Би болохоор уншсан гэж ерөөсөө санахгүй байгаа. Огт уншиж байгаагүй, шинэ л зүйл шиг санагдсан. Би хаагуур нь тойрсноо сайн санахгүй байна өө.
Бямбын Ренчин гуайн "Заан Залуудай" гэдэг ном. Их хөөрхөөн. Унших тусам Залуудай хөвүүн "Тарзан" шиг санагдаад. Эсвэл номных нь ерөнхий агуулга нь ч юм уу? Яг л Тарзан хүүхэлдэйн кино шиг санагдаад өө.
Гарч буй балар эртний хүмүүсийн нэрс нь их инээдтэй. Чулуун зэвсгийн үе шүү. Алцгар, Үхүү,... гэх мэт. Анх уншчихаад юу билээ гэж хэсэгхэн зуур саатна. Сүүлдээ нээрээ энэ чинь балар эртний, бичиг үсэг дэлгэрээгүй үеийн хүмүүсийн тухай шүү дээ. Нэг иймэрхүү л хэл яриатай байсан байх гэж таана. Хэ хэ.
Зохиолын баатрын минь овог нь "гал" гаргадаг тул нэлээд хүчтэйдээ тооцогдоно. Аялалын явцад галаа манах, галаа алдах, галаас сүрдэх гэх мэт олон л овгийн хүмүүстэй таарна.
Заримтай нь тулалдана. Заримтай нь нөхөрлөнө. Ураг сад болцгооно.
Хүн дүрст дайснаас гадна, том том биет араатан амьтадтай ч тулалдана. Аварга хирс, махчин бар, арслан заан, баавгай, аварга могой зэрэг олон амьтадтай таарч тулалдана. Мэдээж ганцаараа бол барахгүй, олуулаа хүчээ нэгтгэн тулалдана.
Аав Шонхолой нь хүүдээ хамаг бүхнээрээ үлгэрлэнэ, зааж сургана. Хүүг зөв хүн болж хүмүүжихэд зүгээр л үлгэрлэ, үглэж дуулж хэрэггүй гэдэг нь л энэ байх. Мөн аялалын явцад хамт явах буурай Ихэрэс нутгийн уулуул Бух өвгөн ч мөн мэдэх чадах бүхнээ хэлж өгнө. Нутагтаа хүрээд Залуудайг хүргэнээ болгочихоо бас мэднэ. Энэ буурлуудын ухаан ч дээр үеэсээ айхтар байж. Хэ хэ.
Дайсагналцах нэг өдөр байхад эвлэрэх, хамтрах нэгэн өдөр бий гэгчээр байгалийн сүр хүчийг сөрж чадахгүй тул нэгэнтээ өширхөж тулалдсан улс нэгэндээ туслан байгалийн гамшгийг даван гарч буй нь ч залуу хүүгийн хүмүүжилд "хүн чанар"-аа гээлгүй, тусч байхыг үлгэрлэнэ.
За тэгээд тэр бүр таараад байдаггүй, хэлж, хэрэглэж мэддэггүй үгтэй таарав. Тодруулж тэмдэглэв. Эдгээр үсгийг цээжлээд өдөр тутамдаа хэрэглээд дадчихвал ч миний монгол үгийн баялагаараа бусдыг хол хаях гээд байна тийм үү? Уншаад л байдаг байж, үгийн баялаггүй юм бэ? гэж хэлүүлэхгүй байхгүй юу. Хэ хэ.
Мөн өтгөсийг үдэх ёсон нь зүрх шимширмээр юм өө. Ам барих ачтай боллоо гэдэг дээ, ам барьсан ач нь мэдээ орохоороо харамсах ч юм уу? нэг тийм гэмийн мэдрэмж төрдөггүй юм болов уу ч гэж бодох шиг...
1 сард 3 ном уншчих санаатай үзэж тарж л байна. Өнгөрдөг жил 51 ном уншсан хүн байна цаана чинь. Яаж амжуулаад байна вэ? Энэ хүмүүс. Нууц, туршлагаас нь асуух юмсан...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:
コメントを投稿