2025年9月13日土曜日

Халдвартай

Зээ хө, энэ сардаа овоо хэдэн ном уншина гэсэн төлөвлөгөөтэй хэдий ч жаахан чамлалттай л санагдаад, өөрт. 

Хагас, бүтэн сайнд хувийн ажил ихтэй гүйгээд байна л даа. Тэгээд ажлын өдрийн цайны цагаар олддог 30 минутыг уншлагад зарцуулж байна. Энэ нь жаахан чамлалттай л даа. Олигтой ахиулж чаддагүй юм. 

Гэхдээ чамлахаар чанга атгана шүү. Их битгий хий, бага битгий хий. Өдөр бүр хий. Энэ зарчмаар өдөр бүрийн 30 гаран минутыг үржүүлээд бодохоор хөөрхөн хугацаа гарна аа даа. 

Нээрээ сүүлийн хэдэн жил англи хэлийг огт оролдсонгүй ээ. Нэг хэсэг үг цээжлэх гэж хичээдэг байжээ. Энэ номонд англи үгс их гарна. Англи хэлийг сурахгүй бол ч гэж бодсон шиг. Гэхдээ л барьж аваагүй л байна. Ойрын хугацаанд барьж авахгүй ээ. Япон хэлээ л хичээх минь гэж боддог болсон. 
Зураг харахад л ойлгомжтой дөө. Ямар ном уншсан нь. 
Жона Бернер "Халдвартай" гэдэг ном. Ерөнхий агуулга нь нэрд гардаг бүтээгдэхүүн, ам дамжин яригддаг бүтээгдэхүүн, санаа оноо гэх мэтийн учир шалтгааныг тайлбарласан ном байлаа. 

Хэрэглэгч хүний хувьд, худалдан авагч хүний хувьд "Аан, бидний ийм араншин, ийм сэтгэл хөдлөл, ийм өдөөгч зэргээс болоод зарим нэг санаа оноо, бүтээгдэхүүн, үйлчилгээ нэрд гараад, олонд түгээд, ам дамжин яригддаг байх нь ээ" гэж ойлгон, толгой дохин байж уншиж дуусгав. 

Маркетинг чиглэлээр ажилладаг, суралцдаг хүмүүс, ямар нэгэн бизнес эрхэлдэг хүмүүс, борлуулалт хариуцдаг хүмүүс сайтар "зажилж" уншаад, ажилдаа хэрэгжүүлбэл их зүгээр санагдсан. 

Миний бие ч гэсэн дээ, ирээдүйд аяга угаагчаа зардаг болчих юмсан гэж "мөрөөддөг"-ийн хувьд хэдэн жилийн дараа дахин нэг уншина аа. Ирээдүйд буюу нэлээд хэдэн жилийн дараа тэтгэвэрт гарахаараа эх орондоо очоод, хөдөө орон нутагт гарч амьдраад, цагтай завтай үедээ аяга угаагчаа нэхэж, борлуулсан шигээ амьдрах юмсан...

 "Хөдөөгийн сэргэлт" нэвтрүүлэгт оролцоод л... 

Сайхан л мөрөөдөл байгаа биз дээ? Хэ хэ. Цаана чинь "якүза" болох мөрөөдөлтэй монгол залуу байна. Тэгээд нуруугаараа дүүрэн шивээс хийлгэчихсэн. 

За наргиа ч яахав. 

Халдвартай мэт тархдаг 6 зарчим байдаг гэнэ. 
1. Үнэ цэнэ
2. Өдөөгч
3. Сэтгэл хөдлөл
4. Ил тод байдал (Харагдах байдал)
5. Ач холбогдол
6. Хүүрнэл

Эдгээрийг нэг бүрчлэн тайлбарлаад, жишээ энэ тэртэй тайлбарласан байна. Танил бараа бүтээгдэхүүний нэр ус их гарсан. Заримыг нь одоо ч хэрэглэдэг байх жишээний. Тэгэхээр чанартай, ам дамжигдан яригддаг, ач холбогдолтой, өдөөгч сайтай, сэтгэл хөдөлгөдөг бүтээгдэхүүн байх гээд байна тийм үү? 

Мэдээж мэдэхгүй бараа бүтээгдэхүүн, үүх түүх, нэр ус байсан. Тэрхүү бараа бүтээгдэхүүнд энэхүү халдвартай мэт тархдаг зарчмуудын  шаардлагыг хангаагүй гэсэн үг байх нь. 

Гэснээс бас нэг хүчин зүйл нь "ам дамжсан яриа" байдаг юм байна. Бодоод үзэхэд мэдээжийн зүйл. Бид таалагдсан, сайн, ач холбогдолтой гэсэн зүйлсийг бусдад танилцуулж ярьдаг, өөрийн мэдэлгүй танилцуулж байдаг. 

Жишээ нь миний нэхдэг аяга угаагчийг ээж минь, байнгын хэрэглэгч найзууд минь цааш нь хүмүүст "энэ ёстой зүгээр эд шүү дээ, их удаан хэрэглэдэг, үнэр ордоггүй, тос их сайн арилгадаг, би байнгын хэрэглэгч нь, надад нэг илүү байна, чамд бэлэглэе" гэж танилцуулж байдаг. 

Энэ нь санамсаргүйгээр сурталчилж өгч байна гэсэн үг. Тэгэхээр би сурталчилгаандаа мөнгө зарцуулалтгүйгээр аяга угаагчаа бусдад танилцуулчихаж байх нь. Ойлгосон уу? Хо хо.

Тэгэхээр миний ирээдүйн "аяга угаагч нэхэж борлуулах" өрхийн бизнес маань одооноос ам дамжин яригдаж эхлээд байна гэсэн үг.

Үүн дээр дээрх 6 зарчим бүгд хангагдсан байна. Өдөөгч гэхэд л аяга угаах нь өөрөө аяга угаагч хэрэглэх өдөөгч болж байна. Харагдах байдал нь өнгө алаглаад хөөрхөн шүү, миний нэхдэг аяга угаагч. Ач холбогдол нь бүрэн гүйцэт хатдаггүй байнга чийгтэй байдаг порлоныг бодвол хуртад хатдаг, нян үрждэггүй. 

Гээд л бичээд байвал бичээд л байна. Үнэ цэнэтэй байгаа биз? Би блогтоо олон жил бичиж байна. Сонирхож байгаа хүн байвал сэтгэгдэл үлдээгээрэй. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿