2024年9月16日月曜日

Амттан ба цирк

Хуучнаар "Их дэлгүүр" орчихоод, найзтайгаа зогсоол руугаа алхангаа замдаа амттан идээд. Тун дажгүй, нам гүм газар орсон. Хааяадаа ганцаараа ороод амттан идэнгээ бясалгасан ч болохоор. Хо хо.

Японд хөдөө нутагт амьдардаг би нам гүм орчингоо бас үгүйлээд байсан. Төрөлх хотын минь хүн болон унааных нь ихийг ээ. Бага залуудаа хотоосоо нисэхэд арай ч ийм их хөл хөдөлгөөнтэй байгаагүй юм өө.

Яг үүний хажууд "Сакүра" кафе байдаг юм билээ. Эхэндээ тийшээ ороод, орчноо тойруулж харчихаад буцаад гарсан. Учир нь гоё намуухан орчин хүссэн. Сакүра хоол гардаг болохоор хүн ихтэй байсан. 

Тэгээд ч буцаж очоод тэртэй тэргүй япон хоол, амттан идэх юм чинь тийм ээ? 

Хүмүүсийн ам яриагаар бол Сакүрагийн амттан тун дажгүй, баяр ёслолоор захиалж иддэг "хүүхнүүд" олон юм билээ.

Илчлэг чанар нь бага элдэв хольцгүй халуун коце, нэрстэй бялуу нь миний захиалга. Нэрсийг биед сайн, ялангуяа хараанд сайн гэж уншсан тул сүүлийн үед амттан захиалах болбол нэрстэйг сонгодог болсон.

Мөн нэрс жимсийг аль болох олоод идчихийг хичээдэг ч олдоц ховор, үнэтэй. Хаа сайгүй л юм үнэд орж байна шүү. Яваандаа мацагтан болохоос дөө. Сиддхарта шиг өлсгөлөн явдаг, өл дааж чаддаг болно оо... Хи хи.

Яг булангийн цонхны дэргэдэх суудлыг эзэгнэнхэн суусан чинь цирк харагдаад. Бага насны минь гэгээхэн, цагаахан, мөрөөдөмтгий дурсамжууд нүдний өмнүүр жирэлзсэн.

Цирк үзнэ, циркэд зохиогдож буй элдэв үзмэрүүдийг үзнэ гэдэг чинь маш их тансаглал байж. Завсарлагаанаар нь доош бууж идэх юм эргүүлээд л. 

Циркийн барилга дотор ороход л цаанаасаа нэг тийм мөрөөдлийн байшинд орчихсон юм шиг санагдаад, сэтгэл хөөрөөд жингүйддэг байжээ, одоо бодоход.

Тухайн үед өдрийн тэмдэглэл бичдэг байсан бол гэж өөрийн эрхгүй бодогддог. Нэг бол ингээд элдвийг бурж бичдэг цахим блог байсан бол тийм ээ? 

Хүүхдийн гэнэн цагаахан мөрөөдлөөр сайхан бичих байсан байх шүү...

"Хаана яваа бол доо? циркчид минь" гэж дуулмаар аа...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿