Сар шинийн мэнд ээ.
Цахимаар шинэлээд
Цомхон тэмдэглээд
Арван хэдэн жилийг ардаа
үджээ. Муудаад хийморь доройтсон зүйл алга дөө. Одоо энэ муухай вирусны
аюулыг даваад гарчихвал ч. Өр ширгүй өвчин зовлонгүйгээр хулгана жилдээ
гялалзаад өгнө дөө.
Аавыгаа, буузаа хүлээж буй байдал. Битүүний өдөр. Гэснээс тэр харагдаж буй ном тун догь гээч. Дуусгамааргүй сонирхолтой ном байна гээч.
Бууз нь шинийн нэгэнд олуулаа чимхсэнийх урлагийн олон бүтээлийн цуглуулга. Яг ямар хүмүүс олуулаа цуглав гэхээр сүмо агаа нар, нэг хөл бөмбөгийн агаа гээд л.
Давхар бид тэд нарт бууз чимхэхийг зааж өгөв шд. Айлын энхрийхэн хүүхдүүд, эрэгтэй хүүхдүүд тэр болгон гэрийн ажилд, хоолонд туслах боломж ховор байдаг бололтой. Дээрээс нь багадаа наашаа ирчихсэн болохоор сурахаасаа өмнө гэрээсээ явчихаж буй тул бас буруутгах аргагүй.
Боддог юм, миний охид ч тэр бүр бууз хийж иддэггүй болохоор чимхэхдээ гаргууд биш. Том болоод үүрнээсээ нисээд явахаараа хоол хийж сураагүй гэж хэлүүлэх л байх даа. Энхрийхэн үрс минь.
Аминдаа гэрийн ажил хийлгэх гэж үздэг ч хичээл ном гээд сурах ажил нь нэн түрүүнд тавигдаад байдаг...
Эх орны минь хувьд нэлээд онцлогтой цагаан сар боллоо тийм ээ. Сүр бадруулалгүй, нэгнээсээ давах гэж байдгаа бардаг энэ баяраа сүржин бус, цахимаар тэмдэглэсэн айл олон байлаа.
Мэр сэр хэсээд явсан хэнэггүй гаруудыг эс тооцвол...
Цаашдаа ч сүрийг бадруулалгүй, өр зээл авалгүй, байгаагаараа сайхан, даруухан тэмдэглээд сурчихвал ч...
Өөрөөрөө жишээ авахад л, ул боовоор таваг засдаггүй, энд ямар тэр нь зарах ч биш. Амьтан хүнд монголоос захиад л, тээж ирж буй хүндээ ачаа бараа гэж төвөг удалгүй, цагаан гурилнаас татгалз гэж зөв хооллолтынхон уриалдгаар сар шинэ дуусахаар цагаан гурилны боовоо идэх үү? хаяхуу? гэж эргэлзэхгүй, ууцны өөхөө бас яах уу? энэ тэр гэж санаа зовохгүй амар.
Жил бүр шахуу шинэ дээл, цамц хийлгэж өмсөхгүй, гэрийн санхүү төсөвт асар их өгөөжтэй, хуримтлал үүсгээд л догь шүү дээ.
Тэгээд ч ирэх жилээс оюутантай болох тул, юун цагаан сар, юун наадам. Мөнгө мөнгө бас дахин мөнгө хэрэгтэй болно. Туршлагатай япон ээж аав нар ч их сануулж байгаа... За энэ талаар тусдаа бичнэ ээ...
Хулгана жилдээ бүх зүйл нь амжилттай, хамгийн гол нь эрүүл саруулыг хүсэн ерөөе өө.
0 件のコメント:
コメントを投稿