2021年2月11日木曜日

Битүүний мэнд ээ

Өнөөдөр битүүн, энд нийтийн амралтын өдөр таарлаа. Сайхан байна өө. Долоо хоногийн дунд ингээд ганц өдөр амрах бас сайхан тийм ээ? Олон хоног дарааллан амрахаар эсрэгээрээ ядраад байдаг болохоор явцын дундах нэг ийм амралт аятайхан санагдаад байдаг болжээ. 

Хэдийгээр битүүн ч нэг их онцын зүйл байсангүй. Цагаалга болгож бэрээсээ хийсэн. Нэмэлт сахар хийлгүй, усан үзмийнхаа чихэрлэг амтаар л амталчихсан. Тэгсэн хань ижил би жирийн л багадаа иддэг байснаар нь идмээр байна гэж уур хүргээд. 

Тэгэхээр нь бас үглээд авсан. Биднийг багад элдэв амттан ховор, элсэн чихэр л байдаг байлаа. Тэр үед бол энэ нэмэлт сахарын хэрэглээг бие маань яаж ийгээд зохицуулчихдаг байсан. Харин орчин үед амттан ихдээд, сахарын илүүдэлд ороод, бла бла гэж үглээд. Би дийлсэн. Ха ха. 

Нялуун биш тул зулзагууд бага зэрэг амссан. Ааруул, айрагнаас бусад цагаан идээнд? жаахан муу талдаа. Гэснээс ааруул тасраад удаж байна өө. Хүмүүс гадаадад байгаа мөртлөө хийгээд л байна гэсэн. 

Чийгтэй оронд хатаах гэж нэлээд ажиллагаа болох байх гэж бодоод хийж үзье гэж бодохгүй байгаа. Ингээд бодохоор би үнэн залхуу юм аа, тийм ээ. Нэг хэсэг өрөм загсаах гэж их үзсэн дээ. Уг нь боломжийн амттай, гэм нь ажиллагаа их орно. Дээрээс нь хуруу зузаан гарахгүй, атгахан хэмжээтэй гардаг тул бас л залхуураад хийе гэж бодохгүй л байна. Ха ха. 

Мөн буузаа жигнээд, бага зэрэг байцааны салат хийсэн. Байцааны салат их амар тийм ээ? Өмнө нь хийж идэж байхгүй, заавал ажиллагаа ихтэй нийслэл салат хийдэг байсныгаа гайхаад байгаа. 

Гэхдээ шинийн нэгэнд нийслэл салат хийнэ. Хааяа л нэг юм чинь гэж бодоод. Гэрийнхэн ч дуртай, монгол хүүхдүүд ч дуртай. Хүний газар хүүхэд л баярлуулж буян үйлдэе дээ. Ямар гандан орж чадах биш. 

За журмын олон ушигчид минь сайхан битүүлээрэй. Түр баяртай.

0 件のコメント:

コメントを投稿