2025年1月28日火曜日

Шивэгчний үлгэр 3

Дахин уншаад, үйл явдлуудыг нь сэргээгээд, гишүүдийнхээ сэтгэгдлийг сонсоод. Агуулга нь улам л зэвүүн санагдаад явчихлаа шүү. 

Ядаж байхад цаг хугацааны хувьд уран олборлолт, ураны төсөл гэх мэт үйл явдлууд давхцаад. 

Ураны хор уршгийн гайгаар энэхүү номонд гардаг шиг "ирээдүй" бидний үр хойчийг хүлээж байх вий гэж санаа зовов. 

Одоо цагийн бидний "эрх чөлөө"-нүүд ирээдүйд ор сураггүй алга болно, бүгд дурсамж болж үлдэнэ. Яг л би болон 1980 оноос өмнөх жилүүдэд өссөн хүмүүс соц нийгмээ дурсдаг шиг, шагшин магтдаг шиг...

Мөн жинхэнэ юмс ховордож, ихэнх нь хуурамч, орлуулагч болно. 

Ингээд бод доо, төсөөл дөө. Зүрх шимширмээр үү? Ураны олборлолт, химийн хаягдал булах гэдэг асуудлуудыг "өө бид хөгжих хэрэгтэй, соёлжих хэрэгтэй" гээд зөвшөөрч боломгүй л мэт. 

Бодоод байх нь ээ, хэт их хөгжил нь өөрөө асар их хор уршигтай байдаг юм байна өө. Герман зэрэг орнууд цөмийн цахилгаан станцаасаа татгалзаад байна шүү дээ.  

Номыг агуулгыг нь амархнаар тайлбарлавал нэлээд эрх мэдэлтэй улс төрчид, дарга нар болон түүний эхнэрүүд хүүхэдтэй болохыг хүснэ. Гэвч ямар нэгэн шалтгаанаар тэд хүүхэдтэй болохгүй. Чухамдаа эр нөхөрт нь ч, эхнэрт нь ч  "үргүйдэл" гэх асуудал байх магадлалтай. 

Тийм болохоор тэд жирэмслэх, хүүхэд төрүүлэх боломжтой залуухан бүсгүйчүүдийг гэртээ авчран "хүүхэд хийнэ". Эхнэрүүд нь дотроо асар дургүй ч ямар ч арга байхгүй. Хүлээн зөвшөөрсөн байдалтай, бүр нийгмийнх нь нэг  тогтолцоо болоод тогтчихсон. Тэд хүүхэдтэй болохгүй бол болохгүй...

Мэдээж эр нөхрийнхөө хүүхэд хийх ажилд уурласан, бухимдсан эхнэрүүд сонин сонин ааш авир гаргана. 

Одоогийн нийгэмд ч мэр сэр бий тийм ээ, энэ мэт гэр бүлээс гадуурх харилцаа. Эрчүүд чинь баяжихаараа эхнэрээ сольдог гэж ярих юм билээ. Нийгэм нь ч бүр хүлээн зөвшөөрчихсөн. 

Хүүхнүүд нь ч бага хатнаар өргөмжлөгдөөд, тансаглах дуртай талдаа. Тэрний, энэний "бага хатан", хэнз хүүхдийг нь төрүүлж өгөөд, тансагладаг гээд л. 

Номонд өгүүлэгддэг нэг зэвүүн юм нь хөөрхий эхнэрүүд "ёслол" үйлдэхэд нь дэргэд нь "оролцдог" юм билээ. Номын 16 дугаар хэсэгт гардаг юм, одоогоор уншсан нь тэр хэсэг л дээ. Командлагч буюу нөхөр нь шивэгчнийг харахгүй, үнсэхгүй, илж таалахгүй, зөвхөн "юу л яана". 

Энэ үед шивэгчний толгой эхнэрийн хоёр хөлийн хэсэгт, эхнэр шивэгчний гарыг атгаад, өмнөөс нь амьсгаадаж, нөхөр нь өөрт нь хүүхэд хийж буй мэтээр дүрсэлж, нөхөртэйгөө өөрөө загас наадуулж байна гэж төсөөлөн, тачаадан байдаг юм билээ. 

Энэ тухай "The Handmaid's Tale" гэдэг цуврал кино байдаг гэсэн. Би үзээгүй л дээ. Нэг завтай цаг үе таарвал үзэхийг хичээнэ ээ. 

  • Чиний мэдэхгүй зүйл чамайг өвтгөхгүй.
  • Хэн ч секс дутагдсанаас болж үхдэггүй. Харин хайр дутагдсанаас болж л үхдэг.

Ийм хоёр мөртэй таарлаа. Үнэн үү? Хариултыг уншигч танд үлдээнэ ээ. 

Бодоод байх нь ээ, бидний хэдэн эмэгтэйчүүд энэ хорвоод асар өндөр үүрэг хариуцлагатай хүмүүс тийм ээ? Эмэгтэй хүн үгүй бол, цаашлаад тэд хүүхэд төрүүлэхгүй бол тэгээд нийгэм хаашаа явах нь, хорвоо ертөнц "яах нь" ойлгомжтой тийм үү?

Тэгэхээр та нар зүгээр л биднийг хайрла, шүт, үгэнд нь орцгоо, өөр юу гэж даам гарцгаах вэ? Бултаараа. Хи хи. 

Охидоо ч хайрлацгаая, үнэ цэнийг нь ойлгуулцгаая...

Үргэжлэл бичиж магад. Одоохондоо дуусгаагүй тул ингэсгээд өндөрлөе энэ удаад. Өмнө нь уншсан ч мартсан, гэхдээ үе үе уншсан номоо эргэж унших бас зүгээр юм билээ шүү. Арай өөр өнцгөөс харна, бичнэ, дүгнэнэ.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿