2026年4月30日木曜日

Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал-3

Бичих гэхээр залхуу хүрээд байна өө. Хэ хэ. Гэхдээ зориглоод бичнэ ээ. Энэхүү залхуурлыг, түр зуурын сэтгэл санааны тайван бус байдлыг давахын тулд 5, 4, 3, 2, 1 гэж тоолоод л эхлэх. 

5 секундын дүрэм номын гол агуулгаас хааяадаа хэрэгжүүлэх гэж оролдоно оо. Яаж зүгээр байхав. Хо хо. 

1. Проактив бай гэсэн дадал. 

Энэ нь дан ганц санаачлагатай байх бус бүхий л амьдралдаа бүрэн хариуцлага хүлээх гэсэн өргөн утга, агуулгатай. 

Жишээ нь реактив хүмүүс сэтгэл хөдлөл, нөхцөл байдал, гадаад орчныхоо нөлөөнд байдаг бол проактив хүмүүс нухацтай тунгааж, болгоомжтой сонгож, дадал болгосон үнэт зүйлсдээ хөтлөгддөг. 

Өөр зөндөө л зүйл бичсэн байна. Товчхондоо санаачлагатай байх, эерэг хандлагатай байх, хариуцлага хүлээх чадвартай байх, идэвхтэй байх, тууштай байх, өөрийн гэсэн үнэт зүйлстэй байж түүндээ тохирсон, ухамсартай сонголтыг хийх юм байна. 

Ийм байхыг хичээсээр л ирсэн мэт боловч хангалтгүй юм шиг байна шүү. Ялангуяа энэ гэр бүл дэх харилцаанд...

2. Төгсгөлийг нь төлөвлөж эхэл. 

...яг энэ мөчөөс эхлээд таныг амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл бүхий л үйл хөдлөлөө тодорхойлох төсөөлөл эсвэл парадигмтай болгоход оршдог. Та амьдралынхаа бүхий л хэсгүүдээ буюу өнөөдрийн, маргаашийн, дараа долоо хоногийн, дараа сарын зан авираа өөрт тань хамгийн чухал зүйлтэйгээ уялдуулах хэрэгтэй.

Ийм байдлаар төгсгөлөө төлөвлөснөөр та хэдийд ч онц чухал хэмээн тодорхойлсон зарчмаа зөрчихгүйгээс гадна өдөр бүр амьдралынхаа туйлын зорилгын төлөө шаардлагатай алхмуудыг хийж чадна. 

Үүнтэй холбож бичсэн нь та өөрийнхөө оршуулгыг нэг төсөөл дөө, ямар байхыг хүсч байна, хэн ямар үг хэлээсэй гэж хүсч байна, дотны хүмүүстээ, найз нөхөддөө хэрхэн дурсагдахыг хүсч байна? Тэгвэл та одооноос үр бүтээмжтэй, зөв ямаьдрах. Мөн гэр бүлийнхэндээ цаг гаргаж чаддаг байх гэж уншсан юм. 

Бодууштай, тийм ээ? Бид энд ээж ааваасаа хол, тэр бүр амьд харилцаа үүсгэж чадахгүй байгаа ч уулзахаараа бол харин ч нэг дотно, гүн гүнзгий, биесээ гэсээр буцахыг хичээдэг дээ. 

Нэг гэрт байж хоорондоо үг солихгүй, олигтой ярилцахгүй гар утсаа маажсан хүмүүс их байдаг гэж уншиж, үзэж байна. Хааяа бид ч тийм үйлдэл гаргачихсан л сууж байдаг. 

Бага зулзага минь жаахан тулдаа л гэр орныг минь дуу шуу оруулж, инээлгэж, уур амьсгалыг зөөллөх юм даа. Түүнээс дан томчууд бол ч...

Зулзагатаа аль болох цаг гаргаж, хамт тоглож, хамт уншиж, тэвэрч, наалдаж, эрхэлж байхыг чухалчилж байна өө...

Гэх мэтчилэн миний амьдралын утга учир, нандин зүйлс, үнэт зүйлс юу вэ? гэж өөрөөсөө асуух цаг иржээ. 

Энд бас нэг аятайхан санагдсан нь хувь "Хүний тунхаглал бичиж, унших, цээжлэх" гэсэн байлаа. 

Өөрийнхөө төвийг тодорхойлох нь бас л чухал санагдав. Ингэхэд миний амьдралын төв юу юм бол? Үүнийг тодорхойлох нь тийм ч амар бус шиг санагдав. 

3. Хамгийн чухлыг эхэнд тавь.

За энэ дадал бол ерөнхийдөө цаг ашиглалтын талаар бичжээ. Дадлын гарчигнаас харахад л ойлгомжтой тийм ээ? Би хийх зүйлсээ чухлаас нь бус амархнаас нь эхэлж хийх гээд байдаг талтай. 

Яахав сүүлийн үед ач холбогдлоор нь дугаарлаад, тухайн өдөртөө алийг нь эхэлж хийх ёстойгоо бичиж тэмдэглээд, хэрэгжүүлдэг болоод л байна л даа. Тэгээд ч хувиараа бизнес эрхэлдэггүй болохоор хийх ёстой зүйлсүүд ерөнхийдөө нэг хэвийн. 

Өглөө бослоо, зулзагуудаа албанд нь явууллаа, өөрөө ажилдаа явлаа, орой ирлээ, хоолоо хийлээ, ус засанд орлоо, унтлаа гэсэн нэг хэвийн, уйтай ч юм шиг тойрогтой. Мэдээж дээрх өдөр тутмын ажлууд дундаа дуртай зүйлээ хийнэ, дургүй зүйлээ ч хийнэ. Утсаа маажаад ч амжина...

Өөрт минь үр бүтээмж авчрах зүйлсүүдийг хойш нь тавиад байгаадаа жаахан бухимддаг л даа. Тэр нь юу вэ? гэвэл дасгал хөдөлгөөн. Яахав, ажлаа сольж шинэ ажилд орсноор ирж очихдоо талдаа 25 минут алхаж байгаа минь нэг давуу тал юм даа.

Стевен Р.Кови "Амжилттэй яваа нэгэн амжилтгүй яваа нэгний хийх дургүй зүйлсийг хийдэг. Гэвч дуртайдаа хийдэг юм биш. Харин дургүй сэтгэлээ зорилгоороо дарж чаддаг ажээ" гэж бичсэн байна шүү. 

Япончууд хувийн болон хувьсгалын ажлаа төлөвлөж хийдэг тулдаа түүнээс нь суралцасхийгээд л явж буй хэдий ч яг өдөр тутамдаа, хувийн ажлаа маш сайн төлөвлөж сурмаар байна өө...

Ингэж чухлыг нь эхэнд тавьж эрэмбэлж дадсанаар эцсийн дүндээ өндөр бүтээмжтэй хүмүүс нь бэршхээл төвтэй бус харин ч "боломж" төвтэй байдаг ажээ.

Өнөөдөртөө дуусгая даа. Хэт урт зүйл бичихээр уншихгүй байх. Гол нь би өөрөө гарах ажилтай болчихлоо. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿