2020年5月10日日曜日

Зүгээр л

Зүгээр шахуу бичлэг дөө. Өдөр бүр бич гэсэн болохоор. Хэ хэ.
Хүүхдийн баяраар. Том, дунд хоёр зулзага ээлжилж энэ майханд ном уншсан. Бас хамтдаа сууж зайрмагаа идсэн. Уг майханг түрүү жил худалдаж авсан. Угтаа худалдаж авах төлөвлөгөөгүй байсан юм.

Ээжийн санаагаар бол гэртээ тавьчихаад, дотор нь ороод суудаг хөөрхөн жижиг ордон энэ тэр шиг байдаг даа. Хааяадаа зулзагууд минь дотор нь орж номоо уншиж байг гэж бодоод хань ижил, дунд зулзага хоёрыг дэлгүүр гаргасан чинь энэ майханг худалдаад авчихсан байсан.

Би ч хэлэх үг олдохгүй жаал шоолж инээсэн байхгүй юу. Тэгсэн энэ жил харин хэрэг нь гардаг байна шүү дээ. Манай хоёр их додьгор байсаан. Хи хи. Манайд ихээ том майхан байдаг, түүнийгээ нэг их ашиглаж чадалгүй зуныг дуусгачихаад байдаг юм. Тэгсэн ийм авсаархан майхан чинь бас хөөрхөн зугаацуулчихдаг эд байна шүү. Дэлгээд зооход ч амар.
Тарагаа бүрж л байгаа. Сүүлдээ залхуураад ахиухан шиг бүрчихээд байгаа. Том зулзага монгол нэрсээр зүрх зурах гэж оролдсон.
-Өө, зураг дарах байсан юм бол хэлэхгүй? Хичээж зурах байсан юм.
гэсэн. Дараа кофен дээр сүүгээр элдэв дүрс гаргаад л уудаг даа. Тэрэн шиг зурж өгнө гэсэн.

Гэснээс хүмүүс гэрээс гарахгүй, гадуур хооллохгүй, хүүхдүүд гэр зуур байхаар элдэв л хүнс эрэлттэй болдог шиг. Намайг тараг бүрээдэхэв үү гэсэн шиг сүүний үнэ бага багаар нэмэгдээд байна. Уур хүрчих юм. Лангуун дээр торойгоод байж байгаа нь их юм даа л гэж бодов. Тасарчихвал юун тарагтай манатай биз дээ?

Бага зулзага ярвайж ирээд л ганц нэг амсаад байгаа. Бага багаар өгч дасгана даа. Дэлгүүрийн элдэв хольцтой тарагнаас л дээр байх тийм ээ?

Ойрд япон дахь халдварлагчдын тоо буурч л байх шиг байна. Гэхдээ л тайвшрч болохгүй гэсэн. Онц байдлаа энэ сарын 31 хүртэл сунгасан байгаа.

Тэсдэг л юм шүү. Бүгдэд нь амжилт шүү...

0 件のコメント:

コメントを投稿