2026年1月20日火曜日

Ид, залбир хайрла

1 сард уншсан 3 дахь ном. Амжвал 5 ном уншчих санаатай байсан ч амжихгүй нь бололтой. Шуналтай байна уу? 2 сард цагаан сар, бас бус хувийн ажил давхцах тул угаасаа бага ном унших байх. Нимгэн бөгөөд жижиг ном сонгож унших санаатай. Ном л бол ном. Тийм үү? 

Уншигч та бүхэн хэд дэх номоо уншиж байна даа? Архагууд нь бол аль хэдийн тавыг бол уншчихсан байх өө. Анхан шатных нь нэг ном уншаад дууссан байх. Голж болохгүй ээ, амжилт шүү дээ. 

Амжилтыг заавал томоор, ихээр, гоё ганганаар, сүр дуулиантайгаар төсөөлөх гээд хэрэггүй. Өдөр тутмын чинь багахан зүйл ч гэсэн амжилтын чинь нэг хэсэг шүү. за ментор шиг үг хэлсэн үү. Хэ хэ. 

Энэ ном бас л хөөрхөн байсан. Зохиолчийн нэлээд илэн далангүйгээр, ичиж зоволгүйгээр өөрийнхөө тухай бичсэн нь таалагдлаа. 

Зоригтой бүсгүй юм. Итали хэлэнд тэгж их дурлах гэж тийм ээ? Би багадаа франц хэлэнд дурласан шиг. 

Би тууштай байж чадаагүй л дээ. Амьдралын эрхээр өөр зүйл оролдоод, өөр хэл үзээд явчихсан. Хөрөнгөтэй, бололцоотой айлын эрх охин байсан бол өдийд францад явж байж ч мэдэх. Хэ хэ. 

Элизабет Гилберт зохиолчийн "Ид, залбир хайрла" гэдэг ном. Хавтасны зурган дээрх охин эсвэл бүсгүйн зураг хөөрхөн байгаа биз? Нэг тийм дүрсгүй бүсгүй төсөөлөгдөөд. 

Ер нь л дүрсгүй нэгэн бололтой. Америкт байх үе, Италид аялах үеийнх нь тухай уншихад бол бүр нэг тийм хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, дураараа, зоргоороо нэгэн мэт санагдана. Гэхдээ байна аа, сэтгэл санаа асуудалтай, хөөрхий минь. 

Гэнэт сэтгэлээр унана, гэнэт цоглог болно. Шөнө нь унтаж чадахгүй, угаалгынхаа өрөөнд уйлж суух гээд л. Эмэгтэй хүмүүст их тохиолдох энэхүү сэтгэл санааны тавгүй байдал. Цаанаасаа л нэг ойлгож хүлээж аваад байгаа би ч...

"...Би хүний эхнэр баймааргүй байна..."

Хэрэв би орой хүнтэй суусан бол энэ мэт ааш гаргах л байсан байх. Гэрлэсэн л бол хүүхэд гаргах, гэр орноо авч явах, нөхрөө халамжлах гээд л. Орчин үед гэрийн ажлаа хамтарч хийдэг, үр хүүхдээ ээлжилж хардаг бож байна гэж ярьж буй хэдий ч бодит байдалд эмэгтэй хүмүүс илүү их ачаалал үүрдэг гэсэн судалгаа байдаг. 

Тийм болохоор л Элизабет шиг нийгмийн оролцоо ихтэй, дураараа байх дуртай, хүссэн зүйлээ хийгээд л явж байх дуртай бүсгүйчүүд энэ мэт л аашлах байх тийм үү? 

"...Хүүхэд мэдээж хөөрхөн, гэхдээ ээж хүн маш их ядардаг. Хайр дурлал мэдээж сайхан, гэрийн ажил түүртэй, цаг их авдаг..." Туйлын энэ үнэнг хүмүүс дотроо бол хүлээн зөвшөөрдөг ч гаднаа тэр бүр ил хэлдэггүй. Учир нь бусдын шүүмжлэл, хэл амнаас айдаг...

Гэснээс Итали явж үзмээр санагдтал бичсэн байна өө. Пицца, гоймон, бяслаг гээд л уншихаар чинь тэгнэ биз дээ? Ойрд пицца идээгүй, иднэ ээ ерөөсөө. Итали гэхээр мафиас өөр төсөөлөлгүй хүн нь шүү дээ. Залуус нь ээж амь байдаг, ээжийн үгнээс гардаггүй гэж сонсож байсан. Үнэн болов уу? 

Өө тийм, кино нь байдаг гэсэн. Жулиа Роберт гол дүрд тоглосон гэсэн. Чадвал олж үзнэ ээ. 

Дараагийн бичвэрт Энэтхэг, Индонези аялсан тухай нь бичнэ ээ. 

0 件のコメント:

コメントを投稿