2024年12月27日金曜日

Цэцэрлэг болон номын сан

Зул сарын мэнд ээ, жаахан оройтсон ч.

Миний өдөр тутамдаа мөрөө гаргадаг газрууд тоотой хэдхэн.

Цэцэрлэг, гэр, ажил, хааяа дэлгүүр, гэр, цэцэрлэг, үе үе номын сан. Номын сан гэж бичихээр миний өрсөлдөгчид улам хор шар нь хөдөлдөг байх аа. Ха ха. Өөртөө ном барагтаа зээлдэггүй, тувт зулзагууддаа зээлдэг. 

Эгч нь одоо унших номыг агуулга хүндрээд, өөрийн гэсэн сонирхолтой болоод, номынхоо нэрийг ээжид хэлж, ээж түүнийг нь номын сангаас зээлж авчирна.

Ажлын газартай ойрхон, хотын харъяа номын сан. Ороход өөдөөс ийм том өвлийн өвөө угтана. Тухайн сар, улиралынхаа онцлогийг харуулсан ном сэтгүүлийг аль болох уншигчдын нүдэнд ил, зээлэхэд амар болгож өрнө, жагсаалт гаргана гэх мэт.

Өвөөгийн эсрэг талд байсан сүлд мод. Гар хийцийнх. Ажилсаг, махруу, уйгагүй хүмүүс шүү.

Цэцэрлэгийн хананы нэг жижигхэн буланд. Хэн нэг хариуцсан багшийн бүтээл. Ангиуд ангидаа, үүдэндээ бяцхан жаалуудын хийсэн бүтээлийг өлгөөд, наагаад эцэг эхчүүдэд үзүүлдэг. Жаалууд ч тэр минийх, би түүнийг хийсэн гэж зааж хөөрдөг.

Энэ цонхыг банйгын уншигч нар андахгүй болж байгаа байх өө, тийм ээ? Сүнсний баяр, охидын баяр гээд баяруудын зургийг нь авч блогтоо оруулдаг байсан даа. Тэр чихмэлүүдийг эрхлэгч багш нь нэхдэг гэсэн. Биширмээр. 

Элдэв баярынх нь чимэглэлийг харахаар нэг их сүр бадруулалгүй, төсөр чимэглэдэг, тэмдэглэдэг нь таалагддаг. 

Яг юунд мөнгө санхүүгээ, энергиэ зарах ёстойгоо сайн мэддэг шиг санагддаг.

Сүлд модыг хүртэл нэхчихсэн байх юм өө. Зулзагуудаа томроод үүрнээсээ нисэхээр ийм нэг жижиг сүлд мод өөрөө нэхэж тавина аа. Тэгээд л хажууд нь номоо уншаад сууна. Халуун кофе уусан шигээ. 

Олон жилийг энэ улсад ажиллаж амьдарч усыг нь ууж байгаагийнх, аль болох өөдрөгөөр харж, эх оронд минь, эргэн тойронд минь, ижий аав минь, хамаатан садангууд минь авч хэрэгжүүлээсэй гэсэн зүйлсийг аль болох түүж бичиж ирлээ. 

Зарим нэг байнгын уншигч минь "уншаад урам зориг авдаг" гэж бичсэнийг уншаад би өөрөө та нараасаа урам зориг авсан шүү. Баярлалаа, гялайлаа.

Ирэх жил ч тасралтгүй бичээд явахыг хичээнэ ээ, та бүхэн ч уншихыг хичээгээрэй. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿