2025年7月19日土曜日

Чөтгөрийн бясалгал

Саяхан томилолтоор явахдаа галт тэргэнд уншсан ном. 6 сард ажлаар эх орондоо очихдоо авчирсан жижигхэн номнуудын нэг. Өнгөрдөг жил бас харьчихаад ирэхдээ "Хол биш" номыг нь авчирч байлаа. Сонгосон шалтгааны нэг нь жижигхэн. Цүнхлээд явахад амар. Яаж ийгээд л ачаа илүү гарчихдаг тул аль болох жижиг ном сонгоно. 

Харин ажлаар ч юм уу? Аялалаар ирж буй найз нөхөд, танилдаа зузаан том ном дайна.

Муухай "чөтгөрлөг" байгаа биз? Ийм муухай чөтгөрлөг зан гаргадаг нь байна аа даа? Тэд ачаа багатай ирдэг юм аа.

Эндээс худалдаа хийнэ гээд монголоос аль болох хоосон цүнхтэй ирдэг юм аа. Хэ хэ.  
За тэгээд номын агуулга аяа бас л зэвүүн гэж хэлэх ч багадахаар. Монгол хүмүүс минь уужуухан, гүндүүгүй, хүний мөс, хүнлэг зан чанараа хаана гээчихсэн юм бол? 

Хүн ийм муухай байж болох уу? Чаддаг л юм байх даа? 

Хүний наймааны золиос болсон охид, охиноо алдаад, олон хоног хайсны эцэст олоод, хариуцлагыг нь, шийтгэлийг нь хүртүүлэх гэж ганцаараа тэмцээд чадалгүй, хэн нэгний гарт амиа алдчихдаг аав. 

Сайн найз гэж итгэж явсан "найз"-даа хамаг үнэнээ ярьж, зовлонгоо хуваалцдаг байсан нь өөрийг нь маш эмгэнэлтэй хувь зохиолд хүргэх эрсдэл ч нуугдаж байдаг байх нь... 

Чихэндээ ч нүдэндээ ч итгэмээргүй зүйл олон байлаа. Араатанлаг. 

Араатанлаг гэдэг үг ч гоёдохоор юм байна аа. Бид нүдэн балай, чихэн дүлий байсаар сурчихаж. Яг өөрт минь тохиолдоогүй тул мэдэхийг ч хүсдэггүй юм байна. 

Өөрийн охидоо, өөрийн хүүгээ тэдгээр олон олон "золиос болсон хүүхдүүд"-ийн оронд гээд төсөөлөөд үзэх гэж оролдов. Төсөөлмөөргүй, чадмааргүй, бүр яагаад ч оронд нь тавьж бодмооргүй байлаа. Үнэхээрийн чадамгүй юм билээ. 

Өөрийн бие, эрүүл мэнд, цаг хугацаагаа золиослон байж монголд болж буй аймшгийн, зэвүүцмээр, ёс бус, хүний ёсноос гажууд, чөтгөрлөг, хүний мөсгүй үйлдлийн талаар бидэнд мэдүүлэх гэж, бидний сонорт хүргэх гэж, биднийг ойлгоосой гэж, биднийг тэмцээсэй гэж хүссэндээ л байх даа...

Та бүхнийг заавал нэг уншаасай гэж хүсч байна. Уншаад л өнгөрөх биш дор бүрнээ бага багаар өөрийн хэмжээнд тэмцээсэй гэж хүсч байна. 

Би эндээс хамаатан садныхаа хүмүүст хүүхдүүдээ, охидоо анхаарлаасаа алхам ч  холдуулж болохгүй гэж захиж хэлж байна аа. 

"Чөтгөр гээд байгаа маань чөтгөр ч биш, ерөөсөө л бидний өөрөө өөрөөсөөнуусан үнэн дүр төрх. Яаж ч нуусан байж л байдаг, мартъя гэвч мартаж чадаагүй тийм л зүйл. Түүнээс зугтах тусам зүрхэнд ирнэ. Түүнд ойртох тусам ходог одно. "

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. Амьдадаа бие биенээ хайрлацгааяа. 

0 件のコメント:

コメントを投稿