2026年3月23日月曜日

Гүн үйл 2

Зээ би нь энэхүү номыг уншаад төвлөрч байна уу? гэвэл бас үгүй юм аа. Яаж ийгээд л сатаарч байна, олон зүйлд. Нүүрном үзэх цагаа багасгасан л даа. Мөн инста ч орохоо багасгасан. Өөрөө ганц нэг зураг оруулчихаад л гараад явчихна. 

Мөн чатныхаа цагийг багасгаж л байна. Яалт ч үгүй холбогдохгүй бол болохгүй зүйлдээ цаг гаргана. Ижий аавтайгаа 7 хоногт 2-3 удаа мэнд мэдэж ярина. 

Харин нетфликсээр киног бол сайн үзэж байна өө. Хэ хэ. Хүнд чинь бас жаахан ч гэсэн тархиа амраах цаг хэрэгтэй биз дээ? гэж өөрийгөө зөвтгөн байж кино үзэж байна. Өглөөдөө хааяа мэдээ сонсоно. 

Өөр сатаарах зүйл юу билээ? Аяга угаагчаа ойрд нэхээгүй ээ. Харин зөндөөг хүмүүст бэлэглэсэн. Юмыг яаж мэдэхэв гээд наана нь зөндөөг нэхээд тавьчихсан байсан тулдаа л болж байна. дахин дэлгүүр явж утас худалдаж авах гээд амжихгүй л гүйгээд байна. 

Номоо уншихдаа цаг завыг бол яаж ийгээд гаргаж байна. Угаасаа энэ л цагийг өөртөө гаргахын тулд элдэв сатаарлыг хянах, зохицуулах гэж хичээж буй тул...

"Гүн үйл хүнд хэцүү зүйлийг хурдан хугацаанд сурахад тань тусална."

"Гүн үйл дээд түвшний гүйцэтгэлтэй болоход туслана."

Сахилга бат чухал гэж байна шүү. Үүн дээр санал нэг байна өө. Төлөвлөж байх нь чухал юм билээ. Жишээ нь томилолтоор явах бол хэрэгтэй зүйлээ, авч явах зүйлээ гээд л. Мэдээжийн зүйл л дээ. Гэхдээ ингэж бэлддэггүй хүмүүс байна өө. 

"Хэдий чинээ их зүйл амжуулахыг хичээнэ төдий чинээ багыг бүтээнэ."

"...онц чухал зорилго" хэмээх цөөн хэдэн зүйлс дээр төвлөрөхийг зөвлөдөг. 

Их зүйл амжуулах гэж хичээдэг нь миний гэм биш зан болоод удаж байгаагаа олж мэдэв. Өдөрт их зүйл амжуулсандаа нэлээд баавартай загнаж, гэрийнхэндээ тайлагнаж, ядарснаа гайхдаг болоод удаж байна өө. 

Тэгэхээр онц чухал зүйлээ онцгойлж, түүндээ төвлөрөхийг хичээж эхлэх гэж байна. Жишээ нь зулзагуудын сургуульд хэрэгтэй материалыг нь цаг тухайн үед нь гаргахын тулд бичиж бөглөх. Шуудан орж бичиг цаас явуулах гэх мэт. 

Чухал зүйлс байсаар байтал заримдаа ч түүнийгээ барьж авалгүй ном шагайх, аяга угаагчаа нэхэх гэх мэтээр суугаад л байдаг юм. Өнөөх л олон зүйлийг амжуулж ядарсан гэдэгтээ итгэсээр, тархи минь түүндээ сэтгэл ханачихаад л...

"Гүн төвлөрч сурах нь дадлага туршлагаар хөгждөг ур чадвар."

"...төвлөрөх чадамжаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ сатаарах гэсэн адын хүслээ дарж сурах ёстой."

"Хэдийд интернет ашиглах эсэхээ урьдчилж төлөвлөөд бусад үед нь бүү ойрт. Ингэхдээ та ажлын компьютерийнхоо дэргэд тэмдэглэлийн дэвтэр тавиад хэдийд интернет ашиглаж болохоо бичиж тэмдэглээрэй. Харин тухайн товлосон цаг болоогүй л бол интернетэд орохыг өөртөө эрс хориглох ёстой. 

Энэ их зүгээр арга шиг санагдав. Гэртээ ч мөн адил энэ аргыг хэрэглэж болмоор. Гэрийнхээ пс-г тэр бүр асаадаггүй л дээ. Блогоо бичих гэж л орж ирдэг. Гэм нь энэ ухаалаг утас л сатаарлын гол шалтгаан болж байна өө. Гар утсан дээрээсээ нүүрномоо устгах гэсэн чинь нэг зориг хүрдэггүй ээ. Устгачихвал заавал пм асааж байж элдэв мэдээлэл олж авах болчихоод, энэ нь эсрэгээрээ цаг их орно гэж айгаад л тэр. Хо хо. 

Нэг дэвшил нь дуу нь байнга хаалттай байдаг. Ямар нэгэн мэдээлэл ирсэн ч би гэртээ бол нэг их шагайж харахаа байсан. Сүүлд нь бөөндөж харчихаад, хариуг нь өгчихдөг болсон. 

"Өөрийгөө зугаацуулах гэж интернет бүү ашигла."

"Чөлөөт цагаа илүү ухаалгаар өнгөрөө... Та чөлөөт цагаа илүү чанартай зүйлд зарцуулах аваас донтуулах нөлөө нь багасах нь гарцаагүй. Иймээс орой үдэш, эсвэл амралтын өдрүүдээр юу хийхээ урьтаж төлөвлөх нь маш чухал. Танд л гэж зөвлөхөд чанартай хоббитой болох нь чөлөөт зорилготойгоор өнгөрүүлэхэд үлэмж дэм болдог."

Бодоод байсан чинь нээрээ л амралтын өдрүүд заримдаа ёстой нэг хийцгүйрсэн өдөр болж өнгөрдөг тийм ээ? Зулзагуудын ямар нэгэн арга хэмжээ байхгүй бол бүр ч нэг тийм лазантрий өдөр болох нь их. Тийм өдөр болж өнгөрөхөөс сэргийлж хааяадаа төлөвлөж уул явах, амьтан хүнтэй уулзах, зулзагуудаа авч орж гарах гэх мэтээр төлөвлөдөг. 

Тэгэхгүй бол хань ижил өдрийн унтлага хийж хурхирна. Би түүнд нь бухимдаж түнтэгнэнэ. Ха ха. Учир нь би өдрийн унтлага нэг хийхгүй, хийсэн ч бага цагаар нүдний хор гаргачихаад л босохыг хичээдэг. Тэгтэл гэрийн бсуад гишүүд их олон цагаар өдрийн унтлага хийгээд, уур хүргэнэ ээ. Зулзагуудаа бол хөөгөөд босгочихдог, нэг л хүнийг хөөж босгож дийлэхгүй, ярьшиг гээд хаячихдаг. Хэ хэ. 

За нэг ном унших гэж их л олон үйлдлээ эргэн харж, засах гэж хичээж, аан ийм учиртай байх нь гэж тархиныхаа хаа нэгтээ хадгалж үлдээнэ гэдэг асар их энерги зардаг ажил байна шүү. Зүгээр л халуун кофе уугаад, ном шагайгаад суудаг биш байх нь... 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿