Миний очиж үзсэн газар бүрт л халуун рашаантай. Боломж гарвал орж алжаалаа тайлна. Заримдаа тухтай орох боломж гарахгүй. Гялс усанд орчихоод л ажилдаа гүйнэ.
Мисаса гэдэг халуун рашаан бүхий газар. Радоны агууламжтай гэдгээрээ алдартай. Гадаад дотоодын жуулчид их ирж очдог газар. Бид хааяа боломж гарвал очихыг боддог. Сүүлийн хэдэн жил очсонгүй ээ. Буудлууд нь нэлээд үнэтэй. Түүнийгээ дагаад япон үндэсний хоол нь амттай л даа. Энэ жил хань ижил бидэн хоёр энэ зүгт нэг "болзоно байгаа?" гэж ярилцаад л сууна. Бага зулзага ч харьцангуй гэртээ үлдчихдэг болсон юм чинь. Эгчтэйгээ гэрээ сахиад үлдэх эсэхийг асууж, зөвшөөрөл авах гэдэг л том даваа. Хэ хэ.
Сүрлэг өндөр ургасан мод бүхий уулан дунд байрладаг. Байгалийн харагдаж, үзэмж гоётой. Агаар ч сайхантай. Гэснээс сүүлийн хэдэн жил эндхийн буудлуудад монголоос залуус ирж ажилладаг болсон байна лээ. Нэг жилийн хугацаатайгаар ирж ажилладаг. Нэгэн дээд сургуультай гэрээтэй, хичээлийх нь кредитийг нь тооцоод явдаг гэсэн байх шүү.
Ихэвчлэн гал тогоонд нь ажилладаг шиг байна лээ. Хань ижлийн хамаатан гээд нэг охин ирж ажиллаж байсан. Монголдоо уулзалдаж амждаггүй хамаатантайгаа арлын оронд уулзалдаж байна дөө.
Энэ гурван зурган дээрх халуун рашаан нь гол дагуух рашаан бөгөөд, гадаа ил байрладаг. Мэдээж орж болно. Мэдээж энд тэндээс хэн нэгэн дурандаад сууж байх магадлалтай тул нэлээд эр зориг шаардана. Хо хо.
Дэргэдэх буудалд нь буучихаад, орой сэрүүн агаарт агаарт алхангаа түр саатаж хөлөө дүрсэн шиг, хажуугаар нь шар айраг шимсэн шигээ суудаг жуулчид их.
Аан тий, залууст сануулахад шивээстэй бол халуун рашаанд орохыг ерөнхийдөө хориглодог шүү. Хэмжээ нь бага шиг жижигхэн шивээс бол алчуураар нууж хааж байгаад орчихдог гэсэн.
Зарим газруудад шивээстэй хүмүүс орж болдог халуун рашаан байдаг гэсэн. Японд аялахаар бол халуун рашаанд орж, өвөрмөц нэгэн соёлыг нь үзэж харах нь зүгээр шүү.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿