"Агуу бүхэн өчүүхэн багаас эхэлдэг. Дадал бүхний үр нь ганц л шийдвэр байдаг. Тэрхүү шийдвэрээ давтан давтан хэрэгжүүлсний дүнд шинэ дадал соёолж, урган дэлгэрдэг."
Нээрээ л агуу бүхэн, гайхамшигт бүхэн бидний анзаараагүй өчүүхэн бага зүйлийн нэгдлээс үүсдэг тийм ээ? Сүүлийн үед зүв зүгээр сууж байгаад л баяжих гээд, жин хасах гээд, амжилтад хүрэх гээд л бодоод байгаа болохоос би...
"Зорилго гэдэг бол хүрэхийг хүссэн үр дүн. Арга зам бол тэдгээр үр дүнд хүрэх явц."
Үнэн, үнэн. Жин хасах гэдэг зорилготой ч түүндээ хүрэх арга замаа олохгүй л яваад байна энд нэг хүн. Аман дээрээ жин хасмаар байна гэж их сайхан ярина. Ачир дээрээ юу ч хийхгүй, халбагадалт зэргээс буцахгүй болохоор чинь яаж жин хасах вэ дээ?
Нэг амжилт нь амттангаа эрс багасгасан явдал л юм даа. Дуртай шоколадныхаа хажуугаар нүдээ аниад өнгөрдөг болсон. Тэгээд ч миний худалдаж авдаг какао өндөртэй шоколадны үнэ тэнгэрт хадаж байна өө. Худалдаж авах хүсэл өөрийн эрхгүй төрөхгүй байна лээ. Хи хи.
"Ялалт байгуулах цорын ганц зам бол өдөр бүр сайжрах явдал."
Өдөр бүр жингээ үзээд, өдөр бүр хэдхэн граммаар хасах явдал юм даа, миний хувьд. Мөн өдөр бүр ядаж нэг хуудас, цаашаа давраад таван хуудас унших дадлыг хэрэгжүүлээд нэлээд удаж байна. Энэ чинь одоо өдөр бүр сайжирч байгаа гэсэн үг биз дээ, таминь ээ.
Өдөр бүр ямарваа нэгэн зүйл амжуулсан гэдэг мэдрэмж авахаар урам зориг ордог юм билээ.
"Дадал зуршлаа өөрчлөхөд бэрх байгаа нь хоёр шалтгаантай. 1. Бид буруу зүйлээ өөрчлөх гэж оролддог. 2. Бид дадал зуршлаа буруу аргаар өөрчлөх гэж оролддог."
"Тухайн хүний чанарт нийцээгүй дадал удаан хадгалагдахгүй."
Энэ үнэн байх өө, тэгээд л би монголын хууль гурав хоног болчихдог байх. Би өөрийнхөө үндсэн чанарт нийцээгүй зүйлийг дадал болгох гээд байдаг байх нь. Нэг тунгааж бодож үзнэ ээ.
"Би тийм юмыг хүсдэг ийм хүн гэж хэлэх нь нэг хэрэг. Би тийм юмыг хийдэг ийм л хүн гэж хэлэх тэс өөр хэрэг."
Онч үг байна өө. Би ном уншихыг хүсдэг хүн, би ном уншдаг хүн, би ном уудаг хүн. Энэ гурвын аль нь илүү үнэмшилтэй сонсогдож байна даа? Хэ хэ.
"Та өөрт байгаа чанаруудынхаа аль нэгнээр нь бусдаас илүү бахархах тусам түүнтэй холбоотой дадал хэвшилдээ улам шийдмэг ханддаг."
Үнэний ортой. Жишээ нь эргэн тойронд минь ном уншдаг хүн цөөн учир би энэ давуу талаараа бахархаж, зоримог гэгч нь номоо захиж авчруулдаг.
Мөн аяга угаагчаа ч бахархалтайгаар нэхэж, хүмүүст бахархалтайгаар бэлэглэдэг. Учир нь би эрүүл мэндэд нь хэрэгтэй зүйл бэлэглээд байгаа юм. Мөн өдөр тутамд нь хэрэгтэй зүйл бэлэглээд байна гэж өөрөөрөө бахархдаг.
Түүнийг минь ойлгодоггүй хүн бий л дээ. Ха ха.
"Өөрийнхөө төсөөлдөг хамгийн төгөлдөр хүн болъё гэвэл итгэл үнэмшлээ ямагт шинэчилж, өөрийгөө өргөжүүлэн тэлэх хэрэгтэй".
"...таны дадал хэвшлүүд таны хувь хүний чанарт нөлөөлдөг цорын ганц зүйл биш ч үргэлж давтагдсаныхаа хүчээр хамгийн чухал нь болж хувирдаг."
"Дадал бүхэн үр дүн авчраад зогсохгүй "өөртөө итгэ" гэсэн нэгэн чухал хичээлийг танд заадаг."
Өөртөө итгэх итгэл чухал шүү, би одоо ч япон хэлээр мундгуудтай хамтарч ажил хийх гэхээр нэг л итгэлгүй болчихдог. Сүрдээд, өөрийгөө голоод, миний тархи, чадвар хүрэлцэхгүй тал ажиглагдаад...
Өнөөдөртөө ингээд дуусгая. Үргэлжлүүлж ганц хоёр "дугаар" бичихийг хичээнэ ээ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿