Жараны бутархайгаас жаахан ч гэсэн нэмж бичмээр санагдаад өө.
Авч унших юмсан дөө, хэн нэг нь ном захихгүй юм уу? гэж асуухгүй юм байх даа? гэж бодоод л явсан юм. Тэгсэн Гурван дэвтэрийн орчуулагч Д.Болортуяа эгч номын тухай бичлэг оруулсныг үзээд ер нь л захиж авчруулъя байз гэж шийдлээ.
Гэтэл саяхан нэгэн мундаг тэмдэглэл хөтлөгч Ээнээ нүүр номдоо нэлээд хэдэн ном зарна гэж оруулсны дотор тууж явна шүү. Шууд л захиа бичсэн. Өөр хоёр номтой хамт худалдаж авсан. Үнээ тохиролцоод, хэхэ.
Номнууд маань их шуурхай хүрээд ирсэн. Харин төлбөрөө би төлж амжаагүй яваа. Энэ нь бас жаахан шалтгаантай...
Ээнээ минь тэсээрэй, итгээрэй... Тэвч итгэ хүлээ, тэгвэл чи ялна шүү. Хи хи.
Надтай ижил ном сэлгэж уншдаг хүн байдаг л юм байна гэж олзуурхав. Хэ хэ.
Одоо ч нэг номоо дуусгаагүй байгаа. Тэр нь япон хэл дээр. Заримдаа бүр гурав дөрвөн ном эхлүүлээд орхих тохиолдол ч байна.
Яагаад таалагдсан бэ? гэхээр бичлэгийн хэлбэр нь. Цаанаа нэг тийм ёжтой. Сонин сонин хэлц ч их байсан. Би шууд номон дээрээ тэмдэглээд тодруулчихсан.
Дориун орос хэлтэй гэдгээ дориун рекламдаад авчээ бас. Орос хэл мэдэхгүй хүн чинь очень молодец гэж бодлоо... Ха ха.
Аав ээжтэй минь үе тэнгийн үхэр хонин жилтэнгүүд юм байна. Насан бага байхад Хулан гэдэг бүсгүйтэй гэрлэсэн гэнэ гэдэг яриа томчуудын ярианаас сонсож байсан нь л санаанд үлдэж...
Улс төрчийнх нь хувьд ёстой хэлж мэдэхгүй юм. Ер нь энгийн иргэд бидний дунд дээр байдаг дарга нар бүгд л ууж иддэг дөө гэсэн ойлголт түгээмэл.
Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг дээ. Ижий аав хоёрыг минь бас хүмүүс охин нь долоон хаустай гэнэ ээ тэр япондоо гэж ярихгүй юм байх даа гэж бодов. Тэгвэл байгаа ганцаасаа гадна дахиад зургаатай болно шүү дээ. Үгийн хүчээр, бодлын хүчээр...
"Хохьмой толгой"-г уншаад писхийтэл инээв шд. Нутгаасаа хол бид ч үе үе сонин сонин зүйл идмээр болно оо. Багадаа идэж өссөн хярамцаг, умс китай гээд л. Халдашгүй эрхт элчин сайд юм болохоороо чанасан толгой авчруулаад идчихэж байна. Ваув л гэж бодлоо. Түүнээс жирийн бид элдэв хориотой хүнс захих зүрх зориг хүрэхгүй ээ. Гай болж бол гааль дээр гайтвал нутгийн нэр сүр газар дор орно биз дээ?
"Онгоцны осол"-ын тухай дурсамж бас догь байлаа. Америк хатагтай нар ч сонирхолтой хүмүүс байж. Хурандаа Сугар их сайн хүн байж...
Харин тэр Намбарын Энхбаяр тэргүүтэй улиг болсон нэр гардаг хэсгүүд бол сонирхолгүй байсан. Сонгууль гэж угаасаа будлианы уурхай байдаг байх. Би ч өөрөө 2000 оны сонгуульд гар бие оролцож явлаа. Хаха. Энэ тухай найзууд минь сайн хэлнэ байх. Ой мой чинь тохиож байна гэж баяр хүртэл хүргэдэг гэж байгаа.
Гэх мэтчилэн зохиогчийг дуурайн багын дурсамж, уулзаж учирч байсан элдэв хүмүүсийн тухай тунгаан байж уншиж дуусгалаа.
Шинэ монгол үг нэгийг мэдэж авлаа. "Дөгөөх". Мэдэхгүй нэг нь толь бичиг сөхөж харна биз дээ.
Энэ номыг унших болзлоор хангаж өгсөн бүх хүмүүст гялайлаа...
0 件のコメント:
コメントを投稿