2020年8月13日木曜日

Амттан

 Амттан идэх гоё тийм ээ? Байнга л идмээр байдаг, гэхдээ бас жин мин, эрүүл мэнд зэндээ бодоод хязгаарлалт тогтооно.

Үүнийг найз өгөөд. Тоор жимс. Яг одоо улирал нь. Хөөрхөн үнэтэй. Амт гэж тансаг. Дуртай гэж юүхэв. Баярлалаа найз аа, уншиж байгаа бол. Хэ хэ.

Бид уг нь жил бүр өдийд уулынхаа хэдийнд очиж энэ жимсийг ханатлаа иддэг байхгүй юу. Энэ жил гайтай вируснаас болоод явж чадаагүй. 

Гэхдээ хөөрхийс минь шуудангаар явуулсан. Энэ жил борооны улирал урт байсан болохоор гоё гараагүй. Ганц нэг нь дотроосоо муудсан байж магад шүү гэсэн. Бидэнд бол дотроо жаахан муудсан, нялцайсан энэ тэр бол огтоосоо ч хамаагүй. 

Энэ жимс чинь өөрөө маш эмзэг. Жаахан ширүүхэн гар хүрчихээр хөхөрчихдөг байхгүй юу. Тэгээд тэр хөхөрсөн хэсэг нь томроод мууддаг юм билээ. 

Бага зулзага маш сайн хөхөж идэж байгаа. Шүүсийг нь сорж уучихаад л жимсийг нь хаяад, тэрийг нь ээж түүж идээд л. Ккк. 

Гоё гоё жимс их гарч байна лээ. Усан үзэм гараад эхэлчихсэн байсан. Авч иднэ ээ. Гоё чоко ч авч иддэг юм билүү? За за чоко бол жилийн 4 улирал байж л байдаг хойно, улирлын жимсээ авсан нь хамаагүй дээр юм байна.

Монголд айраг амттай байгаа даа, шүлсээ залгимой...

2020年8月12日水曜日

Хүүхдийн ном 8

Энэ удаагийн ном нь Аннэ Франкийн намтар. 

Шавж судлаачийн тухай номны цуврал хэсэг тул ном нь хоёр талаасаа уншиж болно. Ар талаас нь уншихаар таавар маягаар, онцлох үйл явдлыг он жилийн дарааллаар шууд жагсаасан. 

Эхнээс нь уншихаар энгийн байдлаар бичигдсэн.

За тэгээд энэ охины тухай мэдэхгүй хүн ховор биз дээ? Өдрийн тэмдэглэл нь нэлээд эрчимтэй уншигдсан байх. 

Би олж авч чадаагүй ээ. Балай вируснээс болоод амьтан хүн ирж очихгүй, шуудан энэ тэр ч тоотой болчихсон болохоор юун ном авахтай манатай.

Германы Майны Франкфурт хотод 1929 онд төрсөн. 1945 онд буюу 15 насандаа "Берген-Белзен" дэх еврейчүүдийг олноор хорих лагерьт нас барсан. Дайн дууссаны дараа гэрээсээ ганцаархнаа амьд үлдсэн аав Отто Франк нь өдрийн тэмдэглэлийг нь олж хэвлүүлсэн. 
 
Сонирхолтой санагдсан тул тэсэлгүй японоор уншихаар шийдлээ.
 
Тэгээд л бодлоо. 2 жил гарангийн хугацаанд гадны ертөнцтэй огт харьцалгүй, жижигхэн умгар өрөөнд олуулаа орогноно гээд л. Төсөөлөхөөс ч айдастай.
 
Бид карантийлаад хэдийгээр эрх чөлөөтэй ч орж гарахад хэцүү байна, чөлөөгүй байна гэж гомдоллоод, хааяа ч галзуурах нь холгүй байхад тийм ээ? 

Дайн дуусаад 75 жил. Сая энд ч Хирошима болон Нагасаки-д атомын бөмбөг хаясны 75 жилийн ой болсон. Ой гэхэд хаашаа ч юм тийм ээ? Дахин ийм гамшиг бүү тохиогоосой гэж л залбирах юм даа. 

Аннэг охидтойгоо адилтгаад л бодлоо. Шилжилтийн насны охид ч бас л ааш нь олдохгүй хэцүү шүү дээ. Өөрийн өрөөтэй тулдаа л хааяа өрөөндөө бүгчихээд, гэдэс нь өлсөхөөрөө, уур нь гарахаараа гарч ирнэ. Хэ хэ. 

Аннэ энэ хоёр жилийн хугацаанд ээжтэйгээ нэлээд тэрсэлддэг байсан гэсэн. Үүниийг үнэхээр сайн ойлгож байна. Охид ер нь энэ шилжилтийн насандаа ээжтэйгээ илүү зөрчилддөг юм шиг ээ, тийм үү? 

Би бас багадаа зөрчилддөг л байсан санадаг. Урдаас нь хэг ёг гээд л...

Хэлтэй устай та нар минь нэт гуайгаас хайж уншина биз дээ? Намтрыг нь сонирхож байвал шүү дээ. Өдрийн тэмдэглэлийг нь авч эсвэл зээлж уншина аа. 

Гэснээс орогнож байсан барилга нь тэр хэвээрээ хадгалаастай байдаг гэсэн. Нидерландын нийслэл Амстердам хотод. Нартай сайхан өдөр очиж үзэх боломж тохиох болтугай...

Ээжүүд минь охидтойгоо бага тэрсэлдээрэй, тэвчээд л гарахыг хичээгээрэй. Хи хи. Бүгдэд нь амжилт шүү...

2020年8月11日火曜日

Сонин сайхан?

Өглөөний мэнд ээ. Бүгчим халуун, саунд байгаа юм шиг л байна аа.

Хагас, бүтэн сайн, нэг дэхэд амраад өнөөдөр ажилдаа ирж байна. Хоёр өдөр ажиллачихвал дөрвөн өдөр амарна. Миний зуны амралт. Богинохон байна уу? Хэ хэ. 

Мэдээ уншаад л хямардаг болж. Ашгүй гурван өдөр титэм нэмэгдээгүй. Одоогоор 21 хүн туссан байна. Эртээд 20 гэж бичсэн дээ. Орой нь нэгээр нэмэгдээд 21 болчихсон. Харин энэ амралтын өдрүүдэд нэмэгдсэнгүйд нь баярлаад байгаа. 

Эсрэгээрээ осол нэлээд болж, 4 хүн нас барсан. Нэг нь суугуул мужийн оршин суугч. Гэрээрээ далайд сэлэхээр явсан. Хоёр охин нь давалгаанд татагдаад живж байхад нь аав нь аврах гэж яваад. 

Эхлээд том охиноо аварсан. Дараагаар нь багыгаа аврах гэж ороод, хоёулаа живээд. Хүмүүс авраад, аав нь эмнэлэгт нас барчихсан. Охид нь амьд.

Хажуугийн мужид бас  далайд шумбаж тоглохоор ирсэн залуус. Нэг нь амиа алдаад, нэг нь олдоогүй. 

Хүмүүсийн анхааралгүй, анзааргагүй үйлдлээс л болоод байна. Далайд шумбаж тоглож болдог газар гэж байна аа. Тусгай зөвшөөрөлтэй. Тийм газарт биш, аврач энэ тэр байхгүй, зөвшөөрөлгүй газар очиж тоглож яваад осолдоод байх юм аа. 

Халуун гэж жигтэйхэн байна. 37.1 хэм хүрсэн. Япондоо хоёрт орсон. Бид титэм энэ тэрээс айгаад гэрээсээ толгойгоо ч цухуйлгаагүй.

Монголд бас нэг сайхан гэр бүл ослоос болоод сүйрчихлээ тийм ээ? Яасан ч хэцүү юм бэ дээ? Яг юу болсныг сайн мэдэхгүй ч, томчууд бид л анхаарал, боломж дутаад байх шиг?

Эх оронд минь зам тээврийн ослоос эрдэнэт хүний амь их осолдох юм аа. Үүнийг багасгаж болох юм шиг санагдаад... 

"Яараад яахав дээ" гэдэг уриаг сайн баримталж жолоо баримаар байна аа. Энэ жил ээжийгээ аавыгаа, ах дүү нараа хөдөө гадаа зугаалахаар явахад сэтгэл тайван бус байсан. Гэртээ хариад ирэхээр нь л нэг санаа амарсан. 

Дор бүрнээ болгоомжтой байна шүү. Би бас машинаа сонор сэрэмжтэй жолоодно оо. Хааяа ч бас осол гаргахаа шахдаг шүү. Дараа нь бодоод, гэмшдэг. Азтайгаа гайхна. Сонор сэрэмж чухал гэдгийг мэдээ унших, сонсох бүрдээ мэдэрч байна аа.

Уншигч та бүхэн бас анхаарал, боломж, сонортой байгаарай. Бүгдэд нь амжилт хүсье ээ.

2020年8月10日月曜日

Хөршийн болон найзын холбоо

Ойрд чимээгүй байсан хөрш минь хонх дараад хүрээд ирсэн. Тэгсэн дараах зүйлийг өгсөн. 


Цэлцэгнүүр? Царцаамаг? Яг юу гэдгийг нь хэлж мэдэхгүй л байна. Амт бол таалагдсан. Хэт нялуун биш, бага зулзага бас амтархан идсэн. Нэг дор бүгдийг нь өгч бас болохгүй. Хоёр хувааж өгсөн.

Чихрийн хэрэглээг нь хянаж байгаа ухаантай. Тэртэй тэргүй хоолноосоо, бас бус амттнаас авч буй чихрийн хэрэглээ өндөр гэж үзэж буй тул. Одоогоор ундаа өгөөгүй, чихэр өгөөгүй, чоко өгөөгүй. Эгч нар нь хааяа харуулж байгаад л зайрмаг иднэ. Өнөөх нь одоохондоо зайрмагийг ямар амттайг мэдэхгүй болохоор нэхэж барихгүй, амар. 


За үүнийг найз өгсөн. Найзад минь холоос ирсэн. Австриас. Энэ чоког нэлээд дээхэн бас найзууд Австри билүү Итали билүү явж ирэхдээ авчирч өгч байсан. Би зураг хөрөг оруулсан болов уу? Яасан бол? Мартчихаж. 

Архиваа хайвал гарч ирж магад. Ингэж болсон болоогүй , идэж уусан зургаа авч оруулах их зүгээр санагаад л оруулдаг юм шүү. Түүнээс гайхуулж байгаа зүйл огтоос биш шүү. Хэ хэ. 

Хэдэн жилийн хойно уншихад гоё шүү дээ. Дурсамж сэдрээд л. Аан, нээрээ тэр үед тэгж ингэж яваад идэж уусан байх нь. Ингэж тэгж зугаалж байсан байх нь гэж эргэн дурсаад л. Тийм үү? 

Тэр найз минь үүнийг өгч байсан байх нь гэж бас санана. Хүн гэдэг амьтан чинь авснаа мартчихдаг юм болохоор. Олон хүмүүсээс сэтгэл санааны болон эд материалын бэлэг авч, өдий зэрэгт хүрчээ гэдгээ байнга санан талархаж явах ёстой гэж хаанаас ч билээ уншсан шүү.

 Та нар ч бас бүх л зүйлд талархаж сураарай. Амжилт хүсье өө...

2020年8月9日日曜日

Зурсаар л...

Бага, дунд зулзага бид гурав зурсаар л байгаа шүү. Орой бүр. Амралтаар бол өдрийн цагаар ч зурна. 


 Гайгүй зурчихдаг эгчтэй шүү бага минь. Их л тус болох юм даа гэж.

Эгч нарынхаа шийрийг хатаагаад зурдаг болчих санаатай араас нь элдээд л явна. Зургийн хичээл, дүрслэх урлагийн хичээлд түүртүүлэхгүй байх санаатай ээжийн бодлого. Мэргэжлийн зураач болохгүй ч эвлэгхэн зурчихдаг байхад болно дөө тийм ээ.

За үүнийг бол зурдаг хүмүүс л ойлгох байх. Нэг бол асар өндөр мэдрэмжтэй хүн. Хэ хэ. 

Ингэж сараачиж зурахыг маш сайн чадна шүү дээ. Дугуйлж сараачихдаа ч мундаг гэж байгаа. 

Зүүн гар нь бас сайн зураад байдаг шүү. Солгой болж магад гэж бодоод л. Гэхдээ баруун гарыг нь аль болох ашиглуулах гэж оролдож л байна.

Хүүе энэ гүүглийн блогийн тохиргоонуудад өөрчлөлт орчихож тийм үү? Зурагнууд минь өмнөхөөсөө өөрөөр ороод байна. Засаж залруулах гэсэн зарим нэг зүйлийг нь ойлгохоо байж. Яваандаа дасаад, мэддэг, чаддаг болоод явах байх даа тийм ээ? 

За жаахан мааматай ээж аавууд минь тулж ажилладаг юм шүү дээ. Тэгвэл ямар ч хүүхэд эвтэйхэн зурчихдаг болох байх аа.

2020年8月8日土曜日

Унш унш бас дахин унш

Хоёр том зулзага номын сантай сайн нөхөрлөнө өө. Мужийн харъяа номын санд нь илүү дуртай гэсэн. Номын тоо их, төрөл их гэсэн.

Би болохоор ажилтай ойрхноор нь хотын харъяа номын санг нь сайн ашиглаж байна даа.
Энэ хичээл амрахаас долоо хоногийн өмнө мужийн харъяа луу нь орж ном зээлсэн байдал. Титэм вирустай холбоотойгоор нэг удаад 30 ширхэг ном зээлж байгаа юм билээ.

Бид 13-ыг л зээлсэн. Эдгээр зээлснийгээ ихэвчлэн бие даалтандаа ашиглах ном. Үүнээс нь би сонгож байгаль судлаач Фабрын тухай уншссан болно. Мэдлэгийн сан минь нэмэгдсэн шүү. Ямартай ч ийм хүн байжээ, тийм ном бичжээ гэж мэдэж авлаа.

Бага зулзагаа жаахан томроод хорхой шавж сонирхоод ирэхээр нь шавжны тухай ном зээлж уншина даа. Блогтоо бас бичихийг хичээнэ ээ.

Уншмаар ном зөндөө байна аа. Хэсэгтээ япон номоо завсарлаж монгол ном унших санаатай. хаа байсан Шизүока мужаас нэг зузаан ном давхиад ороод ирсэн байгаа. Хальт эхлүүлээд орхичихсон.

Өөрийн ном биш тул шууд номон дээрээ тэмдэглэж болдоггүй. Бас цаасаа бэлдээд тухтай уншчих санаатай...

За бүгдэд нь амжилт шүү... Удахгүй хичээл эхлэлээ дээ. Тарзан болчихсон хүүхдүүдээ хүн төрхөнд нь оруулах гээд л сандарч байна уу? Хэ хэ.

2020年8月7日金曜日

20 дахь титэм

За өнөөх гайхал титэм чинь 20 боллоо. 19 дэх удаагийнх нь цэцэрлэгийн насны хүүхэд. Аав нь хэд дэх ч гэнэ үү? титэмтэй гарсан байсан байна. Тэгээд аавынхаа ойрын хавьталт учраас эерэг гарч дээ.

20 дахь нь одоогоор тодорхойгүй байна. 30-д насны эрэгтэй л гэж гарсан.

Ер нь бид ч хэдийд тусах нь мэдэгдэхээргүй ойрхон, хаяанд ирээд хаалга тогших өдөр ойртоод байгаа ч юм шиг. Түй түй, муу ёр...

Бас нэг сонин гэвэл? 10 жилийн нэг сурагч туссан гэж хэллүү? Тэр нь манай ажил байрладаг байшингийн 2 давхарт бүжгийн дугуйланд явдаг байсан юм байна.

Тэгээд хагас сайнд барилга тэр чигээрээ хааж байгаад ариутгал хийсэн. Бүтэн сайнаас нь хэвийн үйл ажиллаж байна.

Нэг өөрчлөлт гэвэл хойд хаалгаа барьсан. Би ихэвчлэн хойд хаалгаар орж гардаг юм. Төв хаалга руу алхах гэж бас л урт зам шүү. хэ хэ. Гол нь халуунд урт санагдаад. Түүнээс алхаж байхад илүүдэхгүй л дээ.

Мөн үүдэнд гараа ариутгаад, халуунаа хэмжүүлнэ. Хуванцар нүүрний хамгаалалттай хүн зогсоод орж гарч буй бүх хүмүүсийн халууныг үзнэ. Халууны шил нь духанд ойртуулахад л хэмжээд гаргаад ирдэг халууны шил. Гэртээ нэгийг авдаг ч юм билүү гэж бодож энэ тэр...

Гэх жишээний, титэмтэйгээ эвлэрч эхэлж байх шиг байна энэ япончууд. Төв газраар их л байна гэсэн. Холуур холуур гэж бодсон чинь ойр ойр болчихлоо. Хэ хэ.

Хөрш айлын самганы охин нь өдийд зээг нь дагуулаад эмээ өвөө дээр нь ирдэг юм. Тэгсэн энэ жил ирж чадахгүй. Хавраас хойш хичээлдээ явахгүй багаа, их ойрхноос нь халдвар гараад, карантийн удаан явагдаж байгаа гэсэн. Хоёр тэрсхэн банди бий. Одоо ч овоо том болоо доо.

Зуны амралтаар өглөө хийдэг дасгалыг манай багийнхан цуцалсан. Дунд зулзагат их амар байна. Ээжид ч мөн адил, өглөө жаахан хэвтэх гээд байдаг хүнд.

20 титэм минь цаашид битгий нэмэгдээсэй гэж залбарин залбарин энэ бичлэгээ өндөрлөе дөө.

Түр баяртай, бүгдэд нь амжилт шүү...

2020年8月6日木曜日

Хүүхдийн ном 7


19-р зуунд амьдарч байсан Жан Анри Фабр гэх франц хүн. Түүний бичиж гаргасан 10 боть “Шавжны тэмдэглэл” ном нь одоо ч чухалд тооцогддог. Хамгийн гол нь тэрээр байгаль дээр амьдаар нь судалж, ажигладаг байж.

Багадаа их сониуч хүүхэд байжээ. 3 настайд нь эмээ өвөө нь харна. Байгалийн сайхнаар хүрээлүүлсэн бяцхан тосгонд бага насаа үднэ.  Маш ядуу байсан ч сурлагаар тэргүүлж улсын зардлаар сурсан.

Багшлангаа шавжны судалгаагаа хийдэг байж. Сурагчдадаа, эцэг эхийн дунд их нэртэй хүндтэй багш байсан.

Байгаль судлаач гэдэг үүднээсээ эх орон нь түүнийг тухайн үед нэг их үнэлдэггүй байж. Харин герман хэлтэй орнууд, Голланд хэлтэй орнуудад өндрөөр үнэлэгдэж нэрд гарсан. Мөн японы шавж судлалын хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.

Мөн дуу шүлэг их бичсэн гэж байна. 91 насандаа таалал төгсчээ...

Jean-Henri Casimir Fabre гээд хайгаад үзвэл дэлгэрэнгүй уншиж мэдэх боломжтой шүү.

За тэгээд хүүхдийн ном тул аль болох сонирхолтой татахаар бичжээ. Номыг хоёр талаас нь уншиж болно. Араас нь эхэлж уншиж болно гэсэн үг. Араас нь уншихад зурагт таавар маягаар бичигдсэн байсан.

Хөдөө гадаа явахдаа ЖИРХРЭЭ гээч шавжтай таарвал мөн чадвал зураг авахыг бодоорой хүмүүсээ. Энд ЖИРХРЭЭ чарлаад? сонсголонтой л байна. Хэ хэ.

Саяхан энэ жирхрээ гэдэг үгийг олж мэдээд ээ. Яг өдийд гарч ирдэг сэми гэдэг шавжийг монголоор жирхрээ гэдэг юм байна. Өдий олон жил энд байхдаа анх удаа л сонирхож хайсан, ашгүй олдлоо. Хэ хэ.

Иймэрхүү хүүхдийн танин мэдэхүйн ном ихээр хэвлэгдэж гардаг бол тийм ээ? Манай монгол хүүхдүүд? хүмүүс хараад байхад хорхой шавжинд дургүй тийм ээ? Орилж чарлаад сүйд болдог тийм ээ? Хэ хэ.

Ялангуяа аалз харахаараа муухай чарлаад байдаг, охид. Бага байхад аалз албал арван тамтай гэдэг байсан билүү? Юу билээ? Ккк

Энэ хүний бичсэн "Шавжны тэмдэглэл" Souvenirs entomologiques номыг орчуулж хэвлээд, сургуулийн номын сан зэрэгт өгвөл олон хүүхэд сонирхох байх даа? Эсвэл гарсныг нь би мэдэхгүй байж ч мэднэ...

За бүгдэд нь амжилт шүү...

2020年8月5日水曜日

Дугуй ба банзал

Энд дугуй гэдэг чинь маш чухал унаа шүү дээ. Багаасаа унадаг болохоор маш сайн унана. Ээжүүд нь бүр ардаа урдаа зулзагуудаа суулгачихаад л жийж өгнө.

Тэгсэн би яасан? Огтоосоо чадпахгүй. 23-тайдаа анх дугуй унаж сурсан. Анх бол гудамжинд овоолгоостой хог руу хэд хэд унаж, өвдгөө шалблаад л...

Сүүлийн 10-д жил харин унаагүй. Жолооны үнэмлэхтэй болсноос хойш. Мартсан мартсан.

Юу бичих гээд оршил нуршаад байна гэхээр?

Өчигдөр ажлаасаа гараад машиныхаа зогсоол хүртэл алхаад. Унаандаа суучихаад л хөдлөх гэсэн зам таглаад нэг охин дугуйтайгаа ноцолдоод байна аа. Эхэндээ нэг их удахгүй байх гэж бодоод машиндаа суугаад байлаа. 5 минут орчим боллоо. Цагаа харсан чинь бага зулзагаа авах цаг минь яваад байна шүү.

Тэсэхгүй зүгээр үү? гээд буугаад очлоо. Тэгсэн урт банзлынх нь хормой дугуйтай нь орооцолдоод.

Хоёулаа үзэж тарлаа. Тэгсэн охин тэгж байна аа. Яадаг юм билээ? Тайлж болохгүй...

Нээрээ л ямар тайлалтай биш. Би бол дотроо машинд хайч яваа юмсан, бүр болохгүй хайчилдаг юм билүү? гэж бодов.

Ноцолдож ноцолдож санаандгүй дугуйг нь хойшоо түрсэн чинь хормой нь гайгүй салаад гараад ирсэн. Өнөөх охин баярлалаа гээд л бөхөлзөж өгсөн. Би ч болгоомжтой яваарай гээд зулзага руугаа яарсан.

Багахаан хожимдож очсон. Гэхдээ яахав, нэг хүнд тус хүргэж яваад хоцорсон юм болохоор сэтгэлд таатай байв.

Тэгээд бодлоо? Дугуй унахдаа өмд, богино өмд гэх мэт нь зүгээр юм байна даа гэж. Богино банзал бол бас гаагаа энэ тэр нь харагдаад байдаг тийм ээ? Тийм болохоор эдний арван жилийн охид дүрэмт хувцасныхаа банзал дотуур заавал шоорт өмсөөд байдаг юм билээ.

Охиддоо сайн хэлэх юм шүү. Том зулзага урт банзал өмсөөд байдаг юм...

Бүгдэд нь амжилт...

2020年8月4日火曜日

Амралтын эхний өдөр

Зуны амралт эхлээд хэд хоночихлоо. Эхний өдөр нь хагас бүтэн сайн таарсан тул, аав нь зулзагуудаа хөгжөөх гэж хэрэндээ хичээлээ. Хэ хэ.

Том зулзага болохоор өдөрт 15 цаг хичээл хийхгүй бол амжихгүй гэсээр номын сан явсан. Бүтэн сайнд нь харин гэртээ. Биднийг чимээ шуугиан ихтэй байна гэж загнасан. Хэ хэ.

Хоёр багыгаа хөгжөөх уг нь ч амархан л даа.
Далай явж чадахгүй байх гээд ийм зүйл авсныгаа гаргаж ирж тоглууллаа. Нэлээд том тул ус их орох юм билээ. Гэрээрээ яваад орсон ч болохоор. Даанч би ми явж орно гэхээр жаахан ичээд л байна. Бондгор хөөн би...

Нэг юмтай болохоор өөр нэг зүйл хэрэг болоод байх юм тийм ээ? Дээрээ нарнаас хамгаалах саравчтай болохгүй бол зулзагууд минь нарших юм гэж онош гаргасан. Удахгүй авах юм гэсэн хань ижил.

Үүнийхээ хажууд жижиг майхнаа зоогоод л, мах шарж илэх бэлтгэлээ хийчихвэл ч хөдөө гадаа гарч зугаалсны дайтай л болох гээд байна. Хэ хэ.

Айхтар халж буй тул, санаагаар болдог бол ой модтой газар л очиж сэрүүхэн, хүчилтөрөгч ихтэй л амармаар байдаг.

Өгөр муу вируснаас ч нэг болж байна шүү. Тийм ээ?

Ажлын өдрүүдэд багыгаа албанд нь өгчихөөд, хоёр эгч нь манай ажил дээр ирж хичээлээ болон даалгавраа хийж байна. Дунд зулзагыг даалгавраа хий гэж үглэх гэж том ажил байна шүү.

Өдрийн цайны цаг болоогүй байхад л өлсөөд гэж гүйж ирээд, инээд хүргээд байх юм. Ажлынхан бас өхөөрдөж инээгээд л.

Хичээл эхлэх хаа ч байсан юм. Гүрийнэ дээ.

За бүгдэд нь амжилт...

2020年8月3日月曜日

18 титэм

Шинэ сар, шинэ долоо хоногийн мэнд ээ.

Амралт сайхан биз дээ? Миний амралт сайхаан. Гэр зуур л амарлаа.

Гэснээс хоёр гуравхан хоногийн дотор өнөө гайхал титэм чинь 18 боллоо. Бүгд л өмнөх титмүүдийн хавьтлууд.

Мужийн, хотын захирагч нар шуурхай л байх шиг байна. Хуралдаад л, хэвлэлийн бага хурал хийгээд л. Иргэддээ уриалга, санамж өгөөд л...

Яамаар ч юм? Сүүлдээ сэтгэл санаа ч сонин болох янзтай шүү. Азаар сургууль амарч таарав.

Нэг нь бүр дунд сургуулийн сурагч гэсэн. Сургуулийнх нь 460 гаран хүн шинжилгээнд хамрагдана гэсэн. Хариу нь сөрөг гараасай л гэж залбирахаас. Өөр юу чадах билээ дээ?

Өө тийм, нэлээд дээхний титмийн нэг болох цэцэрлэгийн эрэгтэй багш гэж байсан даа. Тэрний тухай цуурхал их явж байна аа, хөөрхий минь. Хүмүүс гэр орных нь гадаа зураг хөргийг нь наагаад корона гэж чичлээд л гэнэ. Эхнэрээсээ салж байгаа л гэнэ.

Гол нь мань хүн НУА-тайгаа уулзаж яваад титэмтэй болчихсон гэж цуураад байна. Тэгээд эхнэр нь мэдээд салж байгаа л гэнэ. Цаад НУА нь хүртэл би уйдаад, уулзмаар байсан юм аа гэж хэлсэн л гэнэ.

Үнэн эсэхийг сайн мэдэхгүй ч... Эрчүүд минь ээ, бас НУА нь болж байгаа хүүхнүүд минь ээ? Жаахан бодолтой бай л даа. Өөр юу ч хэлэх вэ дэ, тийм ээ?

Энэ бүхний үр дүнд хүүхэд л хэцүү лээ. Гурван ч хүүхэдтэй гэр бүл гэсэн. 2 нь ид шилжилтийн насан дээрээ явж байгаа гэсэн. Сэтгэл санааны хувьд их хэцүү байгаа гэж бодож л сууна.

Муухай вирусын нөлөөгөөр олон хүний ахуй амьдрал, ажил үйлс хэцүүдэж байна аа тийм ээ?

Эрдэмтэн мэргэд минь бушуухан л нэг дарах арга чарга гаргаж ирээсэй...

Бүгдэд нь амжилт хүсье...

2020年8月2日日曜日

Бороо бороо

Бороо бороо битгий ороосой гэж дуулмаар байна. Төвөгтэй юм өө. Угаасан хувцас хатахгүй, орж гарахад шүхэр дэлгэх гэж. Амны хаалттай адил л төвөгтэй юм.

Амны хаалт ч бас л ядаргаа байна шүү тийм ээ. Заримдаа мартчихаад буцаад л гутлаа тайлж орох гарах гэж. Яарч байхад бүр ч...

Урд хойд нутгуудаар үер болоод л, мэдээ сонсохоор сэтгэл санаа ч тогтворгүй болчих гээд. Тэгэхээр чинь одоо дархлаа энэ тэр муудна биз дээ? дагаад...

Ганц тоохгүй, баяаж байгаа хүн бол бага зулзага л байна. Эгч нар шигээ гутал нь норно гэхгүй, тэврүүлээд л унаандаа суучихаж байгаа тул.
Ийм хөөрхөн шүхэртэй. Худалч хүнд бараг төрөхөөс нь өмнө авч өгсөн байх шүү. Хэ хэ. Худлаа худлаа, төрөөд удаагүй байхад нь авсан юм өө. Уг нь эгчийнх нь ягаан шүхэр бий л дээ. Бас л хөөрхөн паянтай, үнэтэй авч байсан.

Ягаан, дээрээс нь гүнж энэ тэрний зурагтай тул монгол явуулах гээд хайрцаглачихсан.

Ингэхэд бяцхан үр минь майга байна уу? Хэ хэ. Хүмүүс майга л гээд байна. Эрэгтэй хүн зүгээр шүү дээ, бага зэргийн майга тийм ээ? Ээж аавыгаа дуурайвал майга болохгүй ээ. Мэдэв үү? Хи хи.

Гэснээс шүхрээ даахгүй, хажуу тийш нь унагаагаад л, өөрөө нороод. Эгдүүтэй...

Багыгаа харж баяссан хүн л байна дөө. Бүгдэд нь амжилт...

2020年8月1日土曜日

Баяртай 7 сар минь

За  ингээд 2020 оны эхний хагас дууслаа гэж. Маргаашнаас зуны амралт эхэлнэ. Охид бөөн баяр. Би ч баяр, гэрээрээ л баяр. Хэ хэ.

Энэ жил цөөхөн хоног амрана. Ээж яагаад баяртай байна вэ гэхээр? Мэдээж өдөр хоолны асуудалд тоглойгоо гашилгах өдөр цөөн учраас. Яахав эхний хэд хоног бол сайхан ааштай дээрээ тавиастай, охидоо хайрлан хайрлан дуртай зүйлсээр нь хооллоно.

Түрийвчин дэх хэд минь нимгэрээд ирэхээр өөрийн эрхгүй сургууль цэцэрлэгийн үүрэг өндөртэйг магтан дуулан, хурдан хичээл эхлээсэй гэж чин сэтгэлээсээ хүснэ.

Дунд зулзага найзтайгаа хамт тоглох өдрөө, хамтдаа номын сан орж ном зээлэх өдрөө гээд төлөвлөгөөгөө аль хэдийн гаргаад, хуанли дээр биччихсэн, үзүүлээд байсан. 

Том зулзага хичээлээ нухаад л байна. Эндхийн жюкү, монголоор нэмэлт төлбөртэй хичээлд суудаг гэж байсан даа. Тэрнийхээ зуны хөтөлбөрийн нэмэлт хичээлд сууж байгаа. Төлбөр нь асар өндөр юм билээ. Гэхдээ одоо яая гэхэв. Конкурсанд бэлтгэх журмаар суулгаж буй тулдаа л нүдээ аниад явуулж байна.

Хүүхэд томрохоор зардал нь ч томордог юм байна. Хүүхэд шуухдаа бага дээр нь хадгаламж нээлгэж үзээрэй дээ, залуу ээж аавуудад зөвлөхөд. Боловсролд нь хөрөнгө оруулж буйдаа өөрөөрөө бахархаад л сууж байна. Хэ хэ.

Дундуур нь ганц нэг найзуудтайгаа орж гарах л байх. Одоогоор юм хэлээгүй. Гэнэт гэнэт л хэлнэ шүү дээ.

Бага зулзага, цэцэрлэг нь амрахгүй. Энэ бол асар их ач холбогдолтой. Ажилтай эцэг эхчүүдэд. Дундуур нь обон буюу нас барагсдыгаа дурсан санах өдүүдээр ганц нэг хоног амраана. Хэрэв ээж аав нь ажилтай бол цэцэрлэг хүлээж авна. Багш нар наана нь хүүхдүүдээс амрах өдрүүдийг нь асууж байгаад хүүхэд цөөн бол багш нарыгээ ээлжээр амраана.

За ирэх сар хүртэл баяртай. Хэ хэ. Хичээл эхлэнэ гэсэн эцэг эхчүүд зөв буруу гэж маргаад л байх шиг байна тийм үү? Мунхаг миний бодол зөв. Хүүхдүүд чинь Тарзан болох гээд байна. Ха ха.

Хувийн ариун цэвэр, ариутгалыг сайн сахиулаад, орчны агааржуулалт, ариутгалыг ч мөн чандлан сахиад явахад боломжтой ч юм шиг санагдаад байна л даа. Бүгдэд нь амжилт шүү...