2022年11月13日日曜日

Үхлийн тухай

Зун монголоос авсан ном. Найз минь бэлэглэсэн. Өөр хүнд буюу гэрийнхэндээ захих гэхээр ямар сонин ном унших гээд байгаа юм? Муу ер энэ тэр гэж хэлэхээс нь айгаад. Хэ хэ. 

Яагаад энэ номыг уншихаар шийдсэн бэ? гэхээр. Өнөөх л шунал хөдөлгөгч, одоо бол ангийн даргын нөлөө бий. 

Цогтын Амгалан гэдэг эмэгтэйн тухай яриаг нь сонсоод, энэ хүн ямар хүн бэ? гэж сонирхоод. Нүүрном, богино хэмжээнийх нь яриа, подкаст зэргийг нь сонсож яваад энэ номын нэрийг олж мэдсэн. 

"Үхлийн сурах бичиг" гэдэг ном. Цогтын Амгалан орчуулсан. Энэ эмэгтэйн хичээлд суусан, лекцийг нь сонссон хүмүүс бол "багш" гэдэг юм билээ. 

Надад ч сонирхол бол төрөөд байгаа. Гол нь би хичээлд нь суух цаг зав гаргаж чадахгүй, лекцийг нь тухтай, анхаарал төвлөрөөд сонсож чадахгүй байх гэж айгаад зориглохгүй л байна. 

Богино хэмжээнийх нь яриаг бол хааяа сонсдог. 

Бас нэг шалтгаан нь ер нь эргэн тойрны, хамаатан садны минь хүмүүс үе үе тэнгэрт заларчихаад, ийм үед яах ёстой юм бол? Сэтгэл санаагаа яаж эдгээх ёстой юм бол гэж бодсон. 

Мөн иймэрхүү зүйлийн талаар шашны сургааль зэргээс л хааяа уншдаг ч яг ийм бодит хүн бичээд, бүр эмч хүн энэ тухай бичсэн нь сонирхол татсан хэрэг. 

Олон жилийн өмнө ярьж, бичсэн, орчуулагдсан юм билээ. Хожуу ч гэсэн олж уншлаа уншлаа. Ихийг тунгаан бодлоо...

Зарим нэг газар жаахан ойлгомжгүй, хэвлэлийн болов уу гэмээр үг үсгийн алдаа цөөнгүй байсан. 

Япон хэлээр олж уншихаар зээлсэн ч зузаан ном байсан тул түр хойшлуулаад "Даагийд илгээх захидал" гэдэг нимгэн номыг нь уншсан. Өмнөх бичлэгт зурагтайгаа байгаа. 

За энэ номыг Элизабет Кюблер-Росс гэдэг эмч хүн бичсэн. Олон жил хорт хавдартай тэмцсэн хүүхдүүдтэй ажилласан эмч хүн юм билээ. Мөн мэргэжил нэгт хүмүүсийнхээ үхлийн ирмэгт тулсан, нэгэнт эмчилгээгүй болчихсон өвчтөнтэйгөө хүнлэг бусаар харьцаж байгаа нь байж боломжгүй санагдаад энэ тухай тэдэнд хэлж ярьж, тийм хүмүүстэй уулзаж, ар гэрийнхэнтэй нь уулзаж яг ямар хүсэлт байна, ямар зүйлд санаа зовниж байна? гэх мэтээр дадлагын эмч нар, оюутнуудыг хамруулж ярилцдаг байжээ. 

Тэрхүү ярилцлагын нэгээхэн хэсгээ ийнхүү ном болгож хэвлэсэн юм билээ. 

Сэтгэлгүй, өвчтөнтэйгөө амьд харилцаа үүсгэж мэддэггүй урдах ажлаа л дуртай дургүй хийдэг эмч нар, сувилагч нарыг шүүмжилжээ. Тийм хандалага гаргаж байгаа эмчээс "Таны аав яг ийм өвчтэй, та тэгээд аавыгаа эмчлэх бол ийм үг хэлж чадах уу? Ингэж хандаж чадах уу?" гэж асуудаг нь энэ номын утга санааг ерөнхийд нь базчихаж байгаа юм...

Энэ зун тохиосон зүйлээс суралцсан гэх юм уу? Ойлгосон гэх юм уу? "ХҮН" гэж хандах, тухайн хүний хүслийг сонсох, эргэн тойрны ах дүү, хамаатан садан, эмч мэргэжилтэнгүүдийн гаргаж буй ааш араншин, шашны хандлага гэх мэт зүйлстэй санаа оноо нийлэхгүй байх, хүн болгон өөрсдийн санаагаа тулгах, эмч нарын үгийг бас үл ойшоох, хэт шашинлаг хандах, сэтгэл зүйн өөрчлөлтүүд гэх мэт олон асуудал тулгардаг юм байна гэж...

Удахгүй ээ гэж сонссон хүний сэтгэлзүй ямар байгаа бол? Юу хэлэхийг хүсч байгаа бол? Юу мэдэрч байгаа бол? Ядаж л амьд ахуй цагт нь хүн ёсоор, хүн гэж хандах нь их чухал, ингэж чаддаггүй хүн ч байна гэж бодохоор...

Үхлийн тухай ярьж бичих гэхээр хүмүүс таагүй ханддаг, муу ёрлосон болчих гээд байдаг хандлагыг бага зэрэг өөрчилж, энэ талаар хүмүүс уншсан, зохих хэмжээний сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой юмдагуу даа гэж бодов...

Та бүхэн ч гэсэн сонирхоод үзээрэй. Мэдээж бидний эргэн тойронд "үхэлтэй нүүр тулсан, үхлийг мэдэрсэн, хэн нэгнээ алдсан, хэн нэг нь өвдсөн" гэх зүйлс зөндөө л бий. 

Гол нь амьд харилцаа юм даа. Ярилцах, зөөлөн намуухан, тайван дуу хоолойгоор ярилцах. Ингэж чадвал үлдэж буй хүмүүстээ санаа зоволгүй "заларч" чаддаг юм байна.

Япон хэлээр ч гэсэн уншина аа. Энд гэхдээ настай хүмүүс нь ерөнхийдөө үхэлд бэлддэг юм шиг санагдсан. Ядаж л гэрээслэл үгээ биччихсэн байдаг юм шиг байна лээ. 

Тэгэхгүй бол өв хөрөнгийг нь булаацалдаад хүүхдүүд нь шүүх цагдаа болоод явчихдаг гэдгийг нийгэм нь анхааруулаад, сануулаад, санал болгоод явдаг юм билээ. 

Эхэндээ ч мэдээж гайхдаг байлаа. Одоо бол нэг бодлын зөв гэж хүлээж авдаг болсон. Өв хөрөнгөө булаацалдаад, нэг эхээс төрсөн ах эгч дүү нар хэрэлдээд муудалцаад, хонь чоно болохыг хэн хүсэх вэ дээ тийм ээ? 

Дээхэн үед бол нэг их өвлүүлэх өв хөрөнгө байгаагүй байж магад ч одоо үед адаглаад байраа зараад тэнцүү хуваагаад аваарай гэж захих байх даа тийм ээ? 

Ямартай ч нэг сонирхоод уншаад, дүгнэлт хийгээд үзэх сэвдийн нэг бол гарцаагүй мөн биз? 

Түр баяртай, Бүгдэд нь амжилт хүсье. 

2022年11月12日土曜日

Азхурын хямдрал

Энэ хямдрал ёстой сэтгэл ханамжтай байсан шүү. Шунал бол ёстой нэг хөдөлсөн шүү. Миний захиалгыг гүйцэтгэж өгсөн дүү минь хүртэл шунал нь хөдөлсөн гэсэн шүү. Хэ хэ. Сонирхол нэг дүүтэй байх сайхан шүү. 

Уг нь товлосон хэдэн номоо л захина гэж байснаа 15,16 ном болчихсон байсан. 

Дүүгийн сэтгэл хөөрөөд бас ийм зураг явуулсан. Би энд дагаж хөөрсөн. Дахин нэммээр санагдсан ч шуналаа дарсан. 

Дүү шууд л оруулаад өгчихмөөр байдаг, одоо шууданд хийчих үү? гэж миний сэтгэлийг хөөргөөд. Алс холын газарт байгаа хоёр Азхурын хямдралаас хамгийн их баяссан хоёр нь байх шүү бидэн хоёр. Ккк.

Ингээд ор дүүрэн ном аваад дэлгүүрээс гарах ямар мэдрэмж төрдөг бол? Үгээр илэрхийлж чадамгүй, үзгээр бичиж барамгүй сэтгэгдэл төрдөг байх тийм үү? Би ч тор дүүрэн ном номын сангаас л зээлдэг болохоор. Буцаагаад өгөх учраас сэтгэл тэгж их догдолдоггүй. 

Зулзагууд бол догдолдог. Харих замдаа машинд номоо уншиж загнуулдаг. Нүдээ хайрла, гамна гээд үглэнэ. Хэ хэ. 

Энэ зурганд ороогүй ганц нэг ном бий. Дууссан, маргааш нь ирнэ гээд, захиалга өгсөн гэсэн. Дээхний ганц нэг ном захиалсан. Дахин уншмаар санагдаад. Ганц нэг номыг нь заавал унших даалгавартай...

Аавдаа хэлсэн чинь "Цаг төрийн үймээн", "Харуул Алтай" гээд уг нь манайд байсан л номнууд даа, чиний баглаад орхисон хайрцганд бий дээ? гэсэн. 

Нэг харихаараа хайрцгаа уудалж аавдаа номнуудыг нь гаргаж өгнө өө. Өөрөө ч тансаг номнуудаа гаргаж уншина аа. Түр хүлээгээрэй аав минь. 

72%, 30%, 10% гэж хямдарсан байсан. Ганц нэг сонирхсон номнууд хямдраагүй. Ирэх жилийн хямдралыг хүлээнэ ээ. 

Их гоё арга олсон. Одоо энэ олон номнуудаа бага багаар уншиж байгаад, дараагийн 72%-ийг хүлээх. Хо хо. Угаасаа номнууд минь уван цуван нааш ирсээр байтал ирэх жилийн хямдралтай золгох байх тийм үү? Тэр болтол би ч мөнгөө сайн цуглуулна.

Гэснээс нааш нь номнуудаа авах гэж дүүдээ, нааш нь авчрах хүмүүст нэлээд төвөг удаж байгаа. Уучлаарай...

Дүү болохоор "зүгээр шүү дээ, таныхаа дуртай юмыг аваад, явуулах гэж байхад, өөдөөс төвөг удлаа энэ тэр гээд байх юм" гэсэн. Хи хи. Маш их баярлалаа. 

Энэ сар 5 ширхэг ном эзэндээ ирнэ. 2 хүнд хувааж дайгаад. 12 сард дахин хэдийг нь нааш нь япон луу авах санаатай. Ганц нэг хүн ирж очих сураг гарсан. Гоё байна уу? 

Гэснээс энэ тухай нүүрномдоо оруулсан чинь урьдны танил нэг эгч "2 ч хүн явна, би хэлж өгөх үү? Нэг нь энэ сар, нэг нь 12 сард", "Асуусан чинь аваад явъя гэж байна" гэж захидал бичээд. Би энд уярч хайлаад, сүйд. Ёстой их баярласан шүү. 

Албагүй ч, хаяанд ирээд явсан байж чимээгүй ирээд явчихдаг хүмүүс байдаг, жаахан гомддог. Алба биш дээ? гээд л нэг сайхан гүнзгий амьсгаа аваад уужирдаг даа. Та нар буруугүй шүү, би л өөрөө буруутай. 

Ижий аав, элгэн нутгаасаа хол, удаан суухаар иймэрхүү жаахан эмзэг дэлбээ болчих гээд байдаг юм байна шүү. Ойлгоорой. Бүгдэд нь баярлаж явдаг шүү. 

Эх нугтаа санасан сэтгэлээ номоор тайлдаг шиг байна лээ шүү, гадаадад суугаа бид чинь. 

За бүгдэд нь маш их баярлалаа. Бүгдэд нь хайртай шүү. Бүгдийг нь үнсье. Бүх зүйлд талархдаг шүү. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2022年11月11日金曜日

Химэжи ордон

Угтаа 10 сарын эхээр зугаалсан зураг. Хажуугийн Хёого гэдэг мужийн Химэжи гэдэг хот дахь ордон. Хотынхоо нэрээр нэрлэгддэг. 

Бид өдөр нь амьтны хүрээлэн очиж үзээд, тэндээ нэлээд цагийг өнгөрөөгөөд ордны зүг явсан. Хаачихсан байсныг мэдсэн ч гаднаас нь болов барааг нь харчихаад буцъя гээд зорьж очсон. 

Ингээд сүндэрлэж байдаг юм билээ. Гадаад дотоодын жуулчид их байсан. Нутгийн хүмүүс ч их харагдсан. Яагаад нутгийн хүмүүс гэж мэдсэн гэхээр жижигхэн жижигхэн нохойгоо салхилуулсан хүмүүс их байсан тул, нутгийн индиан гэж таасан. Хэ хэ. 

Ордны наад талын том талбайн гадаа үүдэнд ийм мод байсан. Эд нар ийм нарсны төрлийн модыг засаад, хэлбэрт оруулж ургуулаад байдаг. Гэрийн гадаанаа, цэцэрлэгт хүрээлэн гэх газруудыг чимж тариалдаг. 

Нарс нь ч олон төрөл байдаг юм билээ. Улаан, хар гээд л. 

Хажууханд нь бас хотын харьяа бяцхан амьтны хүрээлэн байдаг юм билээ. Дараа зөвхөн ордныг зорьж ирэхээрээ орж үзэхээр боллоо. Хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй байна өө. 

Км-н хувьд ч гайгүй, хурдны замын төлбөр ч гайгүй санагдсан. Ирэх жилийн хавраас нэг явах санаатай, би л дотроо тэгж бодож байна. 

Энэ модны нэрийг мэдэхгүй байна өө. Унжаад, өвөрмөц болохоор нь зураг дарсан. Угаасаа их таардаг юм. 

Энэ модны цаана ордны хашааг тойроод ус бүхий шуудуугаар хүрээлүүлсэн байдаг. Ихэнх ордны гадаа байдаг. Энэ нь их учир жанцантай. Эртнээс дайснаас өөрсдийгөө хамгаалах гэсэн нэг арга нь гэж сонссон. 

Өөрөө уншаагүй. Ичмээр дамжиг шүү. Үүх түүхийг нь энэ олон жил болж байж сонирхоод уншчихгүй тийм ээ? 

Дайснууд чинь тэр усыг гатлах хэрэг гарна, гар хөл нь норно. Норсон хөлийн мөр үлдэнэ гээд л дайснаа таниж барих мундаг арга сэдсэн байгаа биз дээ? 

Бас нэг зорилт тавьчихлаа, өөртөө. Энэ ордон болон зарим нэг сүм зэргийн гадаах усан шуудууны үүссэн үүх түүхийг уншиж судлах. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2022年11月10日木曜日

Зулзагууд ба бас бус

Дунд зулзага сагсаа больсноос хойш ётсой л нөгөө үзүүлээд өгнө гэдэг нь болж байгаа. 

Зуны амралтын хугацаанд ирдэг тэмцээнүүдэд бараг бүгдэд нь бүтээлээ өгсөн. Зураг, шүлэг гэх мэт. 

Эхнээсээ шалгараад эхэлсэн. Хавар өгсөн нэг лоозон, нэг танка шүлэг гээд тус бүртээ 2-р байрт шалгараад дурсгалын зүйл авсан. Нэг нь цахим хуудсанд нь орсон байсан. 

Нэг зураг шагналт байранд орсон юм байх. Тэгж байгаад үзэсгэлэнд тавигдах байх, очиж үзнэ дээ. 

Өнгөрдөг бүтэн сайнд нэг хотын даргын нэрэмжит шагнал авсан. Бид очиж үзэв. Яг хотын даргаасаа бол гардаж аваагүй. Өөр ажил давхцаад гээд төлөөлөл нь болох боловсролын газрын даргаас нь гардаж авсан. 

Сонин дээр зураг хөрөг нь гарсан. Ажлынхан сүр болоод л байсан. Би ч даруухан загнаад, нүүрномдоо зулзагынхаа зургийг бол оруулсангүй ээ. 

Ганц нэг удаад нь урамшуулаад багахан хэмжээний мөнгө өгсөн чинь чухам баярлаж байна гэж. Цуглуулж байгаад дуртай юмаа авна гээд чихэвч худалдаж авсан. 

Үе үе наад чихнийнхээ юмыг аваач гэж загнуулдаг ажилтай болсон. Ха ха. 

За бага зулзага, "эрхийн балай" гэдэг нь болж байна гэсэн. Ээж үүнд маш их буруутай гэсэн. Ээжийгээ харахаар хүнээ байдаг гэсэн. 

Ээжийгээ "окаасан бижин буюу ээж үзэсгэлэнтэй" гээд хэлчихээр чинь би одоо уяраад хайлчихна биз дээ? Энэ чинь одоо. Хэ хэ. 

Тоглоомон сэлмээ далайж ирснээ "ээжийг би хамгаална" гэхээр чинь одоо ямар ч ээж уярна биз дээ? Хо хо. 

Унасан навч, чулуу гэх мэтийг түүснээ "ээждээ бэлэг" гээд өгөхөөр чинь хайр хүрнэ биз дээ? 

9 сард тамирын өдөрлөг нь болсон чинь өдөр бүр түүндээ бэлдэхэд уур нь хүрсэн юм шиг байгаа юм, албандаа жаахан дургүй байсан. Тамирын өдөрлөг дууссан, өглөөд цэцэрлэгийнхээ үүдэнд ирчихээд ухраад зүүгдээд байдаг байсан нь гайгүй болсон. 

Тэгсэн 12 сард урлагийн үзлэг болно. Тэрэнд бэлдээд эхэлсэн. Залхуу талдаа үр минь яах бол? гэж бид энд шивнээстэй. Эхний өдөр гайгүй бэлдсэн гэсэн. Дуу хууранд дуртай байж магад гэж дүгнэв. 

Үлэг гүрвэлд их дуртай хэвээрээ байна. Гэрээр дүүрэн үлэг гүрвэлийн ном. Мэдээж номын сангаас зээлсэн. Уншиж өг гэж шалдгаараа шална. Гэрийн томчууд заримдаа бие биелүүгээ чихнэ. Ээж л хамгийн үнэнчээр уншиж өгнө дөө. 

Бас 2 янзын сэлэмтэй болсон. Нэгийг нь авсан өдрийнхөө маргааш нь цуулж хаяад бөөн уйлаан майлаан. Хугардаггүй сэлэм хийж өгөхөд яадаг юм гэж аавыг нь загнаснаар тэр өдрийн уйлаан майлаан өндөрлөсөн. Хэ хэ. 

Өглөөд албандаа явахдаа хувцсаа шилж сонгоод бөөн юм болно. Өмсөхгүй гэж уурлана, уйлна. Өмнөх өдөр нь үзүүлж зөвшөөрөл авна. Охидоос дутах юм алга. Хо хо. 

Өөр чинь юу билээ? Хэл яриа бол гүйцэгдэхгүй л болж байна. Үгсийн сан огцом нэмэгдсэн. 

Ногоонд жаахан муу. Маханд бол дажгүй. Ер нь хоол их бага иддэг. Ойрхон ойрхон, бага багаар идүүлж байдаг юм уу яах юм. Хагас, бүтэн сайнд бол чадах байх, ажлын өдрүүдэд бол хэцүү л дээ. 

Амралтын өдөр ч хэцүү юм байна аа. Гал тогоог эзэгнэхэн төрөх гэж залхуу тийм ээ? 

Нарлаг намрын өдөрт дагуулж орж гарч л байна. Сэрүүсээд, гадаа их эрт харанхуй болчихоор яалт ч үгүй гэртээ өнгөрүүлэх цаг уртсаад эхэлсэн. Нээрээ л эрт харанхуй болох онцгүй юм аа. 

Гэртээ харьж ирээд л Жангүмийн ажлаа хийж дуусав уу? Үгүй юу л унтах цаг болчих юм. Цаг гайгүй байсан ч харанхуй, жиндүү хүйтэн болохоор бушуухан шиг л орондоо орох ётсой юм шиг бодогдоод. Ккк. 

11 сарын бүх бүтэн сайнд хувь хувьсгалын ажилтай юм билээ. Нэг бүтэн сайнд бүхэл бүтэн 4 цагийн лекц сонсоно. Бусад нь ч яахав, гэр бүлтэйгээ зугаална.

12 сард ч ажил ихтэй ихтэй. Гайхал бага зулзагын урлагийн үзлэг болно. Маш том ажил шүү дээ. Хэ хэ. 

Морин хуурын чуулгынхан ирж тоглоно. Жаахан зайтай хотод ирэх ч гэсэн, үзнэ гэж төлөвлөж байгаа. Зулзагууддаа үзүүлэх санаатай гол нь.

Хамгийн гоё нь монголоос зөндөө ном ирнэ. Ганц нэгийг нь заавал унших даалгавартай. Гоё даалгавар байна уу? 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年11月9日水曜日

Туулайн нүд

Энэ зун уншсан ном. Эндээ зураг хөрөг оруулах гээд л амжихгүй яваад байж. О.зулзага ижийдээ санал болгоод. Зохиолч нь бас нэлээд алдартай юм гэнэ. Хүүхдийн хүмүүжил, багш шавь нарын харилцааны тухай бичдэг бололтой. 

Номын сангаас зээлж аваад уншсан. Нэг номын сангаас зээлснийгээ үсэглэж уншдаг хүн яахав. 

Өөр нэг номын сангаас нь дахиад зээлчихнэ. Ингэж сэлгээд арай хийж нэг юм дуусгана даа. Хэ хэ. 

Хавтас нь хоёр янзаар хэвлэгдсэн байсан. Хэвлэлийн компаниуд нь өөр өөр юм билээ. 

Зохиолчийн нэр нь Хайтани Кэнжиро. Номын нэр "Туулайн нүд". Багшийн мэргэжлээр төгсөөд удаагүй залуухан багш бүсгүй. Түүний дааж авсан ангийн хүүхдүүд. Хамт ажилладаг багш нар. Эцэг эх, асран хамгаалагчид гэсэн хүмүүс гарна. 

Хүүхдийг өмссөн зүүснээр нь дүгнэдэг, ноомой, даруу зангаар нь дүгнэдэг багш нар, ээж аавуудын тухай өгүүлнэ. 

Өвөөтэйгөө хоёулхнаа амьдардаг Тэцүзо жаал, анги даасан залуухан багш Котани бүсгүй, тэр хоёрын хэрхэн өсөн дэвжиж буй тухай өгүүлнэ. 

Бусад хүүхдийн адил гэртээ амьтан тэжээж чадахгүй жаал хүү хамгийн их олддог, үнэгүй олддог гэх мэт шалтгаанаар "ялаа- тэжээнэ. 

Гэрийнх нь ойрхон ялаа их гардаг нь учиртай. Хог боловсруулах газрын ойролцоо, мөн тэндхийн ажилтнуудын байр байдал, тэдгээртэй "бусад хүмүүс" хэрхэн харьцдаг, ханддаг тухай өгүүлнэ. 

Тэцүзо жаал хэдий барагтаа ярьдаггүй, бичиж чаддаггүй боловч тэжээдэг ялааныхаа тухай маш сайн мэддэг, барагтайхан эрдэмтнээс ч муугүй ялааны тухай мэддэг нь илэрхий болж ирнэ. Багш бүсгүй ялаагаар дамжуулан түүнийг бичдэг, уншдаг, ярьдаг болгохыг хичээнэ. Ингэхдээ хүчилж болохгүй юм байна гэдгийг мэдэрнэ, ухаарна...

Сургуулийн орчинд ч багш нар хоёр янз байна. Албан тушаал, ажлынх нь төрлөөр сурагчдаа ангилчихдаг, хүн гэж тоодоггүй, үл тоомсорлосон гэх мэт хандлага байна. 

Эсрэгээрээ "хүний тоонд ордоггүй" бяцхан сурагчидтайгаа найз мэт ханддаг, багш ёсоор сургадаг, хүн ёсоор харьцдаг багш нарын бүлэг ч байна. 

Ингээд л уншиж суухад багш гэдэг хүн сурагчдынхаа ирээдүйд асар их үүрэг гүйцэтгэх юм даа, хэлж ярихдаа их л болгоомжтой байхгүй бол гэж бодсон. Бодсон ч гэж дээ, угтаа бол байнга л толгойд явдаг. Өөрөө ч хүнд заахаар бол их болгоомжтой хандахыг хичээдэг...

Гэснээс яагаад "Туулайн нүд" гэж нэрлэснийг нь мартчихаж, эсвэл би ойлгоогүй юм болов уу? Дараа дахин зээлж уншина гэж бодож байгаа. Өөр бусад номыг нь ч уншмаар санагдсан тул...

За тэгээд хэлтэй устай нь өөрсдөө уншихыг хичээгээрэй. Монголоос уншдаг та нар минь эх хэлээрээ ямар ч хамаагүй ном уншаарай. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2022年11月8日火曜日

Даагийд илгээх захидал

Элизабет Кюблер-Росс зохиолчийн номноос ганц нэгийг уншиж эхэлсэн. Монгол хэлээр "Үхлийн сурах бичиг" гэдэг номных нь орчуулгыг нь уншсан. Тусад нь бичнэ ээ. 

Энэ удаад "Даагийд илгээх захидал-Үхэл болон ганцаардал, хорт хавдартай тэмцэж буй хүүхдүүдэд зориулав" гэдэг нимгэхэн номыг нь япон хэлээр уншлаа. Хорт хавдартай тэмцэж буй хүүхдүүдтэй олон жил ажилласан тэрээр бяцхан жаалуудын асуулт болох "Амь нас гэж юу юм бэ?", "Үхэл гэж юу юм бэ?" гэдэг асуултын хариулт болгож бичсэн гэсэн. 

Англи хэлээрээ "The Doughy Letter -A Letter to a Dying Child" гэдэн гэртэй юм байна. 1979 онд хэвлэгдсэн ном байна. 

Хүүхэд өвдөх ямар хэцүү байдаг билээ? Хорт хавдраар өвдөөд, үхэлтэй тэмцэж буй жаалуудыг төсөөлөх бүр ч хэцүү. 

Ямар азаар эмч болоогүй юм бэ ч гэж бодох...

Сүүлийн үед нүүрномоор бас өвдсөн хүүхдүүдийн хандив хүссэн бичлэг зөндөө байдаг болжээ. 

Үзээд, уншаад сэтгэл их өвдөнө өө. Боломжтой үедээ хаа нэгтээ хандив өгөх гэж хичээнэ. Гэхдээ л бүгдэд бол час чадахгүй...

За тэгээд үхлийн тухай ярих, бичих, унших нь муу ёр гэгддэг тийм ээ? Яагаад энэ зохиолчийн номыг сонирхсон гэхээр Цогтын Амгалан гэх эмэгтэйн яриаг сонсоод. Мөн энэ зун ойрын төрөл үхэлтэй тэмцээд...

Тэгээд л ямартай ч нэг уншаад үзье гэж шийдсэн. Бодоод байх нь ээ, гэнэтийн зүйл тохиолдвол яах вэ? гэдэг их том асуудал юм байна. Саяхан бас нэг танил бүсгүй ээжийгээ гэнэтийн тохиолдлоор алдсан. 

Ижий аав минь ч нас ахиж байна, ойрын төрөл садан минь ч ихээр "диваажинд заларч" байна. Залуудаа нэг их тоодоггүй "Өө тэгээ юу? Буяны юм өгөх үү?" гэж ханддаг байсан бол одоо нас ахиад арай өөрөөр хүлээж аваад байх шиг байна. 

Өөр зөндөө ном байсан. Нэлээд зузаан номнууд байсан. Бүр дараа л зав гаргаж уншихыг хичээнэ ээ. Нэг номын бүлгэмд элсээд орчихсон. Монголоос зөндөө ном захьчихсан. Хүлээхийн жаргал эдлээд л сууж байна даа. 

Тэрнээс өмнө ганц нэг номыг бас уншаад дуусгачих санаатай үзэж тарж л байна. 

Та нар минь ч гэсэн ном сайн уншиж байгаарай. Ном унших маш сайн гэж бичээд байна шүү, цаана чинь...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年11月7日月曜日

Дуугай

Ёх, энэ номыг би маш удаан уншиж байна. Аль 7 сард л эхэлсэн. Одоо ч уншсаар...

Дундуур нь өөр ном уншаад байна л даа. 

Би нь уран зохиолынхоо номонд илүү дуртай юм аа. Номын тавиураа нэг харахаараа ямар нэгэн уран зохиолын ном харагдангуут шүүрч аваад, энэ номоо уншилгүй ширээн дээрээ хөглөрүүлчихдэг боллоо.

Дөнгөж эхэлж байх үедээ дарсан зураг. Хотын захиргаанд бичиг баримт хөөцөлдөж явах үеэрээ. Материалаа бүрдүүлж өгчихөөд, гаргаж ирэхийг нь хүлээх 5-10 минутаа ч нэг иймэрхүү байдлаар ашиглана шүү дээ.

Зарим нэг амралтын өдрийг ингэж 2 дахь зураг дээрх шиг  эхлүүлдэг ч бага зулзага сэрсэн л бол "будаа" шүү дээ...  

Сэрээд л шууд л тэврэлдээд, бяцхан жаахан гар нь энгэр лүү шургаад...

Бодсон чинь саначихлаа, эртхэн ажил тараасай. Зулзагаа албанаас нь аваад эрхлэлдэх юмсан. Хэ хэ. Гэхдээ бас яг эрхлэлдэхээрээ жаахан ч гэсэн ганцаараа тоглочих л доо гэж гуймаар болдог шүү. Хи хи.

Яг одоогоор мэдэж авсан зүйл гэвэл интроверт, экстраверт гэдэг хоёр үгтэй болов. Хэт мэдрэмтгий хүмүүс. Гадагшаа хүмүүс, дотогшоо хүмүүс...

Өөрийгөө бодлоо. "Гадагшаа" ангилалд багтах юм болов уу? "Дотогшоо" юм болов уу? Зарим хэсгийг нь уншихаар энэ хэсэгт хамаарах ч юм уу? гэж бодогдоод байх юм билээ. 

Амжилтад хүрсэн, агуа зүйл бүтээснийг нь бодохоор "дотогшоо" ч болчихмоор юм шиг. Хэ хэ. 

Наргиан ч яамай. Гэхдээ л энд тэнд дуу шуугиантай газарт байснаас хаа нэгтээ нам гүм газар уран зохиолын номоо тэврээд, халуун боргол уугаад суух дуртай гэдгээ мэдээд байгаа юм. 

Гэхдээ бас байнгын тийм нам гүм орчинд татагдах уу гэхээр уйдах ч юм шиг. Хаа нэгтээ бас найз нөхөдтэйгөө бужигнаж, буу халж, хов базах дур хүсэл төрнө...

Их олон сэтгэл судлаачдын, сэтгэл зүйчдийн судалгаан дээр үндэслэн бичсэн байсан. Их олон ном судалгааны хавсралт бичээстэй байсан. 

Бас үүнийг орчуулсан орчуулагч их хэцүү ном сонгож орчуулах юм аа гэж бодсон. Хэ хэ. Би яагаад ч зүрхлэхгүй байх шүү...

Дөнгөж талдаа орж байгаа тул, дуусгаад дахин бичлэг хийж магадгүй. Гэхдээ яг ингээд, суугаад бичих гэхээр нэг л болж өгөхгүй л байна. Ямар ч номны тухай тэмдэглэл бичих тухайд шүү. 

Уран зохиол, өөрийгөө хөгжүүлэх гэх мэт аль ч төрөлд. Яавал бусад хүмүүс шиг бичдэг болох уу? гэж бодно оо. Бичих албагүй л дээ. Зүгээр л сайхан уншаад явчих гэснээ бас бичмээр санагдаад...

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年11月6日日曜日

Хулуу

Хүүе, энэ хулуу чинь есөн жороороо ургах юм аа. Ургах биш ээ есөн жороор нь тариалах юм аа...

Хэлбэр дүрс, өнгө, хэмжээ гээд л урд өмнө нь харж байгаагүй л юм шиг санагдаад...

Хулуу гэснээс гайтай сүнсний баяраас болоод олон сайхан залуус амиа алдчихлаа тийм ээ. Орчин үед аль ч улсын баяр тэмдэглэх арга барил, хандлага өөрчлөгдөөд байх юм тийм ээ.

Ийм сонин хэлбэртэй байна. Уулын эмээ өвөө тарьсан. Butternuts squash гэдэг нэртэй юм билээ. Энд бас ингэж нэрлэдэг юм билээ. Нэрлэдэг ч гэж дээ, орчуулалгүй тэр чигээр нь англиар нь хэлдэг гэсэн үг.

Голоор нь ингэж хуваагаад, тэр нүх гарсан хэсэгт байсан үрнүүдийг нь аваад хаячихсан. Богино долгионы зууханд халааж байгаад, доторхыг нь аваад шөл хийсэн. Хальс нь хатуу тул идээгүй.

Шөл хийж буй байдал. Зутан шөл гэх юм уу? 

Гэснээс зүгээр бөөрөнхий хулууг хальстай нь хэрчээд, яс чанасан шөлөндөө хийчихдэг. Тэгэхээр заавал зутан шөл гэлтгүй аятайхан шаргал өнгөтэй, яльгүй чихэрлэг амттай шөл болчихож байгаа юм. 

Заавал яс чанасан шөл гэлтгүй ногоотой шөлөндөө ч хийж болдог. Би бол дуртай. Уусаад ирэхээр хальс нь бага зэрэг хулуутайгаа үлддэг. 

Зутан шөл гэхээр сүү гэх мэт зүйл хийгээд, жаахан ажиллагаа ихтэй санагдаад, залхуу хүрээд байдаг юм. Хэ хэ. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年11月5日土曜日

11 сарын цэцэг

Мэдээж яг 11 сард ургахгүй. Цэцэгний буланг чимсэн цэцэг. 

Би ингэж цэцэг харахаасаа өмнө цэцгийн савыг нь түрүүлж хардаг болсон байна лээ. Дээхэн үед бол ямар сонин хачин цэцгийн сав бэ? гэж боддог байсан л даа. 

Одоо эд нарынхаа нөлөөнд автчихсан л явж байна дөө.

Их гоёмсог алаглах юм аа тийм ээ? Тэтгэвэрт гарахаараа цэцэг сонирхоно оо, ерөөсөө. Хэ хэ.

Бүтнээр нь дарсан байдал. Ингэж дүрсэлж гаргана гэдэг чинь бүхэл бүтэн урлаг болоод хөгжчихсөн, энд. Бүсгүйчүүд голцуу сонирхдог.

Нөгөө талыг нь татаж дарсан нь. Бүдэг нил өнгийн цэцэг нь талд ургадаг шиг санаад байх юм. Багадаа эх орондоо харж байсан санагдаад...

Суугуул нутгаар үе үе бороо ороод, налгар намар гэмээр өдөр бас мэр сэр болно. Тэр өдрүүдээр нь аль болох бага зулзагаа дагуулж ойрхон ч болов салхилчих санаатай орж гарч байна. 

Хорооны баяраар бас баахан цэцгийн зураг дарсан. Ганц нэгнийх нь зургийг оруулна аа. Цэцэгст дурладаг хэд маань орж ирж харах байгаа. 

Маргааш болтол баяртай. Гэснээс бид маргааш нэг газраас очиж "шагнал" авна. Өнгөтөөр дараа бичимз...

Бүгдэд нь амжилт хүсье.

2022年11月4日金曜日

Вьетнам дээс

Бага сургууль явахдаа би тувт шагай няслуулж тоглодог, сурагчидтай хамт. Улс улсын тоглоом нэлээд ижил төстэй байх нь их ч, шагай бол үнэн өөр байж чаддаг. 

Яахав, хятад, өвөрмонголчууд бид бас багадаа ингэж тоглодог байсан л гэдэг. "Өө тийм үү?" гээд л өнгөрдөг. Өвөрмонголчууд бол ойлгомжтой. Бидний тасархай юм чинь. Хятадууд яахав, сүүлийн үед харин оньсон тоглоом энэ тэрийг дэлгэрүүлээд байгаа сураг байсан. 

Үүнийг юу гэж бодож байна. Өнгө алагласан гоёмсог харагдаж байгаа биз? Өнгө өнгийн резинийг сүлжсэн байдал. Үүгээр яадаг вэ гэхээр доод зурагнуудаас харахад л тодорхой. 

Ингэж сүлждэг юм билээ. Энэ бол тусгай мод байна. Ажлын хүүхэн бүр оймсоо тайлж байгаад хөлийн хуруундаа углаад, ингэж сүлждэг байсан дээр үед гэж зааж өгсөн. 

Миний хөлийн хуруунууд харин ч нэг сайхан сүлжихэд дөхөмтэй дөө гэж бодсон шиг суулаа. Сарвагар байхгүй юу? Ха ха. 

Охид тэгсэн чинь хөвгүүдийнхээ хөлийг пүү паа шивэр үнэртээд гээд сүйд болоод байсан. Гэхдээ бага ангийн хүүхдүүд тул нэг их үнэр танар нь бас ч гэж гайгүй байсан хөөрхийс. Хи хи. 

Урт сүлжсэн байдал. Давхарлах резинийхээ тоог нэмж хасаад тохируулж болох юм билээ. Олон давхарлаж сүлжвэл зузаан бат бөх болж байсан. 

Үүгээрээ яаж тоглох вэ гэхээр дээс үсэрнэ. Бас резиндэж тоглож болно. Бидний багадаа орос монголоор нь резинддэг байсан шиг л. Гэхдээ ийм бүдүүн нь монголоор резиндэхэд арай л тохиромжгүй санагдсан. 

Вьетнамчууд болохоор 2 талаас нь барьж байгаад өндрийн харайлт шиг харайж үсрээд, харайж гарч чадсаных нь өндрийг нэмээд яваад байсан. Бас л санадаг санаа. 

Би дараа худалдаж аваад, өөрсдөө сүлжээд тоглож үзмээр санагдсан. Илүү юманд дурлаж байна уу? Хэ хэ. Гэхдээ зулзагуудынхаа танин мэдэхүй, хөдөлгөөнт тоглоомыг бол дэмжинэ шүү дээ. 

Уншигч олон минь бас сонирхож үзээрэй. Хөгжилтэй байж магад. Хамтдаа суугаад нэхвэл амьд харилцаа үүснэ.

За нэг иймэрхүү. Улсаа ч танилцуулна, бусдаас ч суралцана, тийм үү? Явсан нохой яс зууна гэдэг шиг л...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年11月3日木曜日

Тавтай морил

Бага сургууль явж улсаа танилцуулдаг ажил минь энэ жил их цөөхөн байгаа. Гэхдээ яахав цөөн хэдэн сургуульдаа чанартайхан шиг заачихаад л явж байна. 

Зарим нэг сургууль их хөөрхөн угтаж авна аа. Сүрийг бол бадруулахгүй л дээ. Нэг тийм жижигхэн зүйлээр хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндөж чаддагт суралцах юмсан гэж боддог. 

Тамирын зааланд ихэвчлэн болдог. Учир нь дараагаар нь тоглодог учраас. Энд чинь аль болох хүүхэд хөдөлгөөнтэй байвал сайн гэж үздэг юм. 

Самбарт ингээд улсын минь далбааг хэвлэж гаргаад, "тавтай морил" гээд биччихсэн байсан. Хамт ажилладаг вьетнам хүүхэн бидэн 2 уулга алдаад л зураг хөрөг дарсан. Сэтгэл гаргасан байгаа биз дээ? 

Ингэж угтдаггүй газар ч бий. Ер нь хариуцаж байгаа ажилтан, багшаас их шалтгаалдаг юм билээ. 

Гэхдээ бас ингэж сүрийг бадруулсангүй гэж албадахгүй. Түмний олон хүүхдийн сурлагад анхаарлаа хандуулаад, урдах ажлаа амжихгүй байгаа багш нарыг албадаад, загнах гээд байдагт нэг их дуртай биш. 

Өөрсдийнхөө эрх ганцаа хүчрэхгүй байж, багш нарт хамаг ачааг үүрүүлчих санаатай эцэг эх их болсон шиг тийм ээ? Ганц сургууль ч биш цэцэрлэгийн багш нарыг хүртэл ад үзэх санаатай хүмүүс олширсон ч юм шиг. 

Цалингаа авч байгаа биз дээ тэд нар чинь гэж хэлэх ч хүүхдүүд бол амьд байгаль учраас янз бүрийн ааш авир гаргана, зүгээр нэг бичиг цаасны ажил биш болохоор би багш нарын ажлыг их ойлгохыг хичээдэг шүү. 

Вьетнам хүүхэн бид 2 улс улсынхаа далбааг томруулж ирээд зураг дарсан. Тус тусынхаа нүүр ном, инстадаа оруулах гэж. Хэ хэ. 

Ажиглах нь ээ, улаан өнгө аль аль улсын далбаанд байсан. Нийтлэг юм билээ. 

Ядаж байхад би өөрөө нил улаан secret байсан. Ха ха. За энэ сэкрэт гэдэг үгийг номны нэрнээс будаа идсэн шүү. Уншсан хүмүүс бол мэдэж байгаа байх тийм үү? 

Гэснээс би ч унших гээд захиалчихсан. Юунаас нь дутахав. 

Өмссөн пүүз, дээлийг минь харчих л даа. Ув улаан. "Миний нэр Улаан" гэдэг шиг. Нээрээ ийм нэртэй ном гарсан байсан тийм ээ? Шунал хөдөлгөгчийн хэлснээр бас л унших ёстой номны нэг гэсэн байх шүү. 

Захьдаг л байх даа. Хо хо. 

За би ч сүүлийн үед бичнэ гэж их хадуурдаг болсон байна шүү. Сургуулийн тухай бичиж явснаа номын тухай болно гэх мэт. 

Түр баяртай. Гэснээс шинэ он гарахад хоёрхон сар л үлдчихлээ. Би юу хийж амжуулсан бэ? Бодохоос ч айж байна. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年11月2日水曜日

Бүрхүүл

Хотын улаан булан буюу үзмэр үйлчилгээний газарт. Коридорт нь байрладаг. Хааяа орохоор тааралддаг. Өмнө нь зураг оруулсан байж магад шүү, энэ тухай. 

Үе үеийн зулзагууд сонирхоод зураг даруулдаг юм. Энэ удаад ч дүрмийн дагуу, бага зулзага сонирхоод, зураг дар гэсэн. Хэ хэ. 

Хөөрхөн байгаа биз? Гэртээ өөрсдөө хийж болохоор, шаар үлээгээд гадуур нь утсаар бүрж байгаад цавуудаад билүү? Бичлэг үзэж байсан. Гэхдээ гэрт байхаар эхэндээ гоё ч яваандаа тоос шороо татаад, яаж цэвэрлэхүү? гэж мэгээд. Над шиг гэрийн ажилд хойрго, залхуу, дургүй хүнд бол дэмий. Хэ хэ.


Зүгээр л хаа нэгтээ таараад, ингэж зураг авч нүдээ баясгахад л болно. Би элдэв чимэглэл энэ тэрд дуртай ч гэртээ бол хийгээд, зүүгээд байдаггүй юм билээ. 

Заримдаа ч хүмүүсийн зургийг хараад, сэтгэлийн хөөрлөөр худалдаж авч энэ тэр сүйд болно л доо. Гэхдээ сүүлд нь хуучраад ирэхээр ад шооо үзээд, хаях гэхээр хайран санагдаад, гэрийн элдэв эд хогшил нэмэгдээд, хөглөрөөд, тэрэндээ өөрөө стрессдэх хандлага ажиглагдсан тул, дэлгүүр хоршоо орохоороо тиймэрхүү тасгаар аль болох орохгүйг хичээдэг болсон. Мининамлистын анхан шат. Хо хо.

Хананд ингээд бүдэг гэрэлтэй байхад рамаанчик л харагдах юм билээ. Гэхдээ л сэтгэлийн хөөрлөө дарна шүү би. Шинэ жил дөхөөд ирэхээр нэг тийм рамаанчик дээрээ автоматаар оччихоод, элдэв шалдав чимэглэл авчих гээд байдаг шүү чи гэж өөртөө сануулж байгаа. Хи хи. 

Гэснээс ёолкоо засна гэдэг том ажил энэ сарын сүүлээр байгаа юм байна. Мөн сүүлийн 2 жил гаран гацуур модны чимэглэл нэмж аваагүй, мундаг байна уу? 

Сайндаа ч биш ээ, бид чинь о.зулзагатай болсон шүү дээ. Сургалтын төлбөр, сурах бичгийн мөнгө энэ тэр гээд л үе үе мөнгө шилжүүлдэг болсон минь ч хэмнэлт гэдэг зүйлийг өөрийн эрхгүй бий болгож байна дөө. 

Одоо цаана нь дахиад 2 зулзагыг их сургууль төгсгөх ажил байна шүү дээ. Санаа алдав, сурв...

За за нэг хөөрхөн чимэглэл бүрхүүлийн зураг оруулснаа амьдрал хүүрнээд явчихлаа. Ха ха. 

Маргааш болтол баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年11月1日火曜日

Кома2

10 сард хорооны баяр болоод. Бага зулзага бид хоёр л зугаалангаа алхаж очоод, сугалаа сугалчихаад, цаг нь яг таарсан тул кома хийгээд. Кома гэж юу билээ? Өмнөх бичлэгт бичсэн дээ. 

Энэ удаагийнх нь модон. Бэлдчихсэн модыг доорх зурган дээрх шиг өнгө алаглуулж будаад л голын нүхэнд нь бөөрөнхий гонзгой модыг нь углаж бэхлээд болоо. 

Хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ тул, иймэрхүү төсөр. 

Зулзага их идэвхитэй будсан. Эрэгтэй хүүхэд, анхаарал төвлөрөлт бага хугацаатай байх гэж боддог юм. 

Олон ээж нараас хүүгийнх нь тухай сонсож байсан тул, байлдаад байлдаад, ноцолдоод ноцолдоод явчихдаг л гэж. Хэ хэ. 

Манайх ч дүрмийн дагуу л даа. Сэлэм, савх ер нь гонзгой хэлбэртэй мод л байвал байлдаад, цавчаад явчих санаатай. Буу байна бас. Хэд хэдэн буу бий. Бүр монголд байгаа өвөө нь буу авчихсан утасны цаанаас байлдаад байдаг шүү. Хэ хэ. 
Юу бичиж байлаа? Аан тийм. Модных нь өнгийг далд ортол будсан шүү. Бүр хажуу хавирга талыг нь хүртэл ногооноор будсан. Ингэж будаад суухдаа төвлөрч суух юм байна гэж нээлт хийсэн. 

Өмнө нь хайч бариад цаас хайчлаад суухаараа бас төвлөрч суудгийг нээсэн юм. Нэлээд том цаас өгөөд суулгачихвал овоо сууна. Би тэр хооронд 5 мөр уншина гэх жишээний. 

За энэ хажуунаас нь авсан зураг. Энэ комагаар яаж тоглох вэ? гэхлээр гонзгой модноос нь барьж байгаад хүрд эргүүлдэг шиг эргүүлж тоглоно. Хэнийх нь удаан эргүүлж тоглох вэ гэж өрсөлддөг юм билээ. 

Өмнөх бичлэгийн зурган дээрх оригами цаасаар хийсэн комаг бас бид эргүүлж, хэнийх нь удаан эргэх вэ? гэж өрсөлдсөн. Нэг хөөрхөн хөвгүүнийх нэлээд удаан эргээд, түрүүлсэн. 

Гэх мэтээр үнэтэй цайтай тоглоом авч өгөлгүй, иймэрхүү гарын доорх зүйлсээр тоглоод байдаг хүмүүс байна. Мэдээж залуу гэр бүл лего энэ тэр гээд авч өгдөг л дөө. Би ч аль болох хэмнээд, өөрөө хийсэн, өөрсдөөр нь хийлгэсэн, хүмүүсийн өгсөн гэх мэт зүйлсээр тоглуулаад хэмнэчих санаатай. Ха ха. 

Аав нь миний хүү дээр хэмнэчих гээд байх юм аа гэж хэлдэг, заримдаа. Санхүүгийн сайдынхаа үгнээс нэг их зөрүүдлээд байхгүй л дээ, зайлуул. Эртээд нэг сэлэм авч өгсөн, харин. 

2 хонолгүй цуураад, бөөн уйлаан майлаан болоод. Зураг оруулна аа, бүр айхтар хээ хуартай сэлэм биш л дээ. Нээрээ энэ тухай бичнэ ээ. Хожим хойно үр зулзага минь юугаар тоглоод, юу гэж уурлаад, ямар ааш авир гаргаж байсан нь дурсамж болоод үлдэнэ шүү дээ. 

Өнөөх "Тийм л, тийм л" гэдэг бичвэрийн номонд гардаг шиг. 

За маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. Шагайдагт баярлалаа.