2024年9月11日水曜日

Вьетнам бэлэг

Энэ зун хамт ажилладаг вьетнам хүүхэн бас эх орондоо харьчихаад ирсэн. Намайг бодоход богино хугацаанд явчихаад ирсэн. Охинтойгоо хамт. Ганц л хүүхэдтэй. 

Цар тахал зэргээс болоод бас л харьж чаддаггүй, охин нь хэл усгүй болчихлоо гээд л бидний санаа зовдог асуудал ижил...

Авчирсан бэлэг нь. Хатаасан жимс. Халуун дулаан уур амьсгалтай, жимсний орон гэсэн шиг л. Атаархмаар өө. Хэ хэ. Хатаасан жимс амттай тийм ээ? Жаахан үнэтэй л болохоос, японд. 

Гэхдээ бид ч чамлахааргүй ээ. Сайхан тордоод, ургуулаад, арчлаад явбал байгалиараа, зэрлэг сайхан жимснүүд их. Гол нь байгаль эхтэйгээ зөв харьцаж, хайрлаж, гамнаж байх ёстой тийм ээ? Талархнам, эх сайхан нутагтаа. Түүнийгээ өв тэгш бидэндээ үлдээсэн өвөг дээдэс буурлууддаа сүсэглэнэм...

Наргил модны тос ч юм уу, жимснийх нь ч юм уу бүү мэд, ямартай ч нэг юмных нь орцтой жигнэмэг.

Амт бол тийм ч гоц гойд сайхан биш. Зураг хөрөг бол тун дажгүй байгаа биз? 

Би ч жигнэмэг авч ирж болно л доо. Гэхдээ дан ганц гурил, тос, сахарны найрлагатай бол эд нар тоохгүй. Тийм үү? 

Аан тийм найз минь надад "Аму"-гийн бүхэл үрийн гурилаар хийсэн жигнэмэг өгсөн. Гэрээрээ амтархан идсэн. Дараа нээрээ тэрнээс нэлээдийг авчирч бэлэглэж болох юм байна шүү.  

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年9月9日月曜日

Содон чимэглэл

Хажуугийн Шиманэ мужийн иргэдийн танхимын үүдэн дэх кофе шоп. Иргэдийн танхим гэдэг нь манайхаар бол соёлын ордон нь. 

Тэнд бид дунд зулзагын захыг мушгих ажилтай явсан юм. 

Бүтэн өдөржингөө тэнд өнжсөн тул үе үе орж гарч сэлгүүцнэ. Эндээс боргол авч уусан. 

Ойрхон тэв хавиараа зугаалаад, зураг хөргөө авахуулаад, нуурын эрэг ороод, буцахдаа өдрийн хоол идээд. Хоёулхнаа болзов. Багыгаа айлд үлдээчихээд. 

Тааз нь өвөрмөц санагдаад шууд л зураг дарсан.  
Болоогүй ээ, хүмүүсээс санаа ч зовохгүй тал талаас нь зураг дарсан. Гэхдээ аль болох хүн оруулахгүй гэж бодсон ч орсон байна лээ. Одоо яая гэхэв. Тэдгээр хүмүүс миний блогийг олоод уншчихгүй л байлгүй тийм ээ?
Кофе шоп ажиллуулдаг, ажиллуулах сонирхолтой хүмүүст бас санаа авч болохоор тийм ээ. Юм хийдэг хүмүүс чинь маш өчүүхэн зүйлээс шинэлэг, содон санаагаа олдог гэсэн. 

Би одоогоор юу ч хийгээгүй тул, толгойд ёнк гэж орж ирдэг зүйл ховор ч содон, хөөрхөн, өвөрмөц санагдсан зүйлд бол нүд яваад байна шүү. 
 
Ирээдүйд ямар нэгэн юм ажиллуулах ч юм билүү? Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.  

2024年9月8日日曜日

Бэлэг

Энэ жил ажлынхандаа бэлэглэсэн бэлэгнийхээ зургийг оруулж, бичихгүй бол алдас болох гээд байна аа. 

Өнгөрдөг жил аарцан үрэл өгсөн. Амсчихаад л, нэг их тоохгүй байсан юм. Өөрөө л ихэнхийг нь идсэн. 

Сая явж ирэхдээ энэ зурган дээрх "Чацарганы охь"-ийг бэлэглэсэн. Яг л энэ зураг дээрх "Чацарганы охь"-ийг худалдаж авч ирсэн. Олдоц муу юм билээ. Хэд хэдэн хүнсний дэлгүүр орсон. Замд тааралдсан дэлгүүрүүд. Хотын зах руу явж байсныг ч хэлэх үү. 
Үлдсэнийг нь дүүдээ захиж авахуулсан. Хотын төвөөс. Цагаа тулахаар юм ч олдохоо байчихна шүү. 

Хүний тоогоор нэг, нэг хүнд нэг годгор ууттай оногдоно. Илүү гаргахгүй. Хэ хэ. 

Эрүүл мэнд, гоо сайханд, арьсанд асар тустай гэж тайлбарлаад өгсөн. Чацарганы тухай бяцхан танилцуулгыг ажлынхаа сэтгүүлийн нэг дугаарт бичиж өгч байсныгаа сануулж хэлээд, тэрийг сөхөж унш, нетээс хайгаад үзээрэй, ач тусыг нь дэлгэрэнгүй бичсэн байдаг шүү л гэлээ. 

Ууж үзээд ам сайтай байсан. Амт нь дажгүй юм, харин үнэр нь нэлээд хурц юм гэх хүн ч байсан. Нэг хүүхэн бүр нетээс захиалж авсан. Учир нь шээс хөөгөөд, хорыг минь гадагшуулж байгаа мэт санагдаад гэсэн. 

Хэсэг ууж үзээд үр дүнг нь хуваалцах юм гэсэн. "Гаумарал" гэдэг компани зардаг юм билээ, энд. 

Халуун усанд найруулж уусан гэх хүн байхад. Гаазтай усанд бага багаар найруулж уусан гэх хүн ч байсан. Зарим нэг нь дуурайгаад, гаазтай усанд найруулж уугаад тун зүгээр юм байна гэсэн. 

Би өөрт байгаа ганц годгорыгоо гаазтай усанд найруулж ууна даа гээд хав дарчихсан байгаа. Тун удахгүй ууж үзээд сэтгэдлээ бичнэ ээ. 

Зулзагын цэцэрлэгийн багш нарт ч бэлэглэсэн. Мэддэг багш мэр сэр байна гэсэн. Зарим нь захиалж авч уудаг гэсэн. Бодвол хятадынхыг авч уудаг байх. Би дээрх ажлынхаа хүүхэнд монгол нь зүгээр гэж байгаад монголынхыг авахуулсан гэж байгаа. Хэ хэ. 

Нэг зүйл ойлгосон. Япончууд ч гэсэн биед сайн гэвэл уудаг л юм байна, иддэг л юм байна гэж. Хи хи. 

Зулзагын цэцэрлэгт жамц давс бас бэлэглэсэн. Хоолондоо хэрэглээрэй гээд. Хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй л байна. 

Танил өвөө эмээ нартаа "Янмал"-ын оймс бэлгэнд авсан. Зузаанаас нь. 

Гэснээс манайхны үйлчилгээний салбарын чанар гологдохоор байна аа. Нуугаад яахав. Сайн тайлбарлаж зарахгүй байна, лангуугаа андуураад хэд дахин дээш доош гүйлгэв гээд л. Бухимдсан зүйл гарсан гарсан. 

Оймс, чацарганы охь гээд хоёрхон зүйл авахдаа нэлээд бухимдсан шүү. Худалдааны байгууллагад ажилладаг хүн уншиж байвал анхаарна биз дээ? 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2024年9月7日土曜日

Өвөөтэйгөө золгосон нь 2

Анх удаагаа үзэв. Үзэж амжаагүй байсан ижий аав, дүүгийнхээ гэр бүлтэй хамт үзсэн. Хөөрхөн адал явдалтай бас. Гэхдээ нууц үлдээнэ, энд бичихгүй. Хэ хэ. 

Өвөөгийн асар том хөрөг. Анх гарахад нь их л шинэлэг хөрөг байна даа гэж харсан. Одоо ч тэгээд хүн болгоны нүүрномд энэ зураг байх тул дассан. Бид ч дүрмийн дагуу зургаа татуулсан. 

Ноолууран дээр урласан хөрөг. Говь гэж бичээстэй байдаг юм билээ. 

Барилгын хувьд их дажгүй, цэмцгэр барилга болсон санагдсан. Настан буурлуудад хөнгөлттэй. Хүүхэд хэдэн нас хүртлээ үнэгүй гэчихэв ээ. Санадаггүй. 

Энэ удаад гадаад хүнтэй яваагүй тул, гадаад хүн хэд гэж байсныг сонирхсонгүй. Бодвол монгол хүнээс илүү үнэтэй байж магад. Энэ жаахан сонин тогтолцоо тийм ээ. Хямдруулж чаддаггүй юм бол адилхан л төлбөртэй байвал гэж боддог доо. 

Хүн ихтэй байсан. Мэдээж гадаад хүн. Хөөрхийс, манайхыг зорин ирчихээд, нэг тийм ялгаварласан байдалтай мөнгө төгрөг илүү нэхэхэд нь гонсойдог байх даа. Тийм үү? Дахиад л үнэ, төлбөр, мөнгө биччихлээ. Эрүүл ухаанаар, уужраад нэг бодоод үзээрэй. 

Хэрэв чи хаа нэгтээ гадаад улсад явж байсан чинь, нутгийн хүмүүс болон гадаад жуулчдад эсрэг тэсрэг үнэ, төлбөр бичээстэй байвал яаж хүлээж авах вэ?

Хаалга нь сүртэй юм билээ. Гадаад орны ямар нэгэн үзмэрийн барилгад орох гэж байгаа мэт. Хи хи. 

Хамгийн дээд давхарт нь тусдаа үнэтэй үзэсгэлэн болж байсан. Хүүхдүүдтэй явж байсан тул шуртхийгээд л гарсан. 
 
Нэгэн зөвлөгөө өгөхөд, бага насны хүүхэдтэй хамт орвол тухтай үзэж чадахгүй юм билээ. Түүхийн хичээл үздэг, түүх сонирхдог сургуулийн насны хүүхдүүд бол тун дажгүй шимтэн үзэх байх.

Нэг давхрын бэлэг дурсгалын дэлгүүрээр орсон. Үндсэн үзмэрийнх нь тайлбар номыг худалдаж авсан. Санхүүгийн боломжтой бол худалдаж авч ороод, хамтдаа уншаад, хараад явчихбал зүгээр санагдсан. 

Тувт идэж ууж яваагүй, бас ч гэж үзсэн харсан зүйл бий шүү. Ккк. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年9月6日金曜日

1984

"Амьтны ферм" номтой хамт захиж авчруулсан. Бас их шуугиулсан агуулгатай ном шиг санагдсан. Би ч юунаас нь дутахав. Аль болох сайн гэсэн, шуугиулсан номыг уншина л гэнэ шүү. Хэ хэ. 

Их дээр эхлээд, дундуур нь өөр ном уншаад явчихаж ээ. Зориглон барьж аваад уншиж дуусгахаар сэтгэл шулуудаад, боссон ч суусан ч, орсон ч гарсан ч барьж авч байна. 

Өмнө нь уншсан "Ясан зүрх"-ийг бодвол агуулга нь хэцүү хэцүү. Хайр дурлал гарахгүй, хэ хэ.

Жорж Оруэлл. "1984". Ном уншдагууд бол аль хэзээний уншчихсан байдаг юм билээ. Надад нэг тийм хүн бий, түүний уншсан номыг би бас уншмаар санагдаад байдаг. 

Мэдээж сонирхол өөр өөр. Мөн тэр эрэгтэй. Түүх, намтар сонирхдог. Би дуурайна гэж бодож байгаа. 

Ядаж түүний уншсан ганц нэг номыг нь яаж ийгээд олж уншина гэж өөртөө зорилт тавив, сая монгол явж ирэхдээ. Хэ хэ. 

Гэрт нь байсан номноос хоёр номыг бэлгэнд авчихсан. Өгчих л дөө, гэсэн харцаар харж байгаад. Нэг ном нь гадуур олдохгүй, ховор гэсэн. Ёстой гоё, маш их баярлалаа. Хо хо. 

Тэр краш маань энэ номыг уншчихсан байсан. Тэгэхээр нь би хойш нь тавьчихсан байсныгаа бүр хэрэг болгон уншиж эхэлж байна. Одоогоор 80 гаран хуудас дээр явж байна. 

Агуулга нь ёстой зэвүүн санагдаад болдоггүй. Уг нь зохиол нь зохиолчийн улс төрийн хамгийн шилдэг зохиолуудынх нь нэг бөгөөд 1948 оны сүүлийн хоёр тоог байрыг нь сольж нэрлэсэн ба ирээдүйг зөгнөж бичсэн ном. Зохиолч нь 1949 онд зохиолоо хэвлэлтэнд өгөөд 1950 онд нь таалал төгсчихдөг нь харамсалтай юм тийм ээ?

"ТОМ АХ ЧАМАЙГ ХАРЖ БАЙНА" энэ их зэвүүн үг байгаа биз? Яагаад ч юм манайд нэг хэсэг "САЙН АХ" гэдэг үг дэлгэрсэн тийм ээ? Энэ хоёр үг их ойролцоо утга агуулаад байх шиг тийм үү? Ха ха. 

Мөн "АНГСОЦ" гэдгийг нь "МОНГСОЦ" гэж уншаад л явчихад болмоор. Тэгээд л бодно, хэрэв бидний магтан дуулж, дурсах дуртай соц нийгэм өдийг хүртэл үргэлжилсэн бол гэж. Шууд энэ номон дээрх баахан цагдаа, яамдууд төсөөлөгдөөд, миний бүх үйлдэл хараа хяналтан дор, үнэн уйтай амьдрах гээд байна. 

Сэтгэхүйн цагдаа, Бодлын цагдаа, Үнэний яам, Энх тайвны яам, Хайрын яам, Элбэгийн яам гэж гарна. 

Хайрын яам нь залуусыг хайр хийхийн эсрэг байр суурьтай, хайрлалцаж дурлалцахыг хориглоно гэх мэт. Аймар уу? Хэрэв бид энэ нийгэмд амьдарч байсан бол юун "Өөрийнхөөрөө дур 50" гэдэг ном уншаад, дур тавих. Эрэгтэй хүн хараад шууд зугтаах ёстой юм шиг байна, худалч хүнд. Ха ха. 

Зэвүүн зэвүүн хэлц бас их гарна. Ялалт жин, Ялалт янжуур, Ялалт кофе гэх мэт. Бидний нэг юм бүгд Чингис нэртэй дээ, түүнтэй өнгө ижил. 

Ууршуулчихсан гэдэг зэвүүн үг ч гарна. "Нэрийг чинь бүртгэлээс хасаж хаяад, хийсэн бүхний чинь ул мөрийг устгаж, хэзээ нэгэн цагт байсныг чинь мартуулна. Чи устгагдсан, сөнөөгдсөн. Үүнийг энгийн үгээр "ууршуулчихсан" гэдэг юм".

Бид ч нэг намын дарангуйлал, нэг хүнийг тахин шүтээд, том ахын үзэмжээр олон олон сэхээтнүүдээ, сэтгэдэг толгойнуудаа, үнэнч шударгуу хүмсүүдээ, одооныхоор бол чадалтай хүний нөөцүүдээ ууршуулчихсан тийм ээ? Бодохоос л аймар. 

Хэрэв би тухайн нийгэмд амьдарч байсан бол аль хэдийн ууршчихсан байх байхдаа гэж бодов. Учир нь жаахан эсэргүү бодолтой шүү дээ. Одон тэмдэгний харшилтай, нүсэр тэмдэглэдэг элдэв баяруудын харшилтай гэх мэт. Хо хо. 

Одоогоор 100 хуудсан дээр явж байна. Дахиж тэмдэглэл бичнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年9月5日木曜日

Өвөөтэйгөө золгосон

Дандаа л идээгүй л дээ, нэг айлд бүгчихээд. Ха ха. 

1 жилийн өмнө очихдоо "өвөө"-гийнхөө хөшөөн дээр очиж амжаагүй юм. Томчууд нь бүгд оччихсон байсан тул, тэгээд ч зулзагууд багад нь оччихвол санахгүй гэж бодоод нэг их хүчлээгүй. 

Энэ жил найзуудтайгаа хамт явсан. Буу халангаа, тааваараа явсан. Мэдээж эрт гарцгаасан. 

Аминдаа бага зулзагыг өвөөтэй нь золгуулах гэж зорьж очсон. Өнөөх нь сүрдсэн байх аа. Хамгийн гол нь ээжтэйгаа хамт яваа учраас тааламжтоай байсан. 

Хамт явсан найз бол үүх түүх сонирхдог, замд таарсан газрын сонирхолтой сайхан түүхийг ярьж өгсөн. Гоё тийм ээ? Яриулаад л, сонсоод баймаар. Ном их уншина, бахархмаар. 

Гэм нь яг ямар газар усны нэр, түүхэн баатрын нэр хэлсэн билээ? гээд мартах янзтай. Хэ хэ. 

Аан тийм, Галдан бошгот. Манжийн цэрэгтэй тулалдаад, ялагдсан газар. 

Гадны жуулчид ихтэй байсан. Олон жилийн хойно очиж буй тул бас л сонихон байсан. 

Дээшээ гарч алсын барааг ширтсэн. Уудам цэлгэр нутгийнхаа салхийг цээж дүүрэн амьсгалсан. Эх орны минь салхи цаанаа л ондоо шүү...

Нүдээ амрааж буй нь. Нүдний хараа илт муудсан, ялангуяа холын хараа. Аминдаа л энд холыг, алсыг харах гэж хичээдэг ч, хаашаа л харна байшин барилга тул тэр бүр чадахгүй ээ. 

Тэмээ 5 хошуу малын минь нэг. Монгол харихаараа тэмээ унаж үзнэ дээ гэж боддог ч, цагаа тулахаар айгаад чадахгүй ээ. Ха ха. 

Ингэхэд би тэмээ унаж үзээгүй ээ. Юугий нь нуухав. Хотод өссөн шүү дээ. Дараа хань ижилтэй явахаараа л унаж үзнэ гэж бодож байгаа. Хөдөө өссөн хүн цаанаа л нэг өөр юм билээ. 

Зурагнуудаа эргэн сөхөөд харж байхад сайхан байна шүү. Дурсгалтай шүү дээ. 

Найзууддаа байрлалаа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年9月4日水曜日

Шөлөндөө

Эрдэнэт яваад, гостоод гэж хэллүү. Ха ха. 

Маргааш нь дүүтэйгээ уулзах ёстой байсан юм. Орой нь гэрт нь айлчлаад, шартсан хүн чинь яахав шөл хийлгэж уугаад. Шартахад уудаг, халуун ногоотой солонгос шөл. Хөлс гараад, шар ч тайлагдаад. 

Дараагаар нь улаан дарс шимсэн шиг. Бүтэхгүй гар гэж бодож байна уу та нар. Хи хи.

Одоо ингээд зурагнуудаа харж байхад зугаатай, хөгжилтэй яваад иржээ. Зураг болгон дурсгалтай. 

Магадгүй та нар, ядаргаатай юм, тувт идсэн уусан хоол ундны зураг гэж бодож байгаа байх. 

Гэхдээ байна аа, наддаан бол бөөн дурсамж, сүүлд уншихад ч тээр жил тэгээд явж билээ, тэгж дүүгийндээ айлчлаад, дайлуулаад, цайлуулаад хонож билээ гэж бодно шүү дээ. Тийм үү? Хо хо. 

Солонгос хоолны газарт захиалж уусан тойгны шөл. Ядаргаанд сайн гээд захиалж өгсөн. 

Японд олсон ядаргаагаа эх орондоо тайлчихаад ирсэн шүү. Хэ хэ. Гоё амттай юм билээ? Ядаргаанд сайн гэсэн болохоор сүсэглэн байж идсэн. Эерэг хандлага. 
Аливаа хүнсийг хор болно гэж бодож идвэл хор л болно. Хишиг рашаан болно гэвэл хишиг рашаан л болно. Тийм үү?


Явахын урд өдөр ёс болгож аавындаа хоноход ижий минь борцтой шөл хийж өгсөн. Аав минь гүзээний салаад хийх гээд гүзээ чаначихаад хүлээсэн. 

Би элдэв амтлагч холилгүй борцтой шөлөндөө хийж байгаад л идсэн. Хачин сайхан амттай байсан. 

Насны намар хаяанд ирсэн тул шөлтэй хоол гэдэг болж мэдэхээр юм билээ. Настан буурлууд лавшаа гээд байдгийн учрыг ухаарах ч тун удахгүй юм шиг байна шүү. Хэ хэ. 

Ядаргаагаа тайлсан хүн ид эрч хүчтэй, хувь хувьсгалын ажлаа амжуулж л байна. Барагдахгүй янзтай шүү, энэ ажлууд...

Зээ, ингээд ер нь идэж уусан бичвэрүүд минь өндөрлөх тийшээ хандсан байх аа. Чилээсэнд уучлал хүсье. 
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年9月3日火曜日

Сиддхарта

7 сард унших ёстой байсан ном. Би 7 болон 8 сарынхаа номнуудыг андуураад урд хойно нь оруулаад уншчихсан. Хэ хэ.

Хатуу хавтастай, жижигхэн хөөрхөн ном. Агуулгыг хэлээгүй шүү. Цүнхлээд явахад асар тохиромжтой. Зөөлөн хавтастай ном цүнхлээд яваад байхаар ирмэг нь нугалараад жаахан онцгүй байдаг даа.

Хэрман Хэссэ нь Нобелийн шагналт зохиолч юм байна. Герман, Швейцарийн зохиолч гэнэ. Дээхний зохиолч хэр нь анх удаагаа л уншиж байна, зохиол бүтээлээс нь.

"Талын чоно" номыг нь олж уншихыг хичээнэ ээ. Учир нь монгол хэлээр орчуулагдаад, номын дэлгүүрүүдээр зарагддаг шиг байна. 

Анх Сиддхарта гэж сонсоод шашны тухай ном гэж бодсон. Гэтэл үгүй юм аа. 

Сиддхарта гэгч залуу амьдралаас ямар нэгэн зүйлийг хайж эрэлд гарна. Түүний дотоод хүн нь яагаад ч юм "ханана" гэж байхгүй, үргэлж л нэг юмны эрэл хайгуулд "дарамтлагдана". 

Хайсаар, эрсээр...

Сэтгэлийн амар амгаланг хайгаад буй нь тэр ажээ. Дотоод сэтгэл, дотоод мөн чанар л агуу зүйл мэт...

Сониноос энэхүү Сиддхарта гэдэг үг нь санскрит хэлний сиддха буюу хүртэх, арта буюу эрэл гэсэн үгнээс бүтдэг гэнэ. Тэгэхээр тодорхойгүй нэгэн зүйлийг хайгаад л байдаг нь нэрнээсээ ч болсон юм шиг.

Хүмүүний сэтгэл доторх эрэл хайгуул, дотоод мөн чанарын тухай бодогдуулсан гүн гүнзгий санаа агуулсан ном байлаа.

Аз жаргал гэгч нь хаана бодитоор оршоод байна? Хүмүүс бид юунд зовж шаналаад байна? Тэрхүү зовлонгийх нь эх үүсвэр чухам юунд байна? гэж ирээд бодож одооны хэллэгээр бага зэрэг "эморно".

Сиддхартаг гэгээрэлд хүрэхэд тусалсан хэд хэдэн дүр бий. Багын найз Говинда, сүүлд нөхөрлөдөг завьчин Васудева, үзэсгэлэнт бүсгүй Камала, түүний хүү...

Васудева түүнд байгалийн дуу хоолойг, бусдыг сонсох тухай зааж сургадаг.  

..."Васудева маш анхааралтай сонслоо. Завьчны хамгийн сайн чанарын нэг нь сонсох чадвар аж. Тэрээр ганц ч авиа гаргалгүй сонсож, ярьж буй хүндээ бүгдийг сонсож тунгаасан сэтгэгдэл төрүүлдэг байна. Тэр юуг ч хүлээхгүй, юунд ч яаруулахгүй, ямар ч магтаал, зэмлэл өгөлгүй зүгээр л сонсдог байв."

... "Тэр ярьсаар л байхад Васудева тайван, түүнийг урьд өмнөхөөсөө ч илүү анхааралтай сонсож байгааг Сиддхарта мэдэрлээ. Хамаг л зовлон, хүсэл тэмүүллийг нь өөртөө шингээн сонсож буй мэт. Ийм хүнд юмаа ярих нь яг л буртгаа голд угааж урсгахтай адил юм. Сиддхарта яриад байх тусам түүнийг хэн нэгэн сонсож байгаа гэж санагдахаа ч болив. Энэ хөдлөхгүй сууж байгаа хүн яг л мод борооны усыг шингээдэг шиг бүх хэлснийг нь шингээн, Сиддхарта голтой, бүр бурхантай ярьж байгаа мэт санагдлаа."...

Би сонсдог хүн биш шиг байгаа юм. Чалчаа талдаа. Одооноос сайн сонсогч байхыг хичээе гэж бодов.  

..."Үг гэдэг санаа бодлыг бүрэн илэрхийлж чаддаггүй. Амаар гарахад л бодож байсан юм санаснаас арай өөр л сонсогддог, жаахан тэнэг ч сонсогддог юм шиг. Гэхдээ нэг хүнд гэгээн санагддаг юм өөр хүнд утгагүй санагддаг нь бас их хачин шүү".

Нээрээ л миний үзэл бодол бусдад таалагдах албагүй, би ч хүний үзэл бодлыг хэт "шүтэх хэрэггүй. Тийм ээ? 

..."Багшийн хэлсэн үгнээс хийсэн юмс нь чухал. Надад түүний амьдралдаа хийж бүтээсэн сайхан юмс нь ярианаас чухал, түүний биеэ авч яваа нь үзэл бодлоос нь чухал. Би түүний үг болон бодол санаагаар нь сайн хүн байна гэж дүгнэдэггүй, харин түүний бүтээсэн үйл, сайхан амьдралаар нь дүгнэдэг."...

Өнөө цагт маш чухал тийм ээ. Бүгд л цэцэн цэлмэг үг цээжилчихсэн тийм ээ. Үг үйлдэл хоёр нь зөрдөг хүнтэй нэг биш удаа таарсан даа. Ойрхон ч байна...

..."Дэлхий ертөнцийг, бие биеэ үзэн ядалгүй хайрлаж, дэлхийг ч, өөрсдийгөө ч хайрлаж, хүндэлж, биширч явах нь тун чухал юм"...

Юу билээ? Амжиж хайрлаарай гээд дуу байдаг билүү? Хайрлаад явчихна аа...

За тэгээд эцсийн эцэст хүн юу хүснэ, түүнийхээ араас яваад түүнийхээ төлөө зовоод байна тийм үү? Зовлонг зарим талаараа өөрсдөө бий болгоод байна тийм үү?

Бусад богино өөрхөн ишлэлүүдээс нь хүргэх үү? 

Сайн багшийн үр нөлөө насан туршийнх байдаг.

Дотоод сэтгэл гэдэг бүхий л дэлхийтэй адил. 

Дэлхий ертөнц гашуун амттай. Амьдрал гэдэг зовлон юм. 

Мэдлэгээр цангаж, эрж хайж явдаг тан шиг хүн үзэл бодлоос болгоомжилж явах нь зохилтой. Үзэл бодол нь үнэн чанартаа хоосон байдаг юм. 

Хэт их ухаанаас болгоомжилж яваарай. 

Дотоод сэтгэл минь бусдаас ялгарах ганц зүйл мөн. 

Алив зүйлийн утга учир, мөн чанар нь хаа нэгтээ нууц орших бус харин тухайн зүйлийнхээ дотор оршдог.

Дотоод дуу хоолойгоо сонсож, түүнийгээ дагаваас зохилтой. Өөр юу ч хэрэггүй. 

Зөөлөн эелдэг сэтгэлийг ширүүн догшин сэтгэлээс хүчтэй, ус чулуунаас хүчтэй, хайрлах нь хүчээр тулгахаас хүчтэй.

Гэгээрэхээр шийдсэн шүү. Хэд дэх удаагаа ч ингэж шийдэж байна бүү мэд. Бага багаар хэрэгжүүлнэ ээ. Хэ хэ. Гэгээрлийн хамгийн гол чанар нь аливаа зүйлийг байгаагаар нь л хүлээж авах юм байна тийм үү? Хэт шүүхгүй байх, хэт үнэлэхгүй байх...

Би чинь заримдаа хэт шүүмжлэх хандлагатай, ажиглагдаад байдаг юм өөрт минь. Үүнийгээ засах. Өөрийгөө таниж буйн нэг жишээ юм даа.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年9月2日月曜日

Шинэ нисэх

Шинэ нисэх онгоцны буудлаа "ажигласан, ажигласан". Хэ хэ. 2 жил дарааллан ирэхдээ харанхуй болсон хойно, цаг нэлээд орой болсон хойно буугаад, үзэж харж амжилгүй гараад явчихсан. 

Тэгээд ч тосож буй гэрийнхэн минь юун нисэх мисэх сонирхох. Бушуухан шиг л үнсэж аваад, машиндаа суулгаад гэрийн зүг давхих л хүсэлтэй, догдолсон улс хүлээж байдаг тул.

Үүний өмнө хүмүүс зургаа их даруулдаг юм билээ. Бид ч дүрмийн дагуу авахуулсан. Өнгөрдөг жил ч авахуулсан. 

Яг ингээд хүнгүй болохыг нь хүлээх гэж хөөрхөн хэдэн минут болсон. Яг зураг дарах гэсэн чинь авахуулсан хүмүүс нь гялс холдоод өгчихгүй, яг тэндээ л бөөгнөрөөд, дараагийн хүн ээлжээ хүлээгээд зогсож байна шүү гэж боддоггүй юм билээ. 

Одоо жаахан би би гэдгээ болиод чи, та гэж боддог болчихвол тийм ээ. 

Би зураг дарах гээд зогсож байсан чинь нэг гэр бүлийн хүүхэд нь тэр толь шиг хэсэгт царай нь орчихоод болдоггүй. Уучлаарай, царай нь зурганд орчихоод байна, түр холдоод өгөөч гэсэн чинь ээж нь их баярлаад байх шиг байсан. 

Аргагүй шүү дээ, тийм ээ? Танихгүй хүний нийтлэлд хүүгийх нь зураг орчихсон явж байвал онцгүй биз дээ? Гол нь зөвшөөрөлгүй. 

(Ооё, өөрийин бичсэнийг "нийтлэл" гэчихэж ээ. Ха ха.)

Хөөрхий хэдийдээ хийсэн үйлийн үр нь байдаг байна аа гэж бодогдохоор л их зүйл хийж өгөх юм энэ япончууд.

Анх намайг энд ирэхэд л Төв аймгийнхан манай нутагт шинэ нисэх онгоцны буудал баригдана гэж ярьсан. 20 жил ярьсан. Ха ха. Нэг юм ашиглалтанд орсон нь ямай даа гэж бодогдож билээ, тухайн үед.

Дээрээс нь харахад нэг иймэрхүү. Хуучныгаа бодвол сайхан л даа. Гэхдээ л ачааллаа дийлэхгүй байгаа гэсэн шүү.  

Яг дотор нь ажилладаг хүнээс сонсоход шүү дээ. Манайхан өөрсдөө жаахан биш ээ, хангалттай мөнгө нэмээд нэлээд томоохон онгоцны буудал бариулчихгүй тийм ээ? 

Хэдхэн гэр бүл хуваагаад улсыг минь сорчихсон гэж бодохоор л гомдоод өө...

Огт байхгүйгээс гэж бодвол бодох л доо. Хэ хэ. Гэхдээ одоо хэдий болтол тэгж сэтгэлээ хуурахав дээ тийм ээ. 400 сая жуулчин нь ирэхэд шинэ нисэх маань ч жулдах юм гэсэн шүү.

Ерөнхийдөө юмны үнэ асар өссөн гэж харсан. Тэгэхээр нисэх дээр зарагдаж буй зүйлсийн үнэ ч асар өндөр санагдсан. Худалдаа хийгээгүй ээ, үгүй ээ нэг кофе, нэг ундаа авсан юм байна. Ам цангаад.

Номын дэлгүүр харагдсан. Ачаандаа түүртээд, зулзагыгаа ганцааранг нь үлдээхээс сэрэмжлээд шагайж амжаагүй. Дараа нэг очихоороо шагайна аа. Нэг дор бүгдийг нь дуусгах гээд яахав тийм үү?

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年9月1日日曜日

Монгол дахь Япон

Эх орон минь үйлдвэрлэгч орон биш, импортлогч орон тул хаа сайгүй л гадаад бүтээгдэхүүн. Яг сайхан эх орондоо "үйлдвэрлэсэн" зүйлийг авах гэхээр тун ховор оо. 

За тэгээд гадаад бүтээгдэхүүнүүдээс чанартайг нь хайна гэдэг бас л...

Түүн дотроос япон бараа олоод харчихвал цаанаа л нэг тийм сэтгэлд өег байх юм билээ. Гол нь яг япооноосоо орж ирж байна уу? гэдэг нь бас эргэлзээтэй гэж сонссод, урам хугарсан шүү...

Хажуугийн мужид амьдардаг, жилдээ нэг хоёр уулзалддаг япон өвөөтэйгөө монголд уулзав. Байрлаж буй газар яваад очив. "Тооёко ин" гэдэг зочид буудал. Энэ буудал япондоо бол хаа сайгүй бий. 

Ихэвчлэн галт тэрэгний буудлын ойрхон байдаг. Нэлээд ам сайтай байдаг хүмүүс. Өглөөний хоол нь тийм ч тансаг биш, халуун цай, кофе, жижигхэн талхаар л үйлдчилдэг.

Гэсэн хэдий ч хүмүүс ам сайтай, ийш тийш томилолтоор явахдаа их ашигладаг. Үйлчилгээ, үнэ зэрэгтээ нууц нь оршдог байх.

Яг орохдоо бас зүгээр байхгүй зураг дарсан. Гадны жуулчид их харагдсан. Солонгос, хятад хүмүүс харьцангүй их ирж дээ гэж харсан, энд тэнд явахдаа. Үүдний хүлээлгийн өрөөнд өвөөгөө хүлээнгээ жаал ажигласан. 

Бүр дотогшоо өрөөнд нь орж үзээгүй. Угтаа нэг шагайчихсан бол тийм ээ? Дараа хүн асуувал зүгээр шдээ, онцгүй дээ гэж санал болгоход хэрэгтэй байдаг юм.

Зээ, би үүнийг жилийн өмнө байх аа, монгол явуулж байсан. Тэгсэн ингээд хөөрхөн үүрдэг юм байна. Уулынхны маань 2 зээ ихээ том болцгоосон тул энэ хоёр цүнх тоосонд дарагдаж харагдахаар нь надад өгчих гээд авчихсан. 

Тэд ч их дуртай байсан. Учир нь хаячихаж төвдөхгүй байсан байх. 

Дахин ийм цүнх байвал авна даа. Мэдээж их аятайхан хэрэглэсэн, дахин хэдэн жил үүрээд явчихаж болохоорыг нь л сонгож авна. 

Гэснээс бага зулзагадаа бас худалдаж авах ажилтай. Өнгө энэ тэрээ сонгоно доо, тэгж байгаад...

Зээ, үүнийг нэг спа-д орохдоо олж хараад, худалдаж авч өгсөн дүү. Эндээ бол нэг их худалдаж авч уудаггүй л дээ. Энд тэнд ажлаар явахад харилцагч талууд бэлдсэн байхад нь уудаг. 

Амт эндэхтэй адил байсан байх аа. Санадаггүй ээ. Ухаан санаа спад явж байсан тул. Хи хи.

Энэ "Калпис" гэдэг ундаа бас их зарагддаг болсон байна лээ. Би авч уудаггүй. Зулзагууддаа ч авч өгдөггүй. Учир нь сахарын орц маш өндөрт тооцогддог. Эндхийн эрүүл мэндийн газрын үүдэнд хүртэл Кола болон энэ ундааны сахарын хэмжээг харуулсан байдаг. 

Бага зулзагыг дайлаад. Мань хүн таньдаг ундаа нь харагдаад авсан. Түүнээс бас зулзагад ууж идэх юм ховор байсан. Амт нь нэг л таалагдаж өгөхгүй байсан байх. Амсаж үзээд л идэхгүй, уухгүй гээд л явчихна шүү дээ. Хэ хэ. 

Гэх мэтчилэн япон зүйлсээ олж харахаар таатай мэдрэмж төрж байсан шүү. 

Одоо бултаараа монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ энд тэнд харахаараа баярладаг, итгэл найдварын оч гялалздаг болтол нь хийдэг болчихвол тийм ээ? 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年8月31日土曜日

Гадаад хоол 2

Солонгос хоолны газар орсон. Бас л гадуур явж байгаад. Угтаа би хоол идэхгүй байж болох байсан л даа. Ерөнхийдөө мах бол хүнд талдаа орчихож байгаа юм. 

Тэгсэн дүү загнаад өө, наад жин энэ тэрээ хасах ажиллагаагаа харьж байгаад л хий, битгий маяглаад бай гэж. Би чинь дүүгийнхээ үгэнд ордог сайн "өрөм" эгч. Ха ха.

Гэснээс та нар энэ өрөм гэдэг үгний учрыг ойлгож байна уу? 

Нүүрномоор нэг залуу ярьж байна шүү. 

"Гадаадад манай монголчуудын дан өрөмнүүд нь байдаг юм билээ. Шилдгүүд нь, сайнууд нь гэсэн үг л дээ" гэж ирээд л. Тэгсэн тэр залуу нь Камертон хамтлагийн Мээдээ гэсэн. Би таниагүй л дээ. Угаасаа ч нэг их сонсдоггүй. Ха ха.

2 бүсгүйд энэ мах бол хангалттай. Болсных нь дараагаар хайчилчихдаг. Амар тийм ээ? Гэснээс манайх саяхан гэртээ бас махны хайч худалдаж авсан. Энэ хавар, зун найз нөхөд ирээд мах шарж идэхэд маш их хэрэг болсон. Тун зүгээр юм билээ.

Солонгос хоолны гоё нь энэ тийм ээ? Олон жижиг жижиг хачир ирдэг. Бараг хачраа идэхэд л цадчихаар. Хэ хэ. 

Энэ олон хачрыг нь гэртээ өөрөө хийгээд сурчихвал ч гэж бодно оо, идэж байхдаа. Гэртээ харьж ирээд ном минь нүдэнд харагдвал өнөөх хүсэл, мөрөөдөл нь шууд алга болоод, номоо тэврээд суучихна. Хи хи. 

Олон төрлийн жижиг амттай ногоонуудад дуртай гэж юүхэв.

Энэ уурыг нь сордог "яндан?" нь содхон санагдаад зураг дарсан бололтой. Заримдаа ч дарсан зурагнуудаа сүүлд хараад, юу нь сонин санагдав? юу хэлэх гэж зураг дарав? гэж боддог болчихсон байна лээ шүү. Ай насны намар аа гэж. Хо хо. 

Яг махаа шарах үедээ доош нь татаж буулгаад хайруулын тавагтайгаа ойртуулчихаж байсан.

Эндхийн зарим нэг хоолны газартай төстэй санагдаад. Ийм газар бий болчихож төрөлх хотод минь гэж бодоод л зураг дарсан байх. 

Ойлгоно биз дээ? Би чинь нутгаас гараад 20-иод жил болчихсон. Намайг байхад иймэрхүү газар бараг байдаггүй, Сансрын түнээлийн дээхэн байдаг "Сэкитэй" гэдэг япон хоолны газар ийм ширээ сандалтай байсан шиг санаад байна. 

Гэхдээ тэднийх доошоо хөлөө жийж сууж болдог ч байл уу? Сайн санадаггүй ээ. 

Ажлаар ирсэн "гүзээтэй" дарга нар лав ийм ширээнд суух гэж үйлээ үздэг байсныг санаж байна. Гутлаа тайлах гэж гүзээ нь тулна, хөлөө жийх гэхээр гүзээ нь тулна. Гүзээгүй байсан ч хатуу талдаа хүмүүс, бүр завилж сууж чаддаггүй хүмүүс ч байдаг юм билээ.

Хэдэн жилдээ нэг удаа очдог би чинь ингэж гадуур хооллоод явах нь бага, дандаа л айлаар хэсээд л бууз хуушуур, хорхог боодог идэж байгаад ирдэг хүнд энэ удаагийн Улаанбаатар дахь "аялал" минь тун хөгжилтэй, сонирхолтой байлаа. 

Амттай сайхан хоолоор дайлсан дүүдээ энэ завшааныг ашиглаад дахин дахин баярлалаа, гялайлаа гэж хэлье өө. 

За за хоолны тухай бичиж байснаа юу ч гээд бурчихав даа. Хэ хэ.

2024年8月30日金曜日

Ясан зүрх

Нэг хөөрхөн ном уншаад дууссан шүү. 

Ойрын хэд хоног тувт идсэн уусан тухайгаа бичээд сонирхолгүй байсан уу? уншигч олон минь. Хэ хэ. 

Хайр дурлалд дуртай, гоё төгсгөлд дуртай хүмүүст дажгүй ном санагдсан шүү. Багадаа "Цагаан бээлий", "Морь унасан толгойгүй хүн" зэрэг номнуудын яг тэр хайр дурлалын хэсгийг байн байн сөхөн уншдаг байж билээ.

Тухайн үеийн номнуудад бол хайр хийх тухай ил тод, дэлгэрэнгүй бичдэггүй байсан. Харц тулгараад л, үнсэлцэх төдий л зүйл бичдэг байж.

Ном уншдаг болох, уншдаг болгох гэж толгойгоо гашилгадаг өвсөр насныхан, шилжилтийн насныханд сонирхуулж болохоор ном. 

Мэдээж +13 ч юм уу? Бэлгийн хүмүүжил, нөхөн үржихүйн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй хүүхдүүд уншвал тийм ээ? 

Бэйя, Сэмсон хоёр цаашдаа яах бол? Хэдийд дотносох бол гэж шимтэн уншина. Олон хоног ч зарцуулахгүй. 

Хэдий өссөн орчин нь хэлэхийн аргагүй хүнд хэцүү, бохир заваанаар дүүрэн байсан ч хүн өөрөө л зөв байж чадвал яаж ийгээд зөв замд орж болдгийг бататгасан агуулгатай байлаа. 

Мөн зөв хүнээ олж нөхөрлөвөл, дотносвол гарцаагүй сайнаар нөлөөлж болдгийг ойлгуулах байх аа, залуу хөөрхөн уншигчдад. 

...Бэйяг багад нь ээж аав нь салчихна. Салчихна ч гэж дээ, бараг л ганц удаагийн ойртолтоор хүсээгүй жирэмслэлт болчихоод, аав ээж нь хоорондоо суудаггүй. Гэхдээ аав нь хариуцлагатай нэгэн байж, хүүхдийн тэтгэмжээ том болтол нь төлнө. Мөн үе үе уулзалдана. 

Харин ээж нь донтогч. Хар тамхи шиг байгаа юм. Мансуурах юу л байна, түүнд донтдог шиг. Тунгаа хэтрүүлээд, нас барчихна. 

Ээжийгээ нас барсны дараагаар аав дээрээ очно. Хойд ээж, хойд ээжийн охин, түүний найз, аав нь гэх мэт хүмүүс харин их аятайхан хүмүүс байна. 

Хажуугаар нь өөрийнх нь "шархтай сэтгэл зүрх"-ийг нь өөртөө татаад байдаг нэгэн залуу гарч ирнэ. Сэмсон. Яагаад ч юм тэр хоёр бие биендээ татагдана. Тэр шалтгаан нь сүүл хэсэг рүүгээ тодорхой болж ирнэ.

Аан тийм, байгалийн сайхан нь, сүрдмээр чанар нь хүнийг эмчлэх увидастайг, чадвартайг өгүүлнэ, далд утгаар. Далай гээч нь цаанаа л нэг эрч хүчтэйгээр ховсдоод л...

Мөн хүн ямар нэгэн зүйлд шамдах, хичээллэх нь ч сэтгэл зүйг нь далдуур эмчлээд, чиглүүлээд явдаг шиг байна шүү. Хүнтэй харилцах, нийгэмд ямар нэгэн хэмжээгээр оролцох, өөрийг нь гэдэг хүн байдаг, эрх эдлэхийн хажуугаар үүргээ ч гүйцэтгэх тухай өсвөр насныханд ойлгуулах байх өө. 

За тэгээд, өнөө цаг үед "дурлалцах" нь ядаргаатай, адармаатай гэдэг үзэл газар авч буй хэдий ч залуусыг зоригтойгоор дурлаасай, хэн нэгэнд татагдаасай, алдсан ч хамаагүй. 

Дараа нь түүнээсээ сургамж аваад, дахин өөр харилцан хайрлан, харилцан хүндлэх хүнтэй учраасай гэж хүснэм, өнөөдрийн өндөрлөгөөс хэлэхэд. Хи хи. 

Сэмсон залуу харин ухаалаг нэгэн байлаа. Түүний хэлсэн зарим нэг үг хөөрхөн. Жишээ нь "Үнэндээ сайхан эд зүйлс зүрх сэтгэлийн онгорхой цоорхойг хэзээ ч нөхөж чаддаггүй". 

Мөн нэлээд царайлаг шиг байна лээ. Би крашлана аа, яадаг юм. Хэ хэ.  

Яагаад "Ясан зүрх" гэж нэрлэсэн тухай уншиж байж л мэднэ.

Зээ, боломж гарвал уншина биз дээ? 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年8月29日木曜日

Амттан

Тувт дайлуулсан хүн чинь хааяадаа бас дайлна аа. Мэдээжийн зүйл тийм үү? Ичих, санаа зовох булчирхай минь бас л овоо ажиллана шүү дээ. Хэ хэ.

Нэг ийм амттан байдаг юм байна. Хэний ч билээ нэвтрүүлэгт их сурталчилдаг гэнэ. Би мэддэггүй. Хань ижил хаа холоос л хүүхдүүдэд тэр амттанг авч өг гэж лүндэгнээд. 

Утасны цаанаас олигтой сонсогдохгүй. Ядаж байхад гадаад нэртэй. Ха ха.

Захиалаад хүргүүлсэн. Энэ үйлчилгээ, түгжрэлтэй хотод бол их аятайхан тийм ээ?

Хөөрхөн зулзагууд нүд нь гэрэлтээд л хөөрхөн. Амтны хувьд яахав дээ гэсэн шүү. Та нар чамин гоё үгтэй сурталчилгаанд нь хууртагдав аа. 

Гэхдээ байна аа, мэдээж дуртай, амтыг нь таалдаг хүн байхыг үгүйсгэхгүй шүү. Харах өнцөг, амтлах өнцөг хүн бүр өөр өөр тийм үү?

Үүгээр дүү минь бидэн хоёрыг дайлсан юм аа. Халуун кофетой хамт идэхэд тансаг. Жингээ хасах гэж хичээж буй би бага зэрэг л амссан. 

Гэснээс би харьцангуй гайгүй жин нэмж ирсэн шүү. Одоо түүнийгээ хичээж байгаад хасаад, нэмээд дахин хэдэн кг хасчихвал ч алаад өгөх гээд байна шүү. Ха ха. 

За тэгээд төрөлх хотод минь кофе шоп их нээгдэж ээ. Худалч хүнд тав алхаад л байсан шүү. Бас тэр CU, G25 ч тав алхаад л байсан. Нэг бодлын амар, нэг бодлын онцгүй. Яг аль нь юм бэ? Ядаргаатай тийм ээ. Хи хи.  

Одоо ингээд бичээд сууж байхад, хөгжилтэй гоё явжээ. Хайртай хүмүүс минь, дотно найз нөхөд минь тэнд байна. Уулзалдаж буу халаад сайхан байсан. 

Түгжрэлийг эс тооцвол, худалдааны ганц нэг үйлчилгээг эс тооцвол...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.