2024年12月28日土曜日

Наймдугаар сард уулзъя

Энэ жилийнхээ номнуудыг уншаад дууссан, завтай хүн чинь яасан байх нь уу? Нимгэн жижиг ном олж ирээд эхлүүлэв. Он дуустал гялс уншаад дуусгана даа. Чадвал дахин нэг жижиг ном уншина гэж бодож буй шүү бүр. Хо хо. 

Ном дэлгээд суух, цүнхэлж явах нь бүр "энгийн дадал" болчихож ээ, миний хувьд. 

Ном цүнхлээгүй бол, ном дэлгэхгүй л бол цаанаасаа л нэг юм дутуу санагдах болж шүү. Арай л хэнхэг, хэтрүүлсэн санагдаж байна уу, та нарт. Хэ хэ. 

Хэрэв тэгж санагдаж байвал эргэн тойрныхоо уншдаг хүмүүсээс асуугаад үзээрэй. Гоё шинэлэг санаа оноо хэлвэл бичихийг бодоорой, сэтгэгдэл хэсэгт.

Габриель Гарсиа Маркесын "Наймдугаар сард уулзъя" гэдэг ном. Нобелийн шагналт зохиолч гэж байна шүү. Анх удаагаа унших гэж байна гэж бичих гэсэн чинь "Зуун жилийн ганцаардал"-г нь уншсан юм байна өө. Ха ха. 

Зуун жилийн ганцаардал чинь нэг их олон ижил нэртэй хүмүүс гараад би зохиолчийнхоо нэрийг нь тогтоогоогүй юм байна. Ямар ямар зохиол бичив, монгол хэлэнд аль зохиолууд нь орчуулагдаж гэж мэдэх санаатай гүүгл гуайгаас асуусан чинь юу вэ? 

"Зуун жилийн ганцаардал" гэж гарч ирэв. Хи хи. Ингэхэд тэрхүү номыг дахин нэг уншвал олон ижил нэртүүдийн дунд төөрөлгүй "ойлгож" унших байх гэж бодов. 

Насаар бол чацуу бололтой юм Ана. Гаднаас нь харахад дутагдах гачигдах зүйлгүй, нөхөртэйгөө халуун дотно, хоёр хүүхэд нь ч томроод "хүүхэд томрох лүд юм аа" гэдгээр тус тусдаа асуудалтай ч юм. 

Жил бүр 8 сард ээжийнхээ шарилыг эргэхээр очдог арал. Түүнийг ямар нэгэн увидасаар татан хачин жигтэй санагдана. Нэгэн зуны 8 сард санаандгүй учрал тохионо. 

Том хүний, нэгэн удаагийн л тохиол. Тэр нь түүний хэвийн нэгэн амьдралыг аажмаар эвдэж эхлэнэ. Хойтон жилийнх нь зуныг тэсэн ядан хүлээнэ. Арал дээрх ганц л хонодог тэр шөнөө том хүний уяралыг хүсэмжлэн хайгуул хийнэ. 

Хэд хэдэн зуны бүгчим халуун шөнийг тийнхүү халуухан, ширхүүхэн загас наадуулалтаар өнгөрөөнө. 

Тэр арал руу тэмүүлж, нэгэн шөнийн өөрийнхөөрөө нээлттэй загас наадуулах гэж тэмүүлдгийнхээ учир шалтгааныг ч олно. Энэ бүхэн ээжээс нь үүтгэлтэй, ээж нь ч мөн тэрхүү аралд очихыг хүсдэг, тэр бүү хэл шарилыг нь ч тэрхүү бөглүү аралд оршуулахыг хүссэн учир битүүлэг хүслийг ч гадарлах шиг болно. 

"Ээжийнх нь аялал өөрийнхтэй нь адилхан шалтгаантай байж магадгүй гэсэн бодол л түүнийг ийн цочирдуулсан хэрэг." 

Хараацайн зогсолт 2 дээр "Эмэгтэй хүн бол газар, тэр газар нь үржил шимтэй ч байж болно, огтоос үржил шимгүй ч байж болно, зугаатай ч болно, харанхуй ч байж болно" гэсэн агуулга бүхий өгүүлбэрүүд гардаг юм. 

Үүнтэй агаар нэгэн адил, ээж хүн үр хүүхдэдээ хэрхэн нөлөөлдгийг уран зохиолоос ч олж мэдэж чадна гэдэг нь энэ шүү дээ. Уран зохиолын номыг шүүмжлэх хүн мэр сэр байдаг л юм. 

Эсрэгээрээ хүний хөгжлийн номноос их дөлдөг байлаа. Номын клубнынхаа ачаар уншдаг болсон. Уншсан зүйлээ хэрэгжүүлэхгүй байж чухам "алаад өгөх минь" гэдэг ном уншсаны хэрэг байна уу? Яах гэж ном уншдаг юм? гэж "адлуулах" тохиолдол мэр сэр бий...

Түүний оронд уран зохиолын, хайр дурлал, том хүний ном уншаад, гол дүрүүдэд нь өөрөө ороод л унших бас л сйахан шүү. Хэ хэ.

Хүний сэтгэл зүрх гэдэг бас л учир нь олддоггүй олон ааштай эрхтэн юм өө. Солонгон аашт гэдэг чинь чухам л хүний тэр дундаа эмэгтэй хүний ойлгомжгүй аашнуудыг хэлдэг байх нь ээ. 

Би ч мөн адил "солонгос ааш" гаргана гаргана. Ана шиг нэгэн арал дээр очоод, баригдмал бус секс хүсээд унах вий? Айчихлаа... Хань ижил гуай минь болгоомжтой л байгаарай даа. Хи хи. Япон чинь өөрөө арлын улс гэхгүй юу? За наргиа шүү. 

Гэснээс Анагийн нөхөр гэж бас л төмс юм аа. Арал яваад ирэхээрээ л авааль эхнэрийнх нь ааш зан өөрчлөгдөөд байхад анзаарахгүй, өөрийнхөө араар тавилтынхаа тухай эхнэрийнхээ байцаалтанд нэг их үнэнчээр хариулж энэ тэр. Ха ха.  

"...Эрчүүдийн ертөнц дэх эмэгтэй хүн байхын зовлонгийн төлөө, өөрийнхөө эсрэг хорсол гутралдаа багтран уйлсаар..."

Эмэгтэйчүүд бидний дотоод мэдрэмж ай даа мөн чиг хүчтэй, зоригтой, солонгон ааштай, энхрий, уярам, хорсом, зэвүүцэм, нэг бол үзэсгэлэн төгөлдөр байдаг шиг.

За за худлаа үнэн, наргиа энэ тэр хийж бурахаасаа өмнө өндөрлөе дөө. 

Хайрын тухай нууцлаг ертөнцөөр аялахыг хүсвэл уншина биз дээ? 12 сарын 31-нд уншвал романтикч муу? Хэ хэ. 

Гэснээс гол баатар минь ном уншдаг нь таалагдав. Номоо дэлгээд л хэвтэх нь, суух нь надтай адил байлаа. Мөн гоё гоё, галзуу, уянгалаг, намбалаг бүжгийн нэрс гарна, бүжиглэмээр санагдсан. Хэн нэгэнд хөтлүүлэн вальс ч эргэмээр...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿