын нэг нь сонсох чадвар аж. Тэрээр ганц ч авиа гаргалгүй сонсож, ярьж буй хүндээ бүгдийг сонсож тунгаасан сэтгэгдэл төрүүлдэг байна. Тэр юуг ч хүлээхгүй, юунд ч яаруулахгүй, ямар ч магтаал, зэмлэл өгөлгүй зүгээр л сонсдог байв."

... "Тэр ярьсаар л байхад Васудева тайван, түүнийг урьд өмнөхөөсөө ч илүү анхааралтай сонсож байгааг Сиддхарта мэдэрлээ. Хамаг л зовлон, хүсэл тэмүүллийг нь өөртөө шингээн сонсож буй мэт. Ийм хүнд юмаа ярих нь яг л буртгаа голд угааж урсгахтай адил юм. Сиддхарта яриад байх тусам түүнийг хэн нэгэн сонсож байгаа гэж санагдахаа ч болив. Энэ хөдлөхгүй сууж байгаа хүн яг л мод борооны усыг шингээдэг шиг бүх хэлснийг нь шингээн, Сиддхарта голтой, бүр бурхантай ярьж байгаа мэт санагдлаа."...

Би сонсдог хүн биш шиг байгаа юм. Чалчаа талдаа. Одооноос сайн сонсогч байхыг хичээе гэж бодов.  

..."Үг гэдэг санаа бодлыг бүрэн илэрхийлж чаддаггүй. Амаар гарахад л бодож байсан юм санаснаас арай өөр л сонсогддог, жаахан тэнэг ч сонсогддог юм шиг. Гэхдээ нэг хүнд гэгээн санагддаг юм өөр хүнд утгагүй санагддаг нь бас их хачин шүү".

Нээрээ л миний үзэл бодол бусдад таалагдах албагүй, би ч хүний үзэл бодлыг хэт "шүтэх хэрэггүй. Тийм ээ? 

..."Багшийн хэлсэн үгнээс хийсэн юмс нь чухал. Надад түүний амьдралдаа хийж бүтээсэн сайхан юмс нь ярианаас чухал, түүний биеэ авч яваа нь үзэл бодлоос нь чухал. Би түүний үг болон бодол санаагаар нь сайн хүн байна гэж дүгнэдэггүй, харин түүний бүтээсэн үйл, сайхан амьдралаар нь дүгнэдэг."...

Өнөө цагт маш чухал тийм ээ. Бүгд л цэцэн цэлмэг үг цээжилчихсэн тийм ээ. Үг үйлдэл хоёр нь зөрдөг хүнтэй нэг биш удаа таарсан даа. Ойрхон ч байна...

..."Дэлхий ертөнцийг, бие биеэ үзэн ядалгүй хайрлаж, дэлхийг ч, өөрсдийгөө ч хайрлаж, хүндэлж, биширч явах нь тун чухал юм"...

Юу билээ? Амжиж хайрлаарай гээд дуу байдаг билүү? Хайрлаад явчихна аа...

За тэгээд эцсийн эцэст хүн юу хүснэ, түүнийхээ араас яваад түүнийхээ төлөө зовоод байна тийм үү? Зовлонг зарим талаараа өөрсдөө бий болгоод байна тийм үү?

Бусад богино өөрхөн ишлэлүүдээс нь хүргэх үү? 

Сайн багшийн үр нөлөө насан туршийнх байдаг.

Дотоод сэтгэл гэдэг бүхий л дэлхийтэй адил. 

Дэлхий ертөнц гашуун амттай. Амьдрал гэдэг зовлон юм. 

Мэдлэгээр цангаж, эрж хайж явдаг тан шиг хүн үзэл бодлоос болгоомжилж явах нь зохилтой. Үзэл бодол нь үнэн чанартаа хоосон байдаг юм. 

Хэт их ухаанаас болгоомжилж яваарай. 

Дотоод сэтгэл минь бусдаас ялгарах ганц зүйл мөн. 

Алив зүйлийн утга учир, мөн чанар нь хаа нэгтээ нууц орших бус харин тухайн зүйлийнхээ дотор оршдог.

Дотоод дуу хоолойгоо сонсож, түүнийгээ дагаваас зохилтой. Өөр юу ч хэрэггүй. 

Зөөлөн эелдэг сэтгэлийг ширүүн догшин сэтгэлээс хүчтэй, ус чулуунаас хүчтэй, хайрлах нь хүчээр тулгахаас хүчтэй.

Гэгээрэхээр шийдсэн шүү. Хэд дэх удаагаа ч ингэж шийдэж байна бүү мэд. Бага багаар хэрэгжүүлнэ ээ. Хэ хэ. Гэгээрлийн хамгийн гол чанар нь аливаа зүйлийг байгаагаар нь л хүлээж авах юм байна тийм үү? Хэт шүүхгүй байх, хэт үнэлэхгүй байх...

Би чинь заримдаа хэт шүүмжлэх хандлагатай, ажиглагдаад байдаг юм өөрт минь. Үүнийгээ засах. Өөрийгөө таниж буйн нэг жишээ юм даа.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿