2022年3月30日水曜日

Хөршийн холбоо ба

Идсэн уусан бичлэг шүү. Хавар болоод, сакүра энэ тэр гэсэн сэдэв давамгайлж байгаа ч төгсөлтийн, элсэлтийн улирал шүү. 

Өнгөрдөг жилийн өдийд бид бас тэнцсэн хариу сонсоод л, сургуулийн бэлтгэл, үдэлт гээд л бужигнаж байж. 

Япон найзын хүүхдүүд бас төгсөөд, тэнцээд, удахгүй үүрээ орхих болчихоод. Бид цуглаж нэгэн оройг идэж ууж өнгөрөөв.

Япон хоолныхоо зургийг авахаа мартчихаж. Үүнийг хоолны дараагаар шар айрагны даруулга болгож хийсэн, гэрийн эзэгтэй. Би дараа бас үүнийг хийж зочдоо дайлмаар санагдсан.

Хуушууранд нугасгүй айл байгаа юм. Бид танилцсан цагаасаа л уулзах болгондоо хуушуур хийж өгсөөр байгаад амтанд нь оруулчихсан. Хэ хэ. Нэг бодлын их амар. Хийх зүйл нь тов тодорхой, ханцуй шамлаад л орчихно. 

Юу хийх үү? Яах уу? гэж эргэлзэхгүй. Сүүлийн үед бүхэл үрийн гурил хольж хийгээд байгаа. Зураг дарахаас өмнө дайраад, түүнээс овоолсон их байсан юм. Хи хи. 

Гэхдээ л ажиллагаа ихтэй юм аа. Өглөө босоод л ханцуй шамлан орсон. Оройд хальт мулт амжсан. 

Ядаж байхад хань ижил ажилтай. Махаа гараараа татсан. Бид уг нь махаа махны машинаар татаад бэлдчихдэг юм, мах ихтэй үедээ. Ойрдоо махаар маруухан л байна. 

Худалдаанаас тахианы мах л голцуу авдаг юм. Түүнээс бусад үед тувт ангийн мах идэж байна өө. Зөв бурууг үл мэдэх.

Гэрийн эзэгтэй бүр хүүгээсээ харамлаад, үлдээгээч ээ, би маргааш халааж идэх гэж байхад гээд байсан. ха ха.

Үүнийг ч яахав, алтан хөрш хийж өгсөн. Үе үе оруулж ирээд байгаа. Би идэж чаддаггүй, гэрийнхэн иднэ. Бага зулзага бас идэхгүй байсан. Цагаан нь дотроо гүзээлзгэнэтэй, хар нь гадил жимстэй. 

Гадилтайг нь хань ижил, гүзээлзгэнэтэйг нь дунд зулзага.

Амралтын нэг өдөр иймэрхүү. Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

0 件のコメント:

コメントを投稿