Ерөөсөө Ким гуайн хэлсэн үгсийг гялс оруулчих санаатай. Тэгээд номоо хураалаа. Тэгэхгүй бол ширээн дээрх ном цаас минь дийлдэхээ байлаа. Хэ хэ. Бас нэг ном гаргаж ирээд эхэлчихлээ.
-Залуу насны үнэ цэнэ хүсэл тэмүүлэлдээ байдаг.
-Залуу хүн боломж бололцооны эх ундарга мөн.
-Залуу нас тэр аяараа өөрөө боломж бололцоо.
-Сайн зөвлөгчийг тийм ч холоос эрэх хэрэггүй. Амьдралынхаа явцад бүх сурсан мэдсэн бүхнээ та нартай сэтгэл харамгүй хуваалцаж, хайр ивээлээрээ та нарыг ачлан тэтгэдэг эцэг эх, багш, ах эгч, анд нөхөд, ахмадууд чинь бүгдээрээ та нарын зөвлөгч болж чадна. Тэдэнтэйгээ сэтгэл зүрхээ нээж санаа бодлоо хуваалцвал болох нь тэр.
-Гүн ухаан, хууль эрх зүй, ёс суртахууны өргөн ойлголттой бай.
-Жинхэнэ амьдрал ямар хүнтэй уулзаж учирснаас эхэлдэг. Мартин Пубе. Нэг ёсондаа хүнээ олж нөхөрлө.
-Залуу насаа яаж өнгөрөөснөөс цаашдын амьдралын утга учир, тэр хүн хэр зэрэг явах нь шийдвэрлэгдэнэ.
-Залуудаа өдөрт дор хаяж нэг цаг илүү хэмнээд байх юм бол миний насан дээр ирэхэд цагийн хадгаламжийн хүү чинь талийж өгнө.
-Хүнд хэцүү үе бол боломж завшаан.
-Таны өрсөлдөгчид чинь нэг ангийн чинь найз нөхөд биш ээ. Нүдээ улам сайн нээцгээ. Одоо далайн тэртээх Япон, Америк, Хятадад та нарын үе тэнгийхэн дэлхийн тайзанд гоцлон тоглогч болохоор хомхойтон үүр цайтал ном уншиж, компьютер тоншиж суугааг ойлгох хэрэгтэй.
-Юуны өмнө гадаад хэлийг зэгсэн сайн сураад авах нь дээр. Наанадаж англиар чөлөөтэй ярьж, цаанадаж хэрэглэгч ихтэй Хятад, Франц, Орос, Япон, Герман, Испани гэх мэт хэлний аль нэгийг бүрэн эзэмшсэн байвал зохино.
-Мөнгөөр үл хэмжигдэх эрхэм нандин үнэ цэнэ ажил хөдөлмөрт бий.
-Сурагч хүн шимтэн суралцах ёстой. Номын цагаа солио тусчихаж гэмээр мэрийх хэрэгтэй.
-Улс орон минь учиргүй хөгжчихсөн юм шиг хэт тансаг хангалуун байх гэж, хэр хэмжээнээсээ хэтэрсэн юм хэрэглэх гэж давран шунахайрдаг хүмүүс хэзээнээс ч юм бэ бий болжээ.
-Өнөөдрийн амжилт өчигдөрхөн боломжгүй байсан.
-Бусад орны залуучуудаас хавьгүй илүү идэвхитэй сурч, хөдөлмөрлөх хэрэгтэй.
-Мөнгө ямагт завсрын үнэ цэнийг агуулдаг. Мөнгө өөрөө сайн ч юм биш, муу ч юм биш.
-Мөнгийг урсгачихдаг хүнийг өглөгч, зайлшгүй хэрэгцээтэй юмандаа мөнгө зарах гэсэн хүнийг харамч гэдэг бодлоосоо салах хэрэгтэй.
-Олохынхоо хэрээр ол. Боломжийн хэрээр хуримтлуул. Тэгээд бусдын тусын тулд боломжийн хэрээр зар. Иохан.
-Зайлшгүй хэрэгтэй юманд их мөнгийг ч бүү хайрла. Хэрэгцээгүй юманд сохор зоосыг ч хайрла.
-Өөрөө амжилтад хүрье гэвэл өрсөлдөгчөө үгүй хийх биш өөрийгөө ч өрсөлдөгчөө ч амжилтад хүргэхүйцээр, харилцан нөлөөлж дэм үзүүлэх нь өрсөлдөөний үндсэн зарчим. Ийнхүү өрсөлдөөн бүтээлч хүчний эх сурвалж болж өгдөг.
-Удирдагч хүн хүндлэл хүлээсэн байх ёстой. Дарангуйлагч, удирдах хүн хоёр үүгээрээ ялгаатай. Хүмүүс дарангуйллаас айсандаа эрх мэдэлд нь ордог боловч түүнийг хүндэлдэггүй. Харин удирдах хүнээс айхгүй хэрнээ түүнийг хүндэлж дагадаг.
-Залуус та нар "би" гэдэг явцуу сэтгэлгээнээс хальж "бид" гэсэн уужим сэтгэлгээгээр сэтгэж сурах хэрэгтэй. Уужуу далайцтай амьдаръя. Өргөн уудам хорвоо өөд хараагаа чиглүүлбэл "би, чи" арилж "бид" гэсэн ойлголт бий болно.
-1. Цаг л гарвал явж юм үзэж бай. Явж юм үзнэ гэдэг бол шинэ ертөнцтэй танилцаж буй хэрэг. Хаа ч очсон тэр газар чинь бусдас юугаараа ялгаатай байгааг нягтлан ажигла.
-2. Олон янзын найз нөхөдтэй бол гэж зөвлөх байна. Сайн найз нөхөдтэй болох нь амьдралыг таньж мэдэхэд аяллаас дутахгүй чухал үүрэгтэй. Сэтгэлийн үгээ ярьчихдаг, өөрөөс чинь өөрцгүй тийм дотнын нэг ч найз байхгүй бол зуун танилтай байгаад ч хэрэггүй. Тиймээс олон танилтай байхын зэрэгцээ дотны найзтай болохыг хичээх хэрэгтэй.
-3. Аливаа юманд сэтгэл гаргаж, санаачлагатай хандаж бай. Санаа байвал автобус, метронд ном уншиж, англи хэлний бичлэг сонсох зэргээр цагийг бүтээлчээр өнгөрүүлэх болно.
-4. Номтой байнга нөхөрлө. Ном уншина гэдэг бол дам байдлаар туршлагажина гэсэн үг. Ном уншина гэдэг бол хүнтэй нөхөрлөхтэй адил.
-Амьдралд хүмүүсийн харьцаанаас илүү үнэтэй зүйл ховор. Харилцан туслалцаж сайхан амьдрах хууль үйлчлэх ёстой. Бусдын төлөө буян үйлдэх нь эцсийн дүнд өөрийнхөө төлөө үйлдэж буй хэрэг гэдэг.
-Хүн ганцаараа амьдарч чадахгүй. Ямагт ханьсаж, нийгмийн дунд амьдардаг.
-Хөдлөх л хэрэгтэй. Юу ч бай хийх л хэрэгтэй. Хийгээд ирэхээр ажил аяндаа ундраад ирнэ.
-Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна. Хэн ч очиж үзээгүй тийм газар очихыг хичээх хэрэгтэй. Хэний ч хийгээгүй ажлыг хийх хэрэгтэй.
За энэ хүрээд дуусгалаа. Өөр зөндөө л зүйл тэмдэглэж. Урт ч болчихлоо. Солонгос залуус бас ахмад үеийнхэндээ одооны залуус ч дээ гэж харагддаг бололтой тийм ээ?
Энэ гэхдээ их л олон жилийн өмнө гарсан ном гэж бодохоор. Солонгос гэдэг үгийг нь Монгол залуус минь, бид Монголын иргэд гээд уншаад явчихбал болох юм.
Залуус нэг уншчихсан байхад бас илүүдэхгүй л юм шиг санагдсан.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿