2026年1月11日日曜日

Улаан үст бүсгүй

Шинэ оны хамгийн эхний ном шүү. Уран зохиолын ном уншмаар санагдаад л. Тэгвэл арай хурдан уншаад, олон ном уншина гэсэн зорилгодоо хялбархан хүрэх юм шиг санагдаад өө. Ха ха. 

Ер нь цагтай уралдаж л уншиж байж 50 ном унших юм шиг байна өө. Аминдаа л уралдаад л уншаад байсан хэрнээ дээрх тоонд хүрээгүй тул энэ жил яаж ийгээд 50 ном уншчих санаатай. 

Мөн хувь хувьсгалын ажил, эрүүл мэндээс минь ч их л шалтгаална л даа. Хичээх юм шүү. Та бүхэн ч гэсэн хичээгээрэй. Нөлөөлөгч шиг л үг хэлчихсэн үү? Хэ хэ. 

Орхан Памук зохиолчийн "Улаан үст бүсгүй" гэдэг ном. Нэг найз минь бэлэглэсэн юм. Байгаа юу? гэж асуугаад байхгүй гэсэн чинь өгсөн. Баярлалаа, найзууд минь. Талархаж явдаг шүү, та нартаа. 
Агуулга нь ч эхэндээ "худаг" гэдэг үгийг залхтлаа уншина шүү. Тэвчээртэй унших хэрэгтэй. 

За тэгээд л хэрхэн худаг гаргах вэ? Худаг ухаад, ус гарах уу? Худагчин хүний зөн совин, шаргуу хөдөлмөрч чанар. 

Худагчны туслах, шороо зөөх гээд л залхтлаа уншина. Худагчин нь харин сонирхолтой ч юм шиг, аймар ч юм шиг үүх түүх, домог яриа ярих нь бурхны аврал мэт санагдана. 

Дунд хэсгээс харин "улаан үст бүсгүй" гарч ирэн өсвөр насны хүүгийн сэтгэлийг эзэмдэн, догдолж буй нь хөөрхөн. Бас их эр ээ, улаан бүсгүйтэй "загас наадуулж" амжина. Энэхүү улаан үст бүсгүй харин ч нэг хэргийн эзэн хэнгэрэгийн дохио болно доо, төгсгөл хэсэгт. 

Тэр хооронд Жем залуу сургуульдаа шамдан суралцана, ажилд орно, бизнес эрхлэнэ. Хайр дурлалтай ч учирна. Гэм нь тэрээр хүүхэдтэй болохгүй л байна. Эхнэр нь харин их дажгүй бүсгүй санагдсан. 

Хайр дурлалын зохиол мэт болов чиг цаагуураа гэмт хүн гэлбэлзэнэ гэдгийг ч тод харуулсан. Учир нь худагчны туслахаар ажилласан хэсэг хугацаандаа Жем сэрэмж алдан хувингаа худагчныхаа дээрээс унагаж бэртээчихээд, аврахын оронд хаячихаад зугтчихна. 

Тэгж хаяж явсан нь түүний сэтгэлд үүрд л оршино. Мэдээж өдөржин, шөнөжин бодогдоно. Үхчихсэн болов уу? Хэн нэгэн аварсан болов уу? гээд л тархинаас нь салахгүй, зүүдэлнэ, хайртай хүмүүсээсээ нууна, төрж өссөн нутагтаа очихоос халширна. 

Бас нэг ээдрээтэй нь хоорондо ярьж хэлэлцэж байгаа түүх гэхэд хэцүү санагдам домог яриа яриад л байна. Эцэст нь тэрхүү домгийнхоо "хараал" гэх үү? "Ерөөл" гэхүү? Муур ёртой хүү нь эцгээ хороочихдог ёсоор нь "нууц" хүүдээ алуулчихдаг гол баатар маань. 

Хүү нь нууц гэхээр бас нууц биш ч юм шиг. Өөрөө ч мэдэлгүй явж байгаад 20 хэдэн жилийн дараагаар гэнэт өөрийх нь хүү гараад ирнэ. Тэгээд л бодлоо. Ээдээ эрчүүд минь энд тэнд тохиолдлын харилцаанд орохдоо хамгаалалт хийж байхгүй бол ч гэж. Тийм ээ? 

За тэгээд хүний амьдралд олон л зүйл тохиолдоно, тэр бүхэн нь цаанаа л нэг учир жанцантай. Хүмүүн бид амьдралынхаа туршид үйлдсэн сайн муу алив үйлдлийнхээ үрийг нь үүрээд л явдаг гэдгийг ойлгох ч шиг...

Мөн Турк улс явж үзмээр ч юм шиг, зурагтаар хаа нэгтээ хардаг гоёмсог дээвэртэй байшин барилгуудыг нь үзмээр ч юм шиг...

Орхан Памук зохиолчийн бусад номнуудаас боломж гарвал уншина аа гэж бодов. Зохиолч маань ер нь улаан өнгөнд дуртай шиг ээ. Миний анх уншсан ном нь "Миний нэр Улаан". Энэ удаагийнх нь бас "улаан" гэдэг өнгийг тодотгож, гарчгандаа, номынхоо агуулгад онцолсон. 

Дараа дараачийн унших номонд мөн л "улаан" өнгө зонхилох байх даа, аягүй л бол. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿