Энэ номыг хэдийд, хэнд захилаа даа? Мартчихаж ээ. Ямартай ч энд тэнд номын тухай тэмдэглэл, подкаст сонсож байхад их яригддаг номны нэг тул захиж авчруулсан.
Хөөрхөн жижигхэн, дээрээс нь сонирхолтой ч юм билээ. Санхүүгийн боловсрол, мэдлэг олгох хамгийн анхан шатны ном шиг санагдсан. Их энгийн. Тогтооход хэцүү мэргэжлийн нэр томъёогүй, хөөрхөн түүхүүдээр, алтаар жишээ аваад биччихсэн байсан нь ихэд таалагдав.
Жорж С.Клесон зохиолчийн "Вавилоны хамгийн баян хүн" гэдэг ном. Яаж хурдан баяжих, яаж хялбар аргаар баяжих вэ гэдэг сургааль биш, их амьдралтай сургаалиуд байсан.
Нимгэн түрийвчийг эмчлэх долоон арга
Нэг. Хэтэвчээ зузаалагтун
Олсон орлого бүрээсээ 10 хувийг цааш нь хадгалдаг дадлыг өөртөө суулгах. Ямар ч хэмжээний орлого олсон бай түүнийхээ хамгийн багадаа л 10 хувийг нь цааш далд хийж хадгалах.
Орлого бүрээсээ заавал хуримтуул.
Хоёр. Зардлаа хяна
Бидний шаардлагатай зардал гээд байгаа зүйл зааг хязгаар тавихгүй л бол орлого өсөхийн хэрээр дагаад өсөж байдаг юм.
Амдралынхаа зуршил бүрийг сайтар ажигла.
Хэрэгцээт зардлаа тооцоолон бод. Түрийвчийг чинь зузаатгах учиртай орлогынхоо аравгы нэгт хэзээ ч бүү хүр.
Иөсөв тооцоогоо сайн бод, тэрхүү аугаа хүслээ гүйцэлдүүлэхэд чинь туслаөх болтугай.
Төсөв гарган зардлаа тооцож, хэрэгцээт зүйлдээ зоосоо зарцуул. Зугаа цэнгэлд мөнгө төлж, хүслүүдээ ч биелүүлж болох ч орлогынхоо аравны 9-с бүү хэтрүүл.
Гурав. Мөнгөө үржүүл
Дараа нь эд баялгийг хөдөлгөөнд оруулж, улам бүр өсгөх ухаанд суралцах хэрэгтэй.Түрийвчинд чинь буй зоос хадгалахад урамтай...
Хадгалсан алтнаасаа олох орлого бидэнд эд баялаг бүтээж өгөх учиртай.
Эд баялаг гэдэг түрийвчинд буй зоос биш, харин бүтээн буй болгосон орлого, түрийвч рүү чинь тасралтгүй урсаж, зузаатгах алтан урсгал юм шүү.
Эд баялгийн урсгал үргэлж түрийвч рүү чинь хандаж байх ёстой.
Дөрөв. Эрдэнэсээ алдахаас сэргийл
Мөнгийг бага гэлтгүй найдвартай арвилж сурна уу.
Өөрийн эд баялгаараа ямар нэгэн зүйл хийхийн өмнө анхааралтай судал. Мөнгө тань аюулгүй эргэн ирэх баталгаа нэг бүрийг шалга. Бушуухан шиг л баян болчих юмсан гэх дэврүүн мөрөөдөлдөө бүү хөтлөгд.
Мөнгө заран ашиг олж чаддаг, туршлагатай хүмүүсийн үгийг сонс. Ухаант мэргэдтэй зөвлөлд.
Үндсэн хөрөнгө чинь аюулгүй байхыг тооцон хөрөнгө оруулж эд баялгаа хамгаалаарай.
Тав. Орон гэртээ хөрөнгө оруул
Өөрийн гэсэн орон гэртэй бол. Өөрийн гэр оронтой хүнд ивээл хишиг арвин олддог. Аж төрөх зардал ч буурч, олсон орлогоо сайхан зүйлсэд кориулах боломж нэмэгдэнэ, олон олон хүсэл биелэх үүд нээгдэнэ.
Зургаа. Ирээдүйн орлогоо бататга
Насны наран гудайх өдрүүд ирэхэд санаа зовохгүй орлоготой болчихсон байвал зохино. Өтөл буурай болохын цагтаа хүн гэгч гэр бүл нь түүнгүйгээр амьдрах нөхцлийг бүрдүүлчихсэн, санаа зовохгүй тайван одох бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Бид маргааш биш, харин өнөөдөр амьдарч байгаа учраас бүгдэд нь боломж бий.
Туулайн чинээ мөнгийг тогтмол хадгалжчадвал уулын чинээ болдог.
Өтөл насандаа хэрэглэх хөрөнгөө эртнээс бэлтгэж, өрх гэр, үр хүүхдээ хамгаалаарай.
Долоо. Мөнгө олох арга ухаанаа сайжруул
Аливаа зүйлийг гүйцэлдүүлэхийг хүсвэл эхлээд "хүсэх" хэрэгтэй. Хүсэл тань эрмэлзлэлээр дүүрэн, басхүү тодорхой байх ёстой.
Өчүүхэн жижиг ч бай хамаагүй тодорхой нэгэн хүслээ биелүүлэх гэж тэмцээд сурчихвал үүнээс арай том зорилгод хүрэх шат болно гэсэн үг.
Хүсэл энгийн болоод тодорхой байх ёстой. Хэт олширчихвол утгаа алдаж, хүний оюун санаа ч төөрч будилан, аль ч үгүй хоцроно.
Хэрэв хүн өөрийн хийдэг зүйлээ төгөлдөржүүлж чадваас олох орлого нь ч дагаад нэмэгдэнэ.
Мэдлэг нэмэгдэхийн хэрээр орлого ч өснө. Хийдэг ажлынхаа талаар илүүг сурч мэдэх эрмэлзлэлтэй хүн заавал шагнуулдаг.
Хүний үйл хэрэг үргэлж өөрчлөгдөж, өсөн дэвчиж байдаг жамтай.
Хүч чадлаа нэмэгдүүл, аливаад суралцан илүү ухаантай бол, ур чадвараа дээшлүүл, өөрийгөө хүндэлж сур.
Ямартай ч хамгийн их бичигддэг "нимгэн түрийвчээ эмлэх 7 арга"-ыг нь блогтоо хууллаа. Дараа блогоо эргүүлэн харахад бэлэн байж байг.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿