2020年12月24日木曜日

Уран бүтээлч

Бага зулзагынхаа тухай бичнэ ээ. Нүдэн дээр томроод байна. Хэлд ороод, үг нь нэмэгдээд байна. Япон үг л нэмэгдэх янзтай. Яахав байнга хэлдэг ойр зуурын монгол үг бий бий.

Том цаас дэлгээд өгөхөөр ингэж дээр нь гарч сууж байгаад л зурна шүү дээ. Мундаг байна уу? Хэ хэ. Энэ гялгар цаас. Өнгийн харандаагаар зурахаар гарахгүй тул ийм палмастраар зурдаг. 

Гэм нь билэг танхай бүтээлч тул цааснаасаа халина аа. Доорх дэвсгэр нь бас давхар бүтээлээр баяжаад л яваа. Жаахан томрохоор нь нэг солино доо...

Энэ нэг авангард зураг нь. Алгаа ташаад л онгирооно шүү дээ. Цаанаа л нэг пээдгэр царайлна аа, өнөөх нь. 

Хадгалах гэхээр цаасаа дийлэхгүй, ингэж зураг дарчихаад л хаяад байгаа. Гэснээс би элдэв цаасаа бага багаар янзалж л байна. Дунд зулзагын элдэв "дурсгалтай" бүтээлийг бас нэг тийш болгоно доо.

Бага зулзага минь хань ижлийн нэг эгчтэй, тэр эгчийнх нь том охинтой их адилхан болоод байгаа. Шаймийж ирээд л ам хамраа янз болгохоор бүр л адилхан харагдана гээч. Хи хи. 

Эрэгтэй хүүхэд хэлд удаан ордог гэж их сонсож байсан чинь манайх үгүй бололтой. Хоёр эгч нь ч эрт хэлд орж байлаа. Дүү нь ч адил бололтой...

Ээж ээ гэж сурах гээд л. Ээдээ гэдэг болсон. Би бөөн хөөр болно биз дээ? Түүнээс намайгаа ааваа л гэдэг байлаа шүү дээ. Хи хи. 

Урлагийн үзлэгтээ орж чадаагүй дээ. Түүндээ өмсөх ёстой байсан цамцаа харахаар л нэхээд байдаг болсон. Учир нь энгэрт нь Дарүма гэдэг дондогмаагийн царайг эсгийгээр хийгээд наачихсан байсан юм л даа. 

Түүнийгээ өмсөх гээд л зүтгээд, хатаагүй байхад нь өмсчих гэж нэхээд. Нууж хатааж байгаа. Зүгээр наачихсан тул угаасан чинь нүд ам хамар нь уначихсан. Аав нь оёж өгнө гэсэн. Ээж ямар хөх зүү хөндлөн барих биш. Хэ хэ.

Гэртээ ногоо бараг идэхгүй л байна. Өмнө нь янз бүр болж жүжиглэж байж ганц нэг лууван энэ тэр ногоо ам руу нь хийнэ. Хэ хэ. Мандарин их сайн иддэг. Гэхдээ жаахан амт муутайг нь жүүсийг нь сороод л хаячихна өө, 

Хань ижил хэлнэ. Одооны хүүхдүүд цамаан шүү гээд л. Хэ хэ. 

За түр баяртай. Өнөөдөр Хмасыг гэртээ тэмдэглэнэ. Ширээнийхээ зургийг оруулахыг бодно оо. Хэ хэ. 

Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿