2021年7月20日火曜日

Гол нь бясалгал шиг байна

Тич Нат Ханы бас нэгэн ном. 3 ном зээлсэн гэж байсан даа. 2 дахиа уншаад эхэллээ.

Гарчгийг нь юу гэж орчуулахаа мэдэхгүй л байна. Нэг тийм уянгалаг орчуулга болгочих санаатай, жаал бодож явлаа. Хэ хэ.

"Амьдралдаа Зен Буддизмын сургаалиас хэвшүүлснээр амар амгалан хүрэлцэн ирнэ". 

За ёстой утгачлаад орчуулчихлаа. Англи, япон гарчгийг нь хэлтэй устай мундагууд өөр өөрийнхөөрөө ойлгоорой. 

Дөнгөж 50 дахь хуудсандаа явж байна. Ганц нэг бурхны үг хэллэг гарч байна шүү. Жишээ нь энэ Зен гэдэг ханз. 

Цөөхөн хэдэн ханзанд эргэлддэг наддаа мэддэггүй л ханз байлаа. Ингээд мэдэж авлаа. 

Ном уншихын нэг давуу тал нь шүү дээ. Мэддэггүй үг хэллэг, ханз гэх мэтийг мэдэж авна. Цээжлээд өөрийн болгоход жаал хугацаа шаарддаг ч гэлээ, хаа нэгтээ таарахад огт таарч байгаагүйгээс л дээр тийм үү?

Агуулгын хувьд өмнөх номынхоо агуулгатай төстэй. Нэг онцлог нь бясалгын дасгал нэлээд дэлгэрэнгүй бичигдэж. 

Бидний дотоод ертөнцөд энэрэл хайр, уур хилэн ижил тэгш оршиж байдаг. Аль нэгийг нь илүү услаад байдаг гэнэ. Ингэхээр эерэг сайхан талаа илүү усалж байхыг эрхэмлэх. 

Уур хилэн, хүчирхийлэл зэрэг зан чанараа үзэн ядах биш харин ч эсрэгээрээ тэдгээрийг ойлгож хүлээж авах. Уурлах гээд байна гэдгээ, хүчирхийлэл буюу жишээ нь хүүхдэдээ гар хүрчих гээд байна даа гэдгээ тухай бүрт нь ухамсарлаад, энэрэл, нигүүлсэл, хайраа дуудаж гаргаж ирэх гэж байна. 

Алхаандаа анхаарлаа төвлөрүүлж алхах бясалгалын тухай өмнөх номд гарсандаа. Энэ удаад хэд хэдэн төрлийн бясалгах арга гарч байна. Жишээ нь "Бусдыг энэрэнгүй сэтгэлээр сонсох бясалгал", "Сөрөг сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч түүнийгээ өөрчлөхийн төлөөх инээмсэглэлийн бясалгал", Эерэг сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч улам сайжруулах бясалгал", "Өөрийн сайн тал, бурханлаг чанараа марталгүй байх бясалгал". 

50 хүртэлх хуудсанд иймэрхүү зүйл бичигдэж. Ганц нэг бясалгах аргаас нь дараагийн бичлэгт оруулна аа. Өөрөө ч бас үе үе бясалгах гэж оролдоно оо. Яг одоогоор жаахан маамаатайгаа зууралдаад бясалгах цаг зав гарахгүй л байна. 

Ингэснээс бага зулзага насныхаа онцлогоос хамаарч их олон ааштай болж байна. Бүх зүйлийг нь ээж л хийж өгөхгүй бол сэтгэл нь ханахгүй байна. Ээж түүнд нь жаахан бухимдах гээд байна. 

Цаг хугацаа нь маш сайхан тохироод, их өвөрмөц ном уншаад байна, миний өөрийн ертөнцдөө сонин содон сэдэв шүү дээ. Зулзагууддаа, хань ижилдээ, нийгэмдээ уурлах гээд, бухимдах гээд байвал энэ удаагийн номоо, өмнөх номоо санангуутаа гэнэт инээмсэглэж үзнэ. 

Заримдаа уур бухимдал минь намдана, заримдаа ч үгүй ээ. Их л олон удаагийн оролдлого хэрэгтэй байх тийм үү? Өөртөө амжилт хүсье өө. 

Инээмсэглэх, амсьгалах, амьсгалаа гаргахдаа анхаарлаа төвлөрүүлэх. Одоогоор энэ хоёр зүйлд төвлөрөөд үзье. Журмын олон уншигчид минь бас оролдоод үзээрэй. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿