2025年1月8日水曜日

Монгол хоол

О.зулзага харьж ирснээр бид хэд монгол хоолоор голцуу "занималдав". 

Галт тэрэг нь бугатай мөргөлдөж бариад 1 цаг гаран хоцорсон. Энэ гэхдээ дамжиж суусан галт тэрэг нь. 

Бүр цаанаас сурч буй хотоосоо суух гэсэн чинь шинкансэн буюу суман галт тэрэг нь 20 минут хоцорсон. Нэг сайхан нь наашаа ирэхийн тулд дамжиж суух буухиа галт тэрэг нь хүлээж байсан гэсэн. 

Аргагүй л манай япон гэж бодсон. Хэ хэ. Ганц манай зулзага биш л дээ. Өөр хүмүүс ч байсан мэдээж.

Маргааш нь бид хуушуур хийж идэв. Тэндээ хааяадаа бууз хуушуур хийж иддэг гэсэн л дээ. Гэрийн амт чухал тийм ээ? 

Гэснээс гэрт минь байсан гоньдыг ихэнхийг минь аваад явчихсан. Ойрд монголоос ирэх хүнд гоньд захина даа. Мэдэж байгаарай, манайхаан.

Шарсан хавирга. Саримс хамт шарсан. Өнгөрдөг жил монгол явахдаа дүү бүсгүйгийн хийж дайлсан хоолноос шарсан саримс л хачин гоё амттай байж билээ. Түүнийгээ бодон бодон шарж, идэв. Мэдээж хачин сайхан амттай байлаа. 

Хмас баяраар бас шарс идсэн. Гадуур хооллохгүйгээр, бэлэн тахианы мах авч идэлгүйгээр өөрсдөө хийж идэж байхаар шийдээд өө.

Төмсөнд дуртай, байнга идэхгүй ээ. Хааяадаа бол жаргаж хүртэж байна.

Битүү шөл. Охид дуртай. Бага зулзага харин гурилыг нь идчихээд махыг нь илэхгүй байсан. Хань ижил махыг нь ихдүүлчихээд байдаг юм угаасаа.

Гурил бага ордог тул үлдсэн гурилаа жигнэж тавиад маргааш нь цуйван сэгсэрсэн. О. зулзага нэг удаа цуйван сэгсэрсэн чинь нялцгай болчихсон гэсэн. 

За тэгээд амралт дууссан бид чинь будаа ногоогоо л эргэлдүүлнэ дээ. Хэ хэ. Цагаан ногоон сар болтол монгол хоол хийхгүй байх. Биш ээ, хийх юм байна, нэг уулзалтан дээр бууз хийж очно гээд ам өчиг өгчихсөн гэсэн хань ижил. 

Намайг дагуулж явах юм гэсэн. Тэгэхээр чинь би одоо улсынхаа нэр нүүрийг бодоод гараа гаргаж л буузаа хийх байх.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿