Та нар амралтын өдрөө хэрхэн өнгөрөөдөг вэ?
Миний зарим амралтын өдөр ихэд завгүй, зарим нэг амралтын өдөр ихэд завтай дуртай зүйлээ хийж өнгөрөөх нь бий.
Завгүй амралтын өрдүүд нь ихэвчлэн зулзагууд, хань ижилтэй холбоотой ажил төрөл, арга хэмжээтэй өдөр байна.
Завтай өдөр нь хань ижил ажилтай хагас сайн өдөр байх нь элбэг. Тийм өдөр аажуу уужуу босно. Өглөөний цай бэлдэхгүй. Учир нь зулзагууд түрүүлж босоод өөрсдөө иддэг зүйлсээ идчихсэн байдаг.
Босч ус уучихаад, хааяа юм иднэ, хааяадаа идэхгүй. Шууд номоо барьж авна. Нэг бол пс-гээ асааж аваад блогоо бичнэ. Өдөржин асаалттай байлгана. Тэр хооронд би нэг босч жаал жуул, ойр зуур юм хийнэ.
Тэгээд л буцаж суугаад бичнэ. Бичих юм олдохгүй болохоор нь зулзагатаа ном уншиж өгнө. Аяга угаагчаа нэхнэ. Монгол руу ярина. Утсаа маажна. Хөргөгч онголзуулна.
Ганц нэг "цэцэглээд" байгаа цааснаасаа хаяна. Мөн хаа нэгтээ "цэцэглээд" байгаа хувцсаа янзална.
Буцаад л дэлгэцийнхээ өмнө сууна. Ганц нэг өгүүлбэр бичнэ.
Оройн хоол хийх цаг дөхнө. Хань ижил харьж ирэх цаг болно. Дэлгэцээ унтраагаад сайн эхнэр, сайн ээжийнхээ дүрд хувирахаар бэлдэнэ.
Хоолоо хийнэ, хань ижлээ хүлээнэ.
Хамгийн их сэтгэл хангалуун болгодог зүйлс нь номоо уншсандаа, блогоо бичиж амжсандаа, аяга угаагчаа нэгийг ч болтугай нэхэж тавьсанд байдаг.
Энэ сард би жижиг голцуу номнуудаасаа уншаад, их урамтай байна. Нийтдээ 5 ном уншиж. Япон хэл дээр нэг япон хэлний сурах бичиг уншсан. Хөөрхөн агуулгатай жижигхэн текстүүд байсан юм.
Зулзагадаа бага зэрэг зузаандуу, зураггүй ном уншиж өгч байна. Мөн бага зэрэг аймшгийн талдаа. Эгч нар их уншдаг байсан юм. Хи хи. Сургуудийн сурагч болсон гээд зурагт номыг нь бага зэрэг хүндрүүлж буй ухаантай.
Эрэгтэй хүүхэд бодит наснаасаа дор хаяж 2 насаар бага байдаг шиг санагдаад байгаа. Тэгээд л төмс, хөлдүү гэх мэтээр хэлүүлдэг байх. Ха ха. Бид чадахгүй байх аа? гэхээс эгч нь битгий нялцайгаад бай, явуул, хийлгүүл гэж бид хоёрт үглээд л...
Аавыг ажилтай, эгчийн дугуйлантай хагас сайн өдөр бол зулзага бид хоёрын эрх дураараа эрхлэлдэж, нялуурдаг өдөр. Хэн ч бидэн хоёрыг нялуурлаа, эрхийн балай боллоо, хэт хошуугаа дэвслээ гэж хэлэхгүй. Дураараа мөөмдөнө, дураагаа үнгэлж эрхлүүлнэ. Энэ тухай нууц шүү. Ха ха.
Амралтын өдөр мандтугай. Хааяадээ хийцгүйрэх ч зүгээр шүү.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿