2026年5月6日水曜日

Саарал зөгийнүүд

4 дүгээр сарын төлөвлөгөөт ном минь. Иймэрхүү хөөрхөн агуулгатай ном уншвал болж байна шүү. Уншаад л байна. Нэг сарын хугацаанд нэжгээд ном унших байх шүү. Хэ хэ. 

Бид энэ оны 1 дүгээр сард билүү дээ энэ жил унших номнуудаа сонгоход энэхүү ном надад байгаагүй юм. Би ч түргэн шуурхай арга хэмжээ аван, 2 сард гартаа оруулсан байдаг юм. Үнэхээрийн сэргэлэн бүсгүй байна уу? Ха ха. 

Би сэргэлэндээ биш ээ, манай үүгээр ирж, буцаж буй буянтай сайхан хүмүүсийн ач гавъяа юм аа. Хүний дайвар авахад хэцүү болсон цаг дор ном дайхад хүмүүс харьцангуй цааргалаад байдаггүй аваад ирдэг юм. 

Түүнээс одоо ч хүнд юм дайх, өөрөө дайвар авах нь асар их эрсдэл дагуулдаг болжээ, тийм ээ? 

"Саарал зөгийнүүд" гэдэг ном. Нэг их онцгой үйл явдал ар араасаа хөврөөд байхгүй мөртлөө цаанаасаа нэг тийм хөөрхөн баатартай. Зохиолын баатрууд нь их гэнэн, цайлган хүмүүс санагдсан. 

Энгийн иргэд нь ч, хянан шалгаад байгаа байцаагч нар нь ч, дайтаад байгаа цэрэг эрс нь хүртэл цаанаа л нэг тийм "хүнээрээ" байгаад байх шиг. 

Ер нь энэ дайныг хэн эхлүүлчихэв ээ? Аль улс нь эхлүүлчихэв ээ? 

Мэдээж дайтаад байгаа учраас хүн үхнэ үрэгдэнэ. Гэхдээ энэ номонд тэр үхлийн тухай нэг их дэлгэрэнгүй гарахгүй. 

Ганц нэг хүн амь үрэгдэнэ л дээ. Эвий минь, эвий минь. 

Зохиолч нь Андрей Курков. Би анх удаагаа зохиолоос нь уншиж байгаа болов уу? Монгол хэлнээ орчуулагдсан, дээхэн үеийн ном байвал уншсан байж ч магад. Сайн санахгүй байна өө. Уншаагүй л болов уу?

Укриан гэж дэлхийн хамгийн үржил шимтэй хөрстэй гэнэ. 

Мөн "Байгалийн баялаг, газрын тос олборлодог гээд ирээдүйтэй орон болов чиг эдгээр нь олигархуудын мэдэлд болохоор шимийг нь улс орон нь хүртэж чаддаггүй" гэдэг өгүүлбэртай таарав.  

Эх оронтой минь агаар нэгэн юм даа гэж харамсав.

Зохиолч нь 1995 онд анхны романаа хэвлүүлсэн, өдгөө нийтдээ уран зохиолын чиглэлээр 19 роман, 9 хүүхдэд зориулсан ном, уран сайхны нийт 20 орчим кино зохиол бичсэн гэнэ. 65 орны 37 хэлээр орчуулагдсан байдаг гэнэ, бүтээлүүдээс нь. хамгийн алдартай нь "Үхэл ба оцон шувуу" хэмээх роман гэнэ. Бүтээл бүрдээ ямар нэгэн амьтан дүрсэлж, ёгт өнгө аяс оруулж, түүгээр дамжуулан утга санаагаа илэрхийлдэг онцлогтой юм байна.  

Энэхүү "Үхэл ба оцон шувуу"-г нь олж уншина аа. Бодвол монгол хэлээр орчуулагдсан байдаг байх тийм ээ?

Романы гол агуулга нь дайны үеэрх эгэл жирийн иргэд юу бодож, юуг мэдэрч, өдөр тутамдаа ямаршуухан амьдрал туулж буйг тод томруун өгүүлжээ. Укрианы Донбассын саарал бүсэд болж буй үйл явдал. 

Гол дүр болох Сергей Сергеич нь тосгондоо үлдсэн цөөхөн хэдэн оршин суугчдын нэг. Цөөхөн ч гэж дээ, хоёрхон л "оршин суугч" үлдсэн мэт. Нэг нь гол дүр, нөгөөх нь гол дүрийн "найсан" болох Пашка. 

"Найсан" гэдэг үг хөөрхөн. Дайсан, найз гэсэн хоёр үгийг нийлүүлчихсэн юм угтаа. Сергэй Сергеичийн өөрийнх нь бодож олсон үг. 

Пашкатайгаа үргэлжийн мөнхөд дайсагналцсан, жөтөөрхөлцөцгөөсөн хоёр байж. Тэгсэн дайн болоод, тосгондоо хоюулхнаа шахуу үлдчихсэн улс чинь мянга дайсагнаад хол явахгүй шүү дээ. Хэ хэ. 

Тийм болохоор одоохондоо хааяадаа ганц нэг үг солилцдог, хамтдаа сто грамм татчихдаг найз нь болчихсон тул "найсан" нь гэсэн үг. Хо хо. 

Гол амьжиргаагаа залгуудаг нь зөгийн аж ахуй. Зөгийнүүдээ бэлчээрлүүлэх, тайван аюулгүй газарт аваачихаар шийдэн, замд гарна. Замдаа олон л ааш араншинтэй хүнтай таарна. Хаа очиж бүр нэг айхтар зэрлэг, балмад хүмүүстэй таардаггүй.  

Ар араасаа хөвөрсөн элдэв үйл явдал тохиохгүй ч зохиолын гол дүрийн дотоод сэтгэл рүү их өнгийсэн, айдас, сэтгэл дэх тэмцэл, итгэл найдварын тухай өгүүлнэ. 

Зөгий гээд л уншсан чинь манайд хоёр од хүүхэн санаанд ороод болдоггүй. Томоко, Наараа хоёр. Ха ха. 

Зөгий  арчилгааны талаар нэг их гарахгүй болохоор, их л амархан юм шиг санагдаад, тэгээд л "хэл амтай, гавшгай"  эл хоёр бүсгүй зөгийгөө занималдаад, мөнгөжөөд байгаа юм бол болов уу? Би ч бас зөгийн үржүүлдэг юм билүү? ч гэж бодоод амжсан. Хо хо. 

За энэ наргиа ч яахав, ер нь энэ дайн хэнд хэрэгтэй вэ? Хамгийн их хохирол амсдаг нь мэдээж улиг болохоо шахаад, хүмүүс нэг их тоохоо байсан эгэл жирийн иргэд, байгаль дэлхий, ан амьтан...

Ингэж ярьж бичсээр байгаад дайтаж буй улс, дайн эхлүүлж буй шийдвэр гаргагчид "биднийг" тоохоо байчихсан мэт зэвүүн...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿