2021年1月24日日曜日

Амралт хэдий ч...

Амралт хэдий ч завгүй бүтэн сайн байлаа. 

Эхнээс нь бичих үү? 

Өглөөдөө бол аажуу уужуу боссон. Өдөр хоол цайгаа уусны дараагаар ажил ундарна. 

Дунд зулага сагсны нөхөрсөг тэмцээнтэй тул хүргэж өгсөн. 

Том зулзагын багштай уулзах тул сургууль орсон. Ингэхдээ машинаа ойрхон мужийн номын сангийн зогсоолд машинаа тавьсан. Том зулзага өглөө нь номын сан орно гээд явсан байсан тул, тэнд уулзаад хамт сургууль хүртэл алхсан. 

Анги даасан багштай нь уулзсан. Нэг их удаагүй. Сая болсон шалгалтын оноо хэр байсан, сонгосон сургуульдаа материалаа өгч болно гэсэн. Хоёр бөглөх хуудас өгсөн. Том зулзага өөрөө бөглөчих байх.

Том зулзага өдрийн хоолоо идээгүй байсан тул нэг жижигхээн газар орж хооллосон. Ээж хөнгөн хоол гэж шөл авч уусан. 

Хооллож дуусаад ажлын газраас зохион байгуулж байгаа арга хэмжээгээр дайрсан. Учир нь замд байсан тул, ороод гарсан. Этиоп? улсын хэлээр нэрээ бичиж үзсэн. Ёстой сонин юм билээ. Хэ хэ. 

Том зулзага үргэлжлүүлж номын сандаа сууна гээд үлдсэн. Би хүнсээ цуглуулах дэлгүүрийн зүг гэдэн годон. 

Энэ хооронд бага зулзага аавтайгаа гэр сахиастай. Ээжийг үгүйд хүн шиг л байдаг гэсэн. Ээж ирээ л бол тэгээд хүнээ байгаад, эрхлээд, уйлж унжаад эхэлдэг гэсэн. Ккк. 

Зэргэлдээ орших 2 дэлгүүрээс хүнсээ цуглуулаад харьсан. Аяга боргол хийж уусан. Хоол бэлдэх санаатай байсан чинь бага зулзага сэрсэн. Дутуу сэрсэн бололтой уйлж унжаад, хэсэгтээ тэврүүлээд буудаггүй. Сүүлдээ цухалдаад эхэлсэн би ч. 

Дунд зулзага тарж байна гээд очиж авах гэснээ болиод, хань ижлээ хурга ишигнүүдээ цуглуулж ир гээд явуулсан. Хэ хэ. Том ч номын сан хааж байна гээд, очиж авсан.

Хоолоо хийж идээд, их сургуулийн ойролцоо оюутны байр, хямд байр энэ тэр хайж жаал нет шагайсан. Солонгост хичээж буй найзтайгаа чаталсан. 

Бага зулзагаа унтуулах ажилд бэлдсэн. Арай хийж хань ижил, бага дунд зулзага гурвуул унтахаар яваад, чимээ шуугиан намдав. 

Тэгээд л үүнийг бичиж сууна. Одоо нэг хувцас эргүүлээд, эргэж байх хооронд нь нь нэг зүйл хийчихээд, хувцсаа гаргаж тээчихээд унтана даа. 

Ээж хүний, эхнэр хүний, эмэгтэй хүний нэг өдрийн ажил үнэндээ л дуусахгүй юм. Өөртөө зарсан цаг огт алга. Шүдээ л угаах юм даа гэж. Нүүр мүүрний гоо сайханг авч хэлэлцэхээ байжээ. 

Одоо жаахан тэвччихвэл, бага зулзага үг ойлгодог болох нь гэж бодсон чинь 2 насны синдром энэ тэр гэж уншаад бас айгаад л сууж байна шөө, хүмүүсээ. 

Бага насны зулзагатай ээжүүд мандтугай. 

Маргааш болтол баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿