Тэмдэглэж авсан цааснуудаа харахаар бичмээр санагдаад өө. Хаячих гэхээр хайран хөдөлмөр биз дээ? Японоор уншсаныгаа монгол хэлээр тэмдэглэж авна гэдэг чинь бас л асар их энерги зарцуулна. Нэг ёсондоо орчуулгын ажил л гэсэн үг тийм үү?
Тэгж бодохоор тэмдэглэсэн цааснуудаа ураад хаях гэсэн болдоггүй ээ. Унших хүн бий эсэхийг мэдэхгүй ч ямартай ч өөртөө зориулаад блогтоо бичиж оруулахаар шийдэв.
Хичээлд дуртай мэт дүр эсгэ. Хүүхдээ хичээлээ хий гэснээ өөрсдөө утсаа маажаад, зурагт үзээд байж болохгүй. Хүүхэд эцэг эхийнхээ үйлдлийг цаг үргэлж харж байдаг, үйлдлийг дуурайдаг, үйлдлийг харж л өсдөг.
Энэ ёстой үнэн тийм ээ? Японд "хүүхэд эцэг эхийнхээ ар нурууг харж өсдөг" гэж ярьдаг. Цаад утга нь ээж аав нь гэртээ хүүхдээ ч тоох завгүй хоолоо хийгээд, гэрээ цэвэрлээд ч юм уу? Нэг бол ажилдаа идэвх зүтгэлтэй, цаг наргүй ажиллахыг хүүхэд араас нь харж бахархаж, ач гавъяаг нь үнэлж, эцэг эхээ хичээж байхад нь өөрөө ч гэсэн хичээх хэрэгтэй юм байна гэсэн бодолтой болж өсдөг" гэсэн үг юм.
Тиймээс ч би нь гэртээ байнга ном уншдаг, гэрээр дүүрэн ном байлгадаг, номын сан ордог, хичээл хийх дуртай гэж хэлдэг, хичээл хийснээр олон зүйлийг мэдэж авдаг гэж ярилцахыг хичээдэг.
Хүүхэд бага зэрэг сахилгагүй, цор цор хийдэг байхад гэмгүй.
Гэж байна шүү. Хэ хэ. Би ч үүнтэй санал нэг. Зулзагуудынхаа үе үе цор цор хийхээр нь өхөөрдөөд байдаг юм. Хаанаасаа ийм үг хэллэг суралцаад, хэдийдээ ийм үзэл бодолтой болчихдог байна аа гэж гайхах үе ч бий. Ном уншиж, хичээл хийдэг болохоороо л тэр байх гэж үнэлдэг, дотроо.
Хүүхэд чинь өөрөө цагаа төлөвлөөд хийхийг хүлээх биш харин ч за одоо тэгэх ингэх цаг боллоо гэж хэлж сануулж байх. Ялангуяа бага ангид байхад нь. За тэдэн цаг чинь боллоо шүү, тэгээрэй ингээрэй гэж сануулж хэлэх гэсэн үг. Тэгэхгүй бол хүүхэд тоглоомондоо, тухайн үед хийж байсан зүйлдээ улайраад мартсан байх нь олон.
Мөн тогтсон цагт хичээлийг нь, даалгаврыг нь хийлгэж байх, тийм дадалтай болгох.
Хүүхэд яагаад? ямар учир шалтгаанаар? гэх мэт эргэлзсэн зүйл гарвал түүнийг нь магтаж байх. Тэгээд тэрхүү эргэлзсэн, мэдэхийг хүссэн зүйлийг нь хамтдаа шалгах, судлах, унших.
Хүүхэд гадаа тоглож, хөдөлж, гүйж, харайж байж стрессээ тайлдаг. Хэрэв ингэж хөдөлж, гүйж харайж чадахгүй бол стресс нь тайлагдахгүй. Зурагт үзэж, пс тоглоом тоглож байсан ч тэр нь стресс тайлахгүй. Гадаа гарч нарны илч аван, биеэ хөдөлгөж байж л сая биеийн болон сэтгэл санаа, тархиныхаа стрессээ тайлна. Дугуйлан секцэнд хамруулах гэх мэтээр гадаад ертөнцтэй харьцуулах, нийгэмшүүлэх нь чухал.
Гадаа хамтдаа алхах, салхилах, зугаалах их үр дүнтэй. Мөн гадаа нуугдаж тоглох ихэхээн ач холбогдолтой байдаг шүү. Нуугдаж тоглоход толгойгоо ажиллуулж байдаг. Хаана нуугдах уу? Намайг олчих вий? Эсрэгээр нь өөрөө "чөтгөр" буюу олох ээлж болоход хаана нуугдаж вэ? Аан энэ газарт нуугдаж болох нь ээ гэх мэтээр бодож байдаг.
Тэнвцэр чухал гэдгийг бас эцэг эх мэдэж байх хэрэгтэй. Бүхий л зүйлд. Гадаа тоглох, хичээлээ хийх, гэрийн ажилд туслах, пс тоглоом тоглох, зурагт үзэх гээд...
Гэртээ аль болох их ном байлгах. Үе үе номын дэлгүүр дагуулж яван дуртай, уншихыг хүсэж буй номыг нь худалдаж авч өгөх. Худалдаж авчихаад уншихгүй байсан ч хамаагүй, эрт орой хэзээ нэгэн цагт уншиж л таарна. Хамгийн чухал нь гэрт чинь олон ном байх. Унших уншихгүй нь хамаагүй. Явцын дунд тэр олон ном дундаас өөрт нь тохирсон, дуртай зохиолчтой болох гэх мэтээр ямар нэгэн байдлаар тэр олон ном чинь хүүхдэд чинь нөлөөлнө.
Оршин суугаа газрынхаа номын санг сайтар ашиглах. Зээлж авчихаад уншихгүй байсан ч хамаагүй. Түүнийг нь тоохгүй байх. Тэр олон номноос дор хаяж 2-3 ном уншиж л таараа. Зарим нэг номыг нь гүйлгэж харсан болоод өнгөрсөн ч хамаагүй. Дахин уншмаар бол дахиж зээлэхэд л болох юм.
Хамгийн гол нь хүүхэд чинь гартаа ном барьж үзэх нь чухал. Номын хуудас эргүүлж үзэх гэх мэт үйлдэл ч хүүхдэд цаагуураа тодорхой хэмжээгээр нөлөөлж л байдаг. 7 хоног бүр номын сан явж байх. Хамтдаа ном сонгох, хамтдаа унших. Ингэвэл хэзээ нэгэн цагт ном уншдаг болно.
Энэ номны тухай бичсэн хэсгийг уншихад асар их сэтгэлийн таашаал эдлэв шүү дээ би. Хэ хэ. Яг л миний санаатай болон санамсаргүй хийдэг үйлдлүүд байсан болохоор тэр. Номын сангийн байнгын үйлчлүүлэгч, нэр уснууд минь өөр болохоор зарим нэг номын сангийн хүмүүс таниад байдаг юм. Хамтдаа ном сонгоно, хамтдаа уншина, утгыг нь ярилцана гээд л.
Ялангуяа зулзагуудаа жаахан байхад нь номын сан, номын дэлгүүр их дагуулж явдаг нь ээж миний өөрийн хоббитой ч холбоотой болохоор санамсаргүйгээр, өөрийн мэдэлгүй хийдэг үйлдэл минь байлаа.
Тийм болохоор л зулзугаад минь ном уншдаг болсон. Томроод ирэхээрээ сонирхол нь өөрчлөгдөөд, ганцаараа номын сан, номын дэлгүүр явна. Дуртай зохиолчидтой ч болно. Дуртай төрөл, жанртай ч болно. Ээждээ сонирхолтой гэсэн номоо санал болгоно.
Мөн гэрээр минь дүүрэн ном байна өө. Худалч хүнд өрөө болгонд минь номын тавиур байна. Би бүр 00-доо хүртэл номын тавиуртай болмоор санагдаад байгаа. Хи хи. Нэг таньдаг япон айл 00-доо номын тавиуртай юм. Ном нь байнга солигдож харагддаг юм. Энэ бас их "хөөрхөн" арга байна даа гэж бодсон.
За тэгээд энэ япончууд чинь хүүхдүүдээ, хойч үеэ номтой нөхөрлүүлэх гэж их үзэж дардаг. Бага дунд сургуульд хичээл эхлэхийн өмнө 10-15 минут "өглөөний уншлага" гэж хийдэг. Хүүхэд сургуулийнхаа номын сангаас дуртай номоо авч уншдаг. Үүнд нь манга буюу комик зохиол уншуулдаггүй юм билээ.
Бага зулзага 1 жилд 100 хол давсан ном уншсан гэж байна лээ. Ангид өөрөөс нь олон ном уншсан хүүхэд байгаа гээд л ярьдаг юм. Тэрхүү ангийхаа хүүхдэд "ялагдахгүй дээ" гэсэн өнгө аястай ярьж байсан шүү бүр. Хайр хүрмээр.
За за номны тухай хэсэгт өөрийн эрхгүй уртаа гэгч нь биччихлээ. Монгол ижий аавууд минь хүүхдээ номонд дуртай болгомоор байвал өөрсдөө унш, нэг бол уншиж буй дүр эсгэ гэж л хэлье даа.
Намайг багад гэрт минь ч ном их байдаг байсныг бодоход гэртээ ном ихээр нь байлгах, ээж аавын хэн нэгэн нь уншдаг байх нь асар ач холбогдолтой болохыг өөрийн амьдралын жишээгээр баталж байна шүү.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿