Үхэр жил гарлаа гэж. Мөрөө гаргацгаасан уу? Хань ижил хийморийн овоо гарсан. Би яахав бага зулзагаа хүргэж өгсөн болохоор тэгээд мөрөө гаргасан гэсэн үг. Хүүхдийн өхөөрдөм хөөрхөн, гэнэн цагаахан, баяр хөөртэй дуу хуур хангинасан газар тул энэ жилдээ ч сайхан байх биз ээ.
Охид сургууль руугаа явцгаасан. Тэгэхээр мэдээж эрдэм номтой нөхөрлөсөн жил байна гэдэгт итгэл төгс байна өө.
Тавгийн минь идээ. Нүүр номоор яваад байсан идээний зурагнаас санаа аваад зассан. Ирэх жил дээшээ жаахан өндөр засаж болох юм гэж бодсон. Учир нь их хөөрхөн жижигхэн идээ. Харахаар хайр хүрээд. Хи хи.За тэгээд ажлын өдөр тул оройд оо л бужигналаа. Монгол хүүхдүүд ирж золгоод бууз жигнүүлж идсэн. Нийслэл салат, байцааны салат хийсэн. Нэг зүйл мэдэж авсан нь хүүхдүүд байцааны салат нэг их иддэггүй юм байна.
Нийслэл салатыг сайн идсэн. Бэрээс бас нэг их дуртай биш юм байна. Ирэх жил дээрх бага иддэг зүйлсийнхээ хэмжээг багасгана аа.
Эхний хэсэг хүүхдүүд эрт ирсэн, туслалцаад хөөрхөн. Эгчээ юу хийх үү? гэж асууж гүйгээд, би чинь уймраа эмээ шиг л сандарч гүйгээд. Ха ха. Олуулаа инээж хөөрөөд шинэлсэн сайхан байлаа.
Хоёр дахь хэсэг нь нэлээд орой ирээд, хам хум буузаа жигнүүлж идээд л харьцгаасан.
Эндээс төгсөөд явсан хүүхдүүд бичих нь бичээд, ярих нь яриад мэнд мэдсэн.
Журмын олон нөхөд сайхан шинэлсэн биз дээ? Үхэр жилдээ эрүүл энх, хүссэн бүхэн нь биелэх болтугай. Мөн энэ баба өвчин үтэр түргэн дарагдах болтугай.
Түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿