2025年12月2日火曜日

Далан давхар гурилтай хуушуур

Шинэ сарын мэнд ээ. Шилдгүүд тодордог сар тийм ээ? Бүгдэд нь шилдэг нь болохыг хүсье. Би юуны шилдэг болдог юм билээ? Гэрийнхээ хамгийн их "сошиалчин"-аар л шалгаръя даа. Амжилт хүсээрэй. Дэмжээрэй. Сабскраб дараарай... Хи хи.

"Хөлдүү хуушуур" гэдэг гарчигтай бичвэрийг маань олон хүн уншдаг юм билээ. 

Энэ удаад "Далан давхар гурилтай хуушуур" хийж идсэн тухайгаа яруу тодоор болон өнгөтөөр бичихээр сууж байна. Олон олон уншигч минь орж ирээрэй. Хэ хэ. 

Санаандгүй интернетээс олж харчихаад хийж идмээр санагдсан. Хэд хоног бараг зүүлдэх нь холгүй байсан. Гэрийнхэндээ ч хэлсэн, ажил төрлөө зохицуулна шүү. Эртхэн хийж иднэ шүү гэж зарлигдсан. Ха ха. 

Нэрнээсээ л ойлгомжтой тийм үү? Яг л далан давхар гамбир хийх дарааллаар гурилаа зуурна. Гурилаа зуурахдаа бага зэрэг давс хийсэн. Бас өндөг хийсэн. Хань ижил өндөг хэрэггүй шүү, дараагийн удаад гэсэн. Тэгэхээр дахин хийх санаатай гэсэн үг. 

Дахин хийнэ ээ гэдэг чинь таалагдсан гэсэн үг. Эрчүүдийг ходоодоор нь...
Хамгийн царайлгаас нь зураг дарж оруулж байна шүү. Түүнээс шууд л алдаа оноогүй хийнэ гэж байхгүй. Анх удаагаа асар том хуушуур хийж буй тул хэрхэн хайрах, галаа хэрхэн тааруулах, мах нь болсон болов уу? гэх мэтээр бага зэрэг сандарсан. 

Хань ижил л чимхэж хайрдаг л даа. Би бол гурилаа л хариуцна. Мэдээж хажуугаар нь хэрэгтэй гэсэн тогоо шанага, тос энэ тэр, таваг зэргийг гаргаж өгөх, бэлдэж өгөх гээд л аар шаар, нэр хүндгүй ажлыг хийнэ. 

-Хайраа, хуушуураа юун дээр гаргах вэ? 
-Гаран дээрээ гаргачих уу? Заримдаа шууд ширээн дээрээ гаргаад тавьчих уу?
Гэсэн харилцан яриа болно. Миний хариулт зэвүүн, янзыг нь үзсэн, өдсөн хариулт байна уу? 

Угаасаа сонин асуулт байгаа биз дээ? Юун дээр гаргах вэ? биш ямар тавганд гаргах вэ гэж асууж болно оо доо? Ха ха. Тэгээд бөгс эргээд л таваг нь нүдэн дээр нь ил байхад асуугаад байдаг нь гайхалтай гэхээс өөр хэлэх үг олдохгүй. Эрчүүд гэртээ эхнэрээсээ бусдыг олдоггүй гэдэг ёстой үнэн тийм үү? Хо хо. 
Эхний ганц нэгийг түлсэн. Учир нь хайрч буй хүн нь нааш цааш холхих, чимхэх, морьтой явсан хоёр япон найздаа энэхүү хуушуурныхаа талаар тайлбарлаж өгөх гээд л анхаарал нь сарниад, хуушуураа бага зэрэг түлсэн хуушуураа нуучихлаа, та нараасаа. 

Гэснээс "танайх хуушуур хийж байна уу?" гэсэн шиг хоёр япон найз хонх дараад л ороод ирсэн. Надад нэг юм өгөх гээд л хүргэж ирсэн л дээ, хөөрхийс минь. Хэ хэ. Ор ор гэж гэртээ оруулаад, шууд хуушуураар дайлаад цайлчихдаг зочломтгой монгол айл шүү бид. 

Түүнээс япончууд чинь гэртээ оруулалгүй, гэрийнхээ үүдэнд ярьж зогсож байгаад л явуулчихдаг талтай. Яахав дотны найз нөхдөө бол оруулна л даа, гэхдээ заавал урьдчилан төлөвлөнө. Манайх шиг юм хум бэлдээгүй байж ор ор гэдэг айл ховор. 
Ёстой л байгаагаараа л дайлаад цайлчихсан. Манай хоёр ч хуушуур идээд явах уу? гэсэн чинь дуртай нь аргагүй тэгье л гэсэн. 

Тэгээд япон айл шиг мисо шөл энэ тэр ч хийсэнгүй. Салат ч хийсэнгүй. Ногоогоо хуушуурныхаа маханд хольчихсон шүү гээд хэлчихсэн. Ха ха. Үнэн л юм чинь. Байцаа, лууван, сонгино, саримс, гогод гээд л хийсэн дэг махандаа. Тэгээд л дан ганц хуушуураар л дайлчихсан. Гуриландаа гогод ногоо хольсон, холиогүй гэж хоёр янзаар хийсэн чинь гогодтой нь илүү гоё амттай юм байна гэж саналаа хүртэл хэлсэн. Миний талд орсон. 

Гэрийн эзэгтэйн талд орчихвол ч тэгээд болчихно дөө гэдгийг сайтар мэддэг хоёр байна уу? Хэ хэ. 

Угаасаа бууз, хуушууранд дуртай хоёр л доо. Үе үе ингэж дайлдаг болчихоод байгаа юм. Яагаав? Байсхийгээд л надад амттай жимс өгч явуулдаг хол ойрын минь хөршүүдийн нэг. Тэгэхээр чинь одоо гараа гарган дайлалгүй яахав тийм ээ? 

Маргааш нь үлдсэнийг нь оройн хоолндоо идсэн. Мөн үлдсэн махаар нь банш чимхэж идлээ, бэлэн гурил авчираад. Хуушуурны маань бас нэг онцлог бол бугын махтай худалдааны махыг хольж хийсэн юм аа. 

За өөр юу гэж яруу тодоор бичих билээ? Ингэсгээд өндөрлөхүү дээ. Цаг ч орой болж унтлаа. Ээжийнхээ улаан ногоон фен болох зулзага руугаа марш. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿