2020年2月19日水曜日

Багахан мину

Ой хүрэхээс нь өмнө багахан зулзагынхаа талаар ганц нэг мөр холбоё доо энэ чинь одоо.

Каваай каваай гэхээр долоовор хуруугаа хацар, толгой, хамар зэрэгтээ аваачна. Заримаа миний хацарт хүрнэ. Каваай гэж хөөрхөн гэсэн үг.

Байна уу гэхээр гараа, заримдаа миний утсыг чихэндээ, эсвэл хацартаа наана.

Долоовор хуруугаараа авах гэсэн зүйл рүүгээ зааж тэмүүлдэг болсон.

ААвАА, ААААА, АнИА гэх мэтээр ярьдаг болсон. Хань ижил, эгч нар нь ааваа гэлээ, аниа гэлээ гээд баясана.

Мөөмөө мөөмөө гэхээр малийж ирээд инээнэ, ааа, ааа гээд мээмээ идэх гээд байж ядна.

Саяхнаас ээ бүүвэй, ээ бүүвэй гэдэгтээ тун ойролцоо авиа гаргаад унтмаар байгаагаа илэрхийлээд байх шиг...

Гэр дотор энд тэндгүй мөлхөөд, элдэв зүйл онгичоод, гаргаж ирээд шидлээд байна.

Аяга халбагаа нүдээд л байна. Нэг аягыг минь цуулаад тавьчихсан байсан. Хэ хэ. Шууд л хогийн сав руу өнөөх нь. Гар хөлөө зүсчихвэл гэж бодоод л.

Жижигхэн бөмбөр байдаг юм. Тэрийг маш сайн нүднэ. Ирээдүйд бөмбөрчин болох юм уу гэж өхөөрдөнө өө бид.

Дуутай номыг маш сайн дагаж найгана. Өөрөө товчийг нь дарж дуулуулууд л. Ийм дуулдаг ном эгч нарых нь хэрэглэж ирсэн хэд хэд байдаг юм. Монгол дуутай ном ч байна. Монгол дуугаа түлхүү сонирхоод байх шиг санагддаг юм. Санаа дагаад байж магад. Хэ хэ.

Ботгоныхоо дууг үе үе тавина аа. Өмөлздгөөрөө өмөлзөнө. Сонин...

Тоторо гээд хүүхэлдэйн кино байдаг даа. Тэрний Тоторогийн чихмэл тоглоом 3ч байдаг юм. Том дунд жижиг. Хараад баярлаад байдаг юм. Одоогоор чихмэл тоглоомоор нэг их тоглуулаагүй байна л даа. ДВД-тэй болсон нээрээ. Япон найз айл маань өгсөн юм. Тэгж байгаад нэг амралтын өдөр үзүүлнэ ээ.

Өө тийм, аавынхаа гитарын бас сайн нүднэ шүү дээ. Хань ижил долоо хоногтоо хэд хэдэн удаа заавал гитараа тэврээд аав хүү хоёр гитарынхаа дасгалыг хийе гэж ирээд л дарна. Өнөөх нь маш урамгай мөлхөж очоод балбаж өгнө. Хи хи.

Одоогоор уртаашаа өргөөшөө хоёр ном л уншиж өгч байгаа. Түүнийгээ харахаар хөөрхөн анхааралтай гэгч нь сонсоод сууна. Үе үе өөрөө уншиж харагдана. Хуудсыг нь сурмаг гэгч нь эргүүлээд, аан уун гэж дууараад л. Дулаарахаар номын сан дагуулж явна даа. Жаахаан маамаа нарт зориулсан номын булан гэж байдаг юм.

За нэг иймэрхүү. Жаахан маамаатай ээж аавуудад амжилт...

0 件のコメント:

コメントを投稿