2020年6月4日木曜日

Амттай байг ээ

Суугуул мужийн брэнд бүтээгдэхүүн. Эхний блогтоо зөндөө бичиж байсан шүү. Сонирхвол орж уншина биз дээ?

Өнгөрдөг жил жаахан маамаатай, нялх нойтон биетэй гээд дарж амжаагүй. Дарах юмсан гэж бодож явтал зарагдаад дууссан байсан.

Энэ жил бүр анаж байгаад л худалдаж авсан. Амттай байг ээ. Энэ жил халуун чинжүүгээ бага шиг хийнэ. Учир нь дунд зулзага гашуун нясуун байна гээд иддэггүй юм. Сургуулийн үдийн хоолонд өгдөг, түүнийг бол нүдээ аниад л иддэг гэсэн. Үгүй энэ сургуулийн үдийн хоолонд талархаад баршгүй...
Нэр нь шагар сонгино. Ном дэвтэр, толь бичиг энэ тэр сөхөж явсаар энэ шагар гэдэг үгтэй таарсан. Их олзуурхаж билээ.

Хажуугийн ууттай нь зориулалтын уксус? Цагаан гаа энэ тэр гээд бусад ногоог ч дарж болдог.

Зарим азтай жилд шагар сонгиноо хүнээс үнэгүй авах тохиолдол байдаг л юм. Үнэгүй зүйлд нугасгүй шүү дээ. Хэ хэ. Нэг ийм уут нь 1 кг, үнэ нь 800-1000 иений хооронд. Мэдээж дээрээс нь НӨТ-аа нэмнэ. Олон кг-р нь авбал бас л хөөрхөн үнэтэй болж байгаа биз? Би энэ жил 2 кг-г худалдаж авсан.

Үүнийг өдөрт 3-5 ширхэгийг идэж байвал цус өтгөрөхөөс сэргийлнэ, зүрхний үйл ажиллагаанд сайн л гэдэг юм. Элсэрхэг хөрсөнд тариалдаг. Цэцэглэх үеэр түүнийгээ бас аялал жуулчлалын нэг хэсэг болгоод сурталчлаад байна гээч, айхтар золигнууд чинь.

Би яг цэцэглэх үеэр нь очих гээд л амжилгүй өнгөрөөчихөөд байна. Энэ жил баба вируснээс болоод бас л амжсангүй. Ирэх жил цаг сайхан болохоор сайхан зугаална аа гэж занаад л, баба вирус дарагдахыг хүлээж байна даа гэж...

Эдний энэ айхтар зан чанараас бас суралцаад л явчихмаар санагдана аа. Монгол хүн байна даа, яаж зүгээр байхав. Хэ хэ.

За бүгдэд нь амжилт, та бүхний ургац бас арвин байг ээ...

0 件のコメント:

コメントを投稿