Зээ хө, яасан айхтар агуулгатай захидал вэ? Тийм ээ?
Хэрэв зулзагууд минь надад ийм агуулгатай захиа өгвөл ч "би хаашаа харж үхэх вэ?" л болох юм байна. Ядаж байхад энэ 10 сард бид "Токсик ээж аав"-ын тухай ном уншихыг ч хэлэх үү?
Төлөвлөгөөт номоо уншиж эхлэхээс өмнө нэг жижиг бөгөөд адтай ном уншчих санаатай уг бяцхан номыг эхлүүлсэн юмсан. Тэгсэн чинь ёстой "чөтгөрлөг агуулга"-тай ном юм аа.
Хараахан уншиж дуусгаагүй ч, бичмээр санагдаад өө.
Хэдийгээр аавдаа бичсэн ч миний гаргадаг зарим нэг үг үйлдэл, хань ижлийн зарим нэг үйлдэл тэр чигтээ бичээстэй байвал яах вэ?
Бидний хүүхэд хүмүүжүүлэх арга барил үнэн "тэнэг" юм байна аа. Болхи байна аа.
Ингээд бодоход би өөрөө "хүүхэд" байхдаа хүүхэд гаргаад, ээж болчихожээ.
Хүүхэд хэрхэн өсгөх, хүмүүжүүлэх талаар нэг ч зүйл уншаагүй, судлаагүй. Эртнээс уламжлагдаад ирсэн "балар эртний" гэж хэлж болохоор зарим нэг арга барилуудыг о.зулзагатаа хэрэгжүүлсэн байдаг юм аа. Жавхлан юм даа.
Миний өссөн орчин, гэрийн хүмүүжил харьцангүй зөөлөн л дөө. Ээж бол үглэдэг байсаан. Аав харин нэг их үглээд байхгүй, гэхдээ уурлахаараа ширүүн байсан байх. Сайн санадаггүй ээ. Хэ хэ.
Тэгээд ч би айлын том, аавын эрх охин, гэртээ бол нэлээд даам гар байсан л даа. Байсан ч гэж дээ, одоо ч эрх танхи, даам л даа. Хэ хэ.
Аав гэхээр муу, муухай гэхээсээ илүү сайхан дурсамжууд л бий. Хөтлөлцөөд алхдаг байсан, ном авч өгдөг байсан, ажил дээрээ дагуулж очдог байсан, хааяа хоёулхнаа булагнадаг байсан гээд л.
Мэдээж ээжийн тухай дурсамж ч мөн адил сайхан дурсамжууд их шүү. Хэт уянгалах дургүй болохоор, магтаж бичээгүй л болохоос, хоёр буурал минь намбатай сайхан өтөлж яваа хоёр. Хайртай шүү...
...Хань ижлийн өссөн орчин миний өссөн орчноос эсрэг байсан байж магад гэж бодогддог. Нэлээд ширүүн талдаа, үе үе уур, бухимдлаар аливаа асуудлыг "зохицуулах" гэдэг тал ажиглагддаг нь Кафкагийн аавтай бага зэрэг төстэй юм байна.
Ээж аавын ачыг хариулах ёстой, ээж аав, ах дүүгээ бодох ёстой, хувиа хичээсэн гэж ирээд үглэдэг байсныг нь хэлж ойлгуулж засчих санаатай. Зулзагууд минь бидэнд өргүй ээ, бид хоёр л төрүүлнэ гэж төрүүлсэн шүү гэж хэлж ойлгуулах санаатай...
Сүүлийн үед харин харьцангуй үгэнд орж л байна. Ха ха. Эргэн тойронд минь ширүүн аав ч байна, зөөлөн аав ч байна. Найзууд дунд шүү дээ. Тэд нарын жишээ, яриаг сонсоод л үлгэр авчих санаатай л...
Уламжлалт арга болох "алганы амт үзүүлэх", "тоосыг нь гөвөх" гэх хүмүүжлийн аргыг хэрэглэчих гээд байх үе гарна гарна. Би ч өөрөө өндөг шиг өөгүй ээж биш л дээ. Мэдээж үе үе нэлээд ширүүхэн үглэнэ, загнана, дуугаа өндөрсгөнө.
Мөн сүүлийн үед хүүхдийн хүмүүжлийн талаар, хүүхэдтэйгээ хэрхэн харьцах талаар уншаад, ихийг ойлгодог болсон. Миний арга барил, хүсдэг зүйлс, шаарддаг зүйлс, тулгадаг зүйлс гээд эргэж нэг харах юмс олон байсан.
Алдаагаа бага багаар засаад л, үе үе мартаж үглэчихээд л явж байна даа.
"Эцгийн үгэн хүчирхийлэл, уян зөөлөн сэтгэлийн цаана нуугдаж, энэ бүхнийг өөгшүүлэн даамжруулсан эхийн хам хүчирхийллийн хооронд хүүхэд хэрхэн тээнэгэлзэж, гэр бүлийн хортой харилцаанд гацаж, өөрийн хувь хүн гэх тодорхойлолт, эрх чөлөөг олж авахын төлөө ямар зовлон бэрхшээл туулдаг болоод сэтгэлийн гэмтэлтэй үлддэгийг Франц Кафкагийн уг захидлаас бэлхнээ унших боломжтой."
Хүүе л дээ, би хам хүчирхийлэгч болмооргүй байна аа. Хань ижил гуай. Ха ха.
Манай хүн зөөлөн, хүнд тусархаг. Гэхдээ өөрийн хүүхэд, ах дүү нартаа хатуу. Өөрсдийнх нь тусын тулд гэдэг. Энэхүү хатуу занг нь зөөллөх гэсэн би хам хүчирхийлэгч болох юм шиг байна. Жавхлан юм аа.
"Надад жаахан урам зориг, нөхөрсөг харилцаа, өөрийн замаар замнах өчүүхэн ч гэсэн боломж л хэрэгтэй байсан."
Одоо ч тэгээд ээж аавын үгээр явдаг хүүхэд цөөрсөн шиг ээ. О.зулзагаа ч өөрөө шийдээд л яваарай гэж хэлж байгаа. Гэртээ буй хоёрыгоо бага зэрэг чиглүүлсхийгээд, яваандаа тэгээд өөрсдөө өөрсдийнхөө зам мөрийг шийдээд явах байх өө. Тэгээсэй ч гэж хүсч байна өө.
"...Хүүхэд байхдаа би ингэж бодоогүй, ингэж мэдэрсэн."
Энэ өгүүлбэр асар гүн утгатай байгаа биз? Мэдрэмж бол насан турш үлддэг шиг санагддаг тул, зулзагууддаа таагүй, онцгүй, дарамттай мэдрэмж үлдээхгүй байх юмсан дөө гэж бодогдов, өөрийн эрхгүй.
Аль хэзээний таагүй, онцгүй, муухай, зэвүүн мэдрэмжүүдийг үлдээчихсэн л яваа байх өө. Гол нь цаашид, хойшид хичээх минь л үлдлээ...
Үргэлжилнэ...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿