Өмнөх бичвэрт нэг хөөрхөн 7 аргыг танилцуулсандаа. Энэ удаад ганц нэг мэргэн үгсийг нь түүж бичих санаатай.
Бичиж дуусгаад номоо эвхэн, номын сандаа хураана. Дараагийн жижиг ном минь яг хажуунд нүдэнд тусна. Ээлжээ хүлээж буй нь тэр. Ээлжээ хүлээж буй ном ч их бий.
Би энд ирснээс хойш эхний хэдэн жил бол хөөрхөн л мөнгө хадгалдаг байлаа. Хариад байр авах, өөрийн гэсэн орон гэртэй болох мөрөөдөл зорилготой, хичээдэг байж. Монголоос их мөнгө асууна. Зээлээч л гэнэ, энд тэнд хүн өвдлөө, шагнууллаа...
Найр цэнгээнд бол нэг их өгч байгаагүй ч гуниг зовлон, уй гашуунд нэлээд өгдөг. Үүндээ бол харамсаад байдаггүй. Үхэл хагацал, өвчин бэрхшээл хэнд ч тохиолдоно. Амьдрал баялаг.
Одоо ч тэгээд ам бүл нэмээд, хүүхэд томроод сургууль соёл гээд хадгалах боломж бага болчихсон байсан юм.Үүнийг уншаад нээрээ л бага ч гэлтгүй хадгалах минь гэж шийдэв.
Мөн өөрөөсөө нарийлан хадгалсан хэдэн төгрөг минь хэн нэгний сонин бөгөөд миний үл ойлгох зүйлд зарцуулагдаад, миний мөнгийг аваад үрчихээр уур хүрээд, өөрөөсөө нэг их нарийлахгүй юм шүү гэж боддог болчихсон юм.
Тэгээд хааяа ч үрэлгэн загначих гээд байдаг байсныгаа эргэн нэг хараад, хянаад яавахаар шийдлээ. Бага гэлтгүй хуримтлал үүсгэх...
Өөртөө амжилт хүсье. Би чадна. Би болгоно оо. Эмээ болохдоо адаглаад л уншмаар байгаа номоо өөрөө авчихдаг, хааяа нэг эмнэлэгт үзүүлэхдээ зулзагуудынхаа гарыг хардаггүй л байх хэрэгтэй, тийм ээ?
Гэснээс Вавилоны хамгийн баян хүн хэн болж таарсан бэ? гэвэл Аркад.
"Улс орны хөгжил цэцэглэл ард иргэдийнх нь аж амьдарлаар хэмжигддэг."
"Хүний баялаг түрийвчиндээ байдаггүй юм шүү дээ. Баян нэг шуурганд."
"Хөлс дусалсан газарт хөрөнгө ургадаг юм."
"Хийсэн бүтээснийг чинь хэн ч тоож үнэлэхгүй үе бий. Гэсэн ч тэвчээртэ байж, уйгагүй хөдөлмөрлөж чадсан хүн хөдөлмөрийнхөө үр шимийг заавал хүртэнэ. Учир нь ашиг олох боломж үргэлж түүний талд байдаг болохоор тэр."
"Азийн тэнгэр ихэнхдээ боломжийн дүрээр ирдэг. Өөр бусдаар тааралдах нь бараг л үгүй."
"Үнэн гэвэл: Аз гэдэг боломжийг хүлээн авч, ашиглахын нэр юм."
"Хүссэн амжилтдаа хүрэхийн тулд ямар нэгэн алхам хийж байж л урагшилна."
"Хийх хүнд арга нь олддог."
"Хэрэв чи найздаа туслахыг хүсвэл өөрт түвэг учруулахгүй байдлаар л туслаарай."
"Тус болохыг хүссэн ч бусдыначааг өөртөө битгий ав."
"Алтны таван хууль"-ийг эндээ бичээд, номоо хаая.
1. Ирээдүйдээ зориулан, гэр бүл, үр хойчсынхоо тусын тулд орлогынхоо аравны гэнээг багагүйг хадгалдаг хүмүүнд алт өөрөө урсаад ороод ирдэг.
2. Алтыг өөртөө ажиллуулж чаддаг ухаалаг эзэнд алт үнэнчээр зүтгэж, тэр ч бүү хэл бэлчээр дэх хонин сүрэг адил өсөж үрждэг.
3. Ухаантай хүний зөвлөгөөгөөр хөрөнгө оруулж чаддаг болгоомжтой эзэндээ алт үргэлж үлддэг.
4. Мэдэхгүй, чадахгүй зүйлдээ хөрөнгө оруулдаг, хүний үг сонсдоггүй хүнээс алт урсаад алга болдог.
5. Туршлагагүй байдал, дэврүүн хүслийг чинь ашиглах гэсэн залилагч, луйварчдад итгэн, их мөнгө олох гэж санаархагчаас алт үргэн зугтдаг.
Гэнэ шүү. За олон л зүйл бичсэн байсан. Ямартай ч санаж явбал зохилтойг эндээ бичиж үлдээв.
Тур баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿