Дунд зулзагын минь төрсөн өдөр болоод өнгөрөв өө.
Муухай вируснаас сэргийлээд гадуур хооллоогүй. Гэртээ банш шарж идсэн. Бэлэн гурил худалдаж аваад л мах ногоогоо бэлдчихсэн байсан тул чимхэж шараад л болоо. Их амар. Чимхэхэд ч цаг орохгүй, их хялбар чимхэлт.
Хагас сайнд дунд зулзагатайгаа явж бялуугаа захиалсан байсан юм. Түүнийгээ очиж авсан. Их л догдолсон хүн яваад байлаа. Хэ хэ.
Өөрөө иймийг гэж хэлж захиалсан болохоор сэтгэл хангалуун байсаан. Хань ижил бас их гоё амттай байна гэсэн.
Цаана харагдаж байгаа лаазтай жигнэмэгийг ажлын газрынхан минь бэлэглэсэн. Зулзага лаазанд нь их олзуурхаад, үнэт зүйлсээ хийх юм гэсэн.
Би бас багадаа иймэрхүү лаазанд өөрийн гэсэн үнэт эрдэнэсээ хийдэг байж билээ. Хавчаар, ганц нэг бөгж, бугуйвч гээд л. Тухайн үед гоё гоё лааз ховор байдаг байлаа. Лаазтай байна гэдэг чинь өөрөө их баянд тооцогддог шиг санагддаг байж дээ.
Санадаг юм, багад байрны нэг эгчийнд орсон чинь их гоё дөрвөлжин лаазтай. Түүндээ их гоё гоё хавчаар зөндөө. Надад их нөлөөлж би өөрийн гэсэн хайрцаг савтай болохыг их мөрөөддөг болсон байх.
Одоо охид минь бас хөөрхөн хөөрхөн хайрцганд гоёмсог гэсэн зүйлсээ хийнэ ээ. Дүү нь эгчийнхээ үнэт зүйлсийг бас их атаархангуй харцаар харж харагддаг юм. Хэ хэ.
Өөрт нь хөөрхөн хайрцаг зөндөө байсаар байхад, заавал эгчийнх гоё харагдана. Дүү хүмүүсийн зан юм даа тийм ээ?
Гэснээс дараа охидынхоо хөөрхөн хайрцагны зураг оруулна аа. Том болохоор нь үзүүлье байз. Заримдаа эдний чинь сонирхол өөрчлөгдөөд эд хогшлоо сольж холиод байдаг юм. Дурсгал болгож зураг хөрөг аваад, эндээ үлдээнэ ээ.
За тэгээд төрсөн өдрийн арга хэмжээ сайхан болсон. Гэрээрээ бужигнаж, монголоос эмээ өвөө, ах эгч нар нь залгаж баяр хүргэв. Данс руу нь бэлэг гэж мөнгө хийнэ гэсэн. Түүнийгээ монголд очихоороо дуртай зүйлээ худалдаж авна. Овоо хэдэн юм болж байгаа байх шүү. Хэ хэ.
Албан ёсоор хөл хориогүй ч онцын шаардлагагүй бол олон хөлийн газраар явахгүй байхыг сануулж буй тул, их амар байна. Шаардлагатай хүнсээ л авчихна. Гадуур хооллож барихгүй, өрхийн санхүүд ч их хэмнэлттэй.
Хэдхэн сар? тэвччихвэл ч тийм ээ? Бүгдэд нь амжилт шүү.
0 件のコメント:
コメントを投稿