2025年12月17日水曜日

Уншигч

12 сарын эхний ном. Өөр ганц хоёр ном гаргаж ирээд, ил тавьчихсан. Учир нь тэдгээрийгээ хараад цалгардаж болохгүй шүү, хойрго хандаж болохгүй шүү, зогсоо зайгүй уншаарай гэж өөртөө сануулна гэсэн үг. Тэгж байж жинхэнэ уншигч болно, тийм үү?

За тэгээд сиймхий л гарвал номоо барьж явсаар, дэлгэж суусаар уншиж дуусгасан. Бас л сонирхолтой, өвөрмөц агуулгатай ном байсан шүү. 

"Бичиг үсэггүйгээ нуух гэж, ном сонсох гэж хичээх бүсгүй"...

Ингээд бодохоор өөрийгөө бичиг үсэгт тайлагдаагүй байна гэж төсөөлөхөөс ч аюумшигтай. Уншихгүй байна гэж төсөөлөхийн ч аргагүй. Уншиж чаддагтаа, уншиж буйдаа туйлаас талархсан даа...

Бернхард Шлинк "Уншигч" гэдэг ном. 1995 онд бичигдээд, гучин хэдэн хэлээр орчуулагдаад, тухайн үедээ нэлээд шуугиан тарьж байсан ном гэнэ. Олон ч нэр хүндтэй шагнал хүртсэн гэнэ. 

Агуулга нь байна аа? Тун догь. 15 настай өсвөр насны нэгэн хүү өөрөөсөө 21 насаар эгчмэд бүсгүйд сэтгэл алдрана. Яваандаа учир ургуулна. Нэлээд дотно харилцаанд орно. 

Энэхүү харилцааныхаа тухай өөр өөр цаг үед өрнөж буйгаар дурсан хүүрнэнэ. Үндсэндээ гурван хэсгээс бүрдэнэ. 

Эхний хэсэг нь гол баатруудын учрал. Бие биелүүгээ тэмүүлж буй дүр зураг. Мэдээж насны зөрүүтэй юм хойно, олны өмнө ил уулзаж, учирч чадахгүй. 

Ямар ч туршлагагүй жаал хүү эмэгтэй хүнтэй хэрхэн харьцах, хэрхэн амраглах, хэрхэн өөртэй итгэлтэй болох зэрэгт Ханнатай учирснаараа нэлээд туршлагажина.

Жаалхүүгийн анх Ханна Шмиц гэх бүсгүйг олж харсан, хэрхэн сэтгэл нь хөдөлсөн, сэрлийг нь хөдөлгөсөн бүсгүйн уян налархай үйлдэл зэрэг нь хожмоо түүнийг нас биед хүрсэн хойно, хэд хэдэн бүсгүйтэй дотно харилцаа үүсгэхэд нь хэрхэн нөлөөлсөн тухай уншаад анхны бүхэн сэтгэлд гүн тод сийлэгдэн үлддэг байх нь ээ гэж дахин мэдрэв...

Жаал хүү болох Михаэль Бергээс гэнэт сураггүй холдоод явчихсан Ханнатай дахин таарсан нь хуулийн төгсөх ангийн оюутан тэрээр нацистын гэмт хэрэгтнүүдийг шүүх хурал дээр эмэгтэйчүүдийн хорих лагерийн харгалзагч байсан хүмүүсийн дотор Ханнаг олж харна. 

Өсвөр насны жаал хүүгийн гэр бүлтэйгээ харьцах харилцааны тухай өгүүлдэг хэсэг, ялангуяа аавтайгаа харилцаж буй нь тухайн цаг үеийн Германы нийгмийн байр байдлыг тод томруун харуулчихсан шиг.

Шүүх хурлаар Ханнаг дахин харснаар аавтайгаа анх удаа шахуу ярилцдаг хэсэг эрэгтэй хүмүүсийн бас нэгэн зан чанарыг ойлгуулж өгөх шиг болов. Ялангуяа эцэг хүний хүүхдүүддээ гаргадаг араншин...

Энэхүү шүүх хурлын үеэр Михаэль Ханнаг бичиг үсэггүй гэдгийг нь олж мэднэ. Учир нь анх уулздаг, бие сэтгэлийн жаргал эдэлдэг байхдаа жаал хүү Ханнад ном уншиж өгдөг байсан юм. Мөн нэгэн өдөр жаалхүүгийн гэрт очихдоо аавынх нь ажлын өрөөний номнуудыг хараад бүсгүйн биширсэн царай төрхийг эргэн санана. 

Төгсгөл хэсэгт Михаэль олон номыг чанга дуугаар уншиж хуурцагт буулгаад шоронд хоригдож буй Ханнад илгээдэг байсан. Хэдэн ном уншсанаа мартахгүй, санаж байхын тулд тэмдэглэл хөтөлдөг байсан. Өөрөө үүндээ нэлээд сэтгэл ханамжтай байсан. 

Харин нэг өдөр Ханнагаас зурвас ирнэ. Маш товчхон, хэдхэн үгтэй ганц өгүүлбэр бүхий зурвас. Бүсгүй уншиж бичиж сурчээ. Үнэхээр баярлууштай мэдээ. Шоронгоос суллагдахад нь байр, ажил зэрэг олж өгч туслахаар болно. 

Харамсалтай нь гарах өдрөө бүсгүй амиа хорлочихно.

Уншиж байх явцад гоё гоё сонгодог зохиолуудын нэр гарна. Мэддэг ч нэр ус таарна. Уншаагүй зохиол ч дурдагдана. Уншмаар санагдсан шүү. 

Мөн шүүх хурлын үеэр "Миний оронд та нар байсан бол чухам яах байсан бэ?" гэдэг Ханнагийн асуултад одоо ч хэн ч яг таг хариулчихаж чадахгүй биз ээ? Хэрэв би тэр цаг үед амьдраад, яг тийм тушаалаар, яг тийм ажил оноогдвол "гүйцэтгэх" л байсан байх гэж бодогдсоныг нуух юун.

Уншигч та чухам яах байсан бэ?...

"...Чамайг бүр жаахан байхад чинь юу сайн, юу муу болохыг өмнөөс чинь шийдлээ гэж ээждээ их уурладаг байснаа санаж байна уу? Хүүхдүүдийн тухайд ч энэ нь бүхэл бүтэн цогц асуудал байлаг. Хэдийгээр философи хүүхдийг судалдаггүй боловч энэ бол философийн асуудал. Философи тэднийг сурган хүмүүжүүлэх ухаанд найр тавиад өгчихсөн нь хүүхдүүдэд ашиггүй болж орхисон билээ. Философи хүүхдүүдийн талаар мартчихсан юм гээд аав над руу харж инээмсэглэв..."

Энэ хөөрхөн байна уу? Нээрээ л философи хүүхдийн тухай нэг их яриад байдаггүй тийм ээ? Судлаагүй орхичихсон тийм ээ? Хэ хэ. 

"...Чанга уншихын цорын ганц дутагдал нь илүү хугацаа авдагт байсан юм. Гэхдээ уншсан зүйл ой ухаанд илүү сайн хадгалагдана. Би маш олон зүйлийг одоо хүртэл тод санадаг..." 

Энэ үнэн шүү. Одооноос чанга уншиж байдаг юм билүү. Зулзагууддаа уншиж өгсөн номыг их сайн санадаг даа. Заримыг нь одоо ч дахин уншмаар санагдаад байдаг юм. 

"...Ерөөсөө амьдрал гэдэг оройтолт, алдагдал хоёроор дүүрэн болохоор надад гунигтай байсан юм. Хэрэв цаг алдсан юм уу ямар нэгэн юмаар чи удаан хугацаанд дутагдаж ирсэн бол дараа нь тэр нь ихээхэн хүчин чармайлтаар олдож, асар их баяр баясгалан авчирсан ч гэсэн нэгэнт оройтсон бол оройтсон л байдаг юм байна гэж надад бодогдсон билээ. Тэгэхдээ "дэндүү оройтсон" гэж ерөөсөө байдаггүй, зөвхөн "оройтсон" л гэж байдаг. Ер нь "оргүйгээс оройтсон нь дээр байдаг юм болов уу?" Мэдэхгүй юм даа...

Аяа бас юутай үнэн бэ? "Оргүйгээс оройтсон нь дээр". Огт уншдаггүй байснаас оройтсон ч гэсэн уншдаг болоорой. Хо хо. 

Зээ хө, ингээд "Уншигч" номоо дуусгая. Дараагийн ном бага зэрэг зузаан. Дуусах тун дөхчихсөн л дөө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿