2026年6月8日月曜日

Женни Герхардт

5 дугаар сард уншсан ном. Уран зохиолын ном. Нэлээд дээр худалдаж авсан. Японд ганц нэг ном зардаг хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүсийн нэгнээс авсан. Ковидын үеэр, монголоос ном авч чадахгүй байхдаа худалдаж авч байсан санаад байна. 

Теодор Драйзер зохиолчийн 1911 онд хэвлүүлсэн ном "Женни Герхардт" гэдэг ном. Эвий минь, эвий минь. Үнэхээрийн гэнэн хонгор бүсгүй юм аа. Үзэсгэлэн гоо, гэнэн хонгор, үнэнч зангаараа эрчүүдийн сэтгэлийг татна. 

Хаа очиж сэтгэл зүрхийг нь эзэмдсэн эрчүүд нь тийм ч муу байгаагүй. Харин ч "мужик" хүмүүс байсан шиг...

Харамсалтай нь эхнийх нь эр хүн цагаасаа жаахан эрт "таалал төгсчихдөг".  Хүүхэдтэй болоод хоцроно. Одоо цагийнхаар бол тийм ч гайхаад байх биш зүйлүүд тухайн цаг үед "цээрлүүштэй, ёс зүйгүй, ичгэвтэр, ёс бус, тэвчишгүй" гэж үздэг байжээ. 

Тухайн цагийн нийгмийн байр байдал, хүмүүсийн нийгмийн давхарга, шашин, итгэл үнэмшил нь өөрсдийнх нь болон эргэн тойрных нь хүмүүст сөргөөр нөлөөлөөд, хувь заяаг нь буруугаар эргүүлдэг байж ээ. 

Төгсгөл нь ч нэлээд эмгэнэлтэй байлаа. Сэргэлэн хөөрхөн охин нь өвчнөөр нас барчихдаг нь үнэхээрийн харамсалтай. Ээж, аавын үхэл бол нэг ёсны жам ёсных байлаа гэж үзвэл охиных нь үхэл цаг бус, өвчнөөр үхчихдэг нь Женний бүсгүйд хэрхэн хүнд тусах нь ойлгомжтой. 

Сүүлд учирдаг, Лестер Кейн хэмээх залуу харин Женнид үнэхээрийн хайртай байж, амьдралынхаа эцсийн мөчид Женниг дуудан ирүүлж хайртайгаа хэлж буй нь догдлом байлаа. 

Лестерийн гэрийнхэн мэдээж Женнид дургүй. Учир нь гарал үүсэл нь "дор". 

Яагаад ч юм монголд байхдаа орос сувгаар үздэг байсан "Просто Мария" гэдэг кино санаанд ороод. Хөдөөний нэг гэнэн хонгор, үзэсгэлэнт бүсгүй болох Мариягийн тухай гардаг. Төгсгөл нь бол тийм ч муугүй л байсан. Хөлөө олно, нэрд гарна гээд л...

6 дугаар сард дан уран зохиолын ном унших санаатай, эхнээс нь уншаад эхэлсэн. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿