2026年10月17日土曜日

Сохор шар шувуу

Сэрүүсээд сайхан байна өө. Халуунд хүний эрч хүч их буурна. Дагаад ямарваа нэгэн зүйлийг хийх оргилуун их хүсэл ч буурна. 

Эх оронд минь сэрүүхэн сайхан байдаг болохоор та нар минь уншихыг бол үзүүлж өгдөг биз дээ? Ажиллахыг ч мөн үзүүлээд өгдөг биз дээ? Хэ хэ. 

Халуун зунаар японд ирсэн хүмүүс "ямар ч агааргүй" гэж хэлдэг. Агааргүй бол амьсгалж чадахгүй биз дээ? 

Эх орон минь тийм л сайхан сэнгэнэсэн сайхан агаартай байх нь. Тэрхүү давуу талаа ашиглаад уншихыг ч, ажиллахыг ч нэг үзүүлээд өгдөг юм шүү, хүсэх юм л тэр...

Оршил нэг иймэрхүү. Сонин хачин ном уншсанаа зураг хөрөгтэй нь оруулах гээд л. 

Садэх Хедаяат зохиолчийн "Сохор шар шувуу". Аяа бас л толгой эргүүлсэн агуулга. Иран улын зохиолч. Утга зохиол судлаачдын анхаарлын төвд явдаг зохиол гэнэ. 

Зохиолын гол баатар үхэхийнхээ өмнө элдвийг бодон, эргэцүүлэн, нүглээ? наманчлан бичиж буйг өгүүлнэ. 

"Надад бичих л үлдсэн. Бичихгүй аваас би мэдрэлийн өвчтэй болох биз. Харин бичих тусмаа би хэзээ ч эдгэхгүйгээр өвдөж байна."

Дээрх зүйрлэл нь зохиолчийн өөрийнх нь амьдралын төрх ч юм шиг санагдсан. Энэ зохиолчид чинь өөрийн мэдэрсэн, өөрт тохиосон зүйлсийг дүрслэн буулгахдаа гаргууд шүү дээ. 

Сарны гэрэл дэх анир чимээгүй харанхуйд хар морьд хөллөсөн сүйх тэргэнд суугаад үл таних хатангир өвгөнөөр газарчлуулан нэгэн үзэсгэлэнт бүсгүйн цогцсыг булахаар яваа нэгэн "хүний" тухай гарна. Энэ бүхэн нь яг одоо болоод буй үйл явдал уу? Эсвэл нүглээ наманчлан бичиж буй хүний тархин доторх хийсвэр дүрслэл үү? Ялгаж танихад бэрх бэрх.

"Харанхуйн эстетик бүтээлүүдийн нэгэн том төлөөлөл" гэж үздэг юм байна. "Нууцлаг, гунигтай, сонирхолтой бөгөөд ихэвчлэн харанхуй, бүрхэг өнгө аястай зүйлсээс гоо сайхныг олж харах урлаг, загвар, амьдралын хэв маягийн чиг хандлага" гэж байна шүү энэ харанхуйн эстетик гэдэг ойлголт нь.

Үнэхээр л унших явцад харанхуй өрөө л дүрслэгдэнэ. Авс, шарил, цогцос гээд уншихаар чинь арга ч үгүй биз?  

"Кавкаист" арга барил нэвт шингэсэн зохиол гэнэ. Тэгээд ч зохиолч 48 насандаа амиа хорлочихосн юм байна. Зарим нэг зохиолчдын философийг ойлгохгүй юм. Тархин доторх нь элдэв зүйлсээр "дүүрэн" байдаг байх даа? 

Гутранги үзэл... 

Арга барсан, цөхрөл шингэсэн бараан дүрслэлүүд... 

Нэг сонирхолтой санагдсан зүйл нь дээр үеийн томоохонд тооцогддог байсан хот, Ираны нийслэл хот зэргийг манай их хаан, монголчууд сүйтгэсэн гэж тайлбар хэсэгт гардаг. Ганцаар зогсохгүй хэд хэдэн хотын нэр гарна. 

"Завхай эм, асрагч эх, эхнэр, үзэсгэлэнт бүсгүй..." гэж ирээд л хүүхнүүдийн тухай их өгүүлнэ. Хүүхнүүд бид харанхуй ертөнц, гэгээлэг ертөнцөд ямагт гол дүрд гоцлох юм даа тийм ээ? 

Ямартай ойлгосон ч юм шиг, эсвэл огт ойлгоогүй нэгэн номоо хаагаад, номын тавиуртаа хураав...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2026年10月16日金曜日

10 дугаар сарын мэнд

Сардаа нэг мэнд мэддэг болох шинжтэй шүү. 10 дугаар сар гараад дундаа орчихсон байна шүү дээ. 

Асар завгүй ч юм шиг, тэгснээ номоо уншаад явахыг бодоход асар завтай ч юм шиг өдрүүд...

Суугуул нутагт сэрүү ороод сайхан байна. Өглөө оройдоо ажилдаа алхахад таатай байна. Бороо л битгий ороосой гэж залбирна. Алхахдаа амандаа дуу аялана. Дараа эх орондоо найрны дугараатай байх гэж дасгал хийж байгаа нь. Ооё.

Тайлагнахад, монголоос нэг залуу ирж хэд хоног хамт ажилласан. Жаал үглэв. залуу хүмүүс та нар ном унш бла бла. Улсаа хөгжүүл бла бла. Үглэдэг аниа болсон шиг байна шүү. Ха ха. 

Найзууд ирж хоёр хоног хундага тавилгүй дарс ууж, хутга тавилгүй мах огтолсон шиг талимаарсан өдрүүд байлаа. 

Нэг долоо хоногт 4 удаа онгоцонд суусан байлаа. Япон дотроо нисээд л, нисэх дуртай цахлай шувууны тухай уншаад л...

Зурган дээр тээр цаана Фүжи уул харагдаж байна. Ойртуулж нэг холдуулж нэг зураг дарсан. Өдий олон жил болохдоо барааг нь л холоос ганц нэг харсан болохоос дэргэд нь очиж харж байгаагүй ээ. 

Нэг сайхан завтай болохоороо алхана даа гэж мөрөөдсөн шиг ээ л явна. 

Гэснээс 8 сард явсан ажлын тайлан, мөнгө тооцоогоо сая л жин тан болгож өгөв. Их нарийн үзнэ ээ эд нар. Бүх зүйл баримттай, судалгаатай. 

Харин 6 сард явсан ажлын мөнгө орж ирдэггүй ээ. Өөр хэлтсийнхэнтэй явсан тул хариуцсан хүмүүс нь удаагаад, уур хүрэх гээд л байна шүү. Нэг таарахаараа хэлэхээс... 
Мөн ч их хүлээж байна даа гээд...

Номнуудаа уншиж байгаа. Блогтоо бичиж л амжихгүй яваа болохоос. Энэ сард 3 ном уншжээ. 4 дэх номоо уншиж байна. Энэ ном маань төлөвлөгөөт ном. 10 сардаа багтааж уншаад ярилцана. 

Монсударын өнгөтүүдээс уншсан хэрнээ блогтоо бичээгүй ганц нэг ном байсныгаа хальт сэргээж байгаад бичиж үлдээнэ ээ, ойрын хугацаанд. 

Шинэ он ч удахгүй гарах нь дээ. 50+ ном уншина гэсэн зорилтдоо хүрэхгүй нь байна өө. Яалтай...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.