2026年1月28日水曜日

Харуул Алтай

1 сарын сүүлээр уншиж эхлээд 2 сар гарахаас өмнө хичээсээр дуусгав. Багадаа уншиж байсан тул дахин уншмаар санагдаад. Нэлээд дээхэн  захиж авчруулсан. Зузаанаас нь халгаад, өөр ном дугаар дайрч уншигдаад, клубын төлөвлөгөөт номнуудыг уншаад гээд л хойшлуулаад байсан юм. 

Энэ жил хойрго зан, хойшлуулдаг зангаа бага зэрэг даван туулан санаатай л байна. Тэгээд л номын тавиураасаа сугалаад гаргаад ирсэн чинь юу вэ? 766 хуудастай байдаг юм даа. Яахав, хэмжээ нь жижиг А5ын хэмжээтэй л дээ. Гэхдээ байна аа үсгийн хэмжээ жижигхэн юм билээ шүү. 

Их л зориг шаардсан шүү, эхлэхэд. Нэг эхэлчихсэн байхад харин сонирхолтой тул хурдан уншигдана. Сонирхолтой. Ялангуяа гол баатар болох бүсгүйн тухай. Түүнээс өнөөх л лам нарын хорчин үйл, ноёд түшмэдийн шунахай сэтгэл гэх мэт нь дээхний зохиол бүтээлд гардаг сэдэв. 

Аргагүй дээ, цаг үе нь, нийгэм нь социалист үзэл сурталтай байсан тул шашныг хар тамхи гэж ухуулж, сэнхрүүлсэн агуулгатай л бичихгүй л бол хааж боогоод хэвлэдэггүй байсан биз дээ гэж дотогшоо би өмөлзөв. 

Доржийн Гармаа зохиолчийн "Харуул Алтай" 20-р зууны шилдэг роман. Агуулгыг нь бүдэг бадаг санаад л, сэтгэлдээ тээгээд л явсан. 

Нэгэн монгол бүсгүй эх нутгаасаа хувь заяаны эрхээр хагацаж, харь газар 40 гаран жил амьдарсаар, нас нэлээд дээр гарсан хойноо нөхрөө даган эх нутагтаа хөл тавина. 

Үүнээс өөрийг санахгүй байсан юм. Дахин уншаад нээрээ ийм үйл явдал гардаг билүү? гэж бодон бодон уншив. 

Сайхан бүсгүй болж төрөх хэцүү юм аа, тийм ээ? Үзэсгэлэн гоо дээр нь нэмээд дураараа зоргоороо, эрх танхи, тэнэгдүү байвал за тэгээд бүр л "замхарчих" юм аа. Олон олон эртний зохиолд "саруул ухаан"-гүй үзэсгэлэн гоо бүсгүйчүүдийн хувь тавилан ёстой нэг адармаатай болчихдог тухай гардаг юм. 

Агуулгыг нь бичих илүүц байх. Миний үеийнхэн, дээшээ үеийнхэн бол ихэнх нь уншчихсан байх. Залуу үеийнхэн бол нэг уншчихад зүгээр байх өө. 

Мэдлэггүй, мэдээлэлгүй, харанхуй, гэнэн итгэмтгэй байх нь ямар харалган үйл хийхэд хүргэдэг, хэн нэгний үгэнд оромтгой, одооны хэллэгээр бол тархиа угаалгачихдагийг харуулсан зохиол байлаа. 

Мэдээж тухайн цаг үед мэдээлэл авах, түгээх техник технологи нь хөгжөөгүй байсан л даа. Гэхдээ л... Одоо үед ч мэдээллээс хоцорчихдог, огт мэдээлэлгүй байх үе гардаг даа. 

За дараа үргэлжлүүлнэ ээ. Урт зүйл бичвэл хүмүүс уншихгүй тйим үү? Байнга зочилдог уншигчдынхаа тав тухыг бодохгүй бол тийм ээ. Хэ хэ. 

Багадаа идэж байсан, амсаж байсан амттаны амтыг дахин нэг амталчих юмсан гэж боддог шиг л, ямартай ч багадаа уншсан, сэтгэлд хоногшсон зохиолыг уншаад сэтгэл ханамж туйлаас өндөр байна өө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿