Бага зулзага бидэн хоёр үлэг гүрвэлээ ярьсаар л, ном зээлсээр л байгаа шүү.
Дэлгүүрт явж байсан чинь дуугардаг үлэг гүрвэл олоод харчихсан. Барьж гүйгээд, "та халаасаа уудал даа, мөнгө байна уу? Үзье".
"Та надад дуугардаг үлэг гүрвэл авч өгөхгүй бол би танд маш их хайртай байхаа больчихно шүү".
"Ааваа, та надад тэр нэг дуугардаг үлэг гүрвэлийг авч өгөхгүй бол би ээж та хоёрт маш их хайртай байхаа больчихно шүү".
"Э эгч рүү залгая аа, мөнгө байна уу гэж асууя аа".
Э эгч гэдэг нь нагац эгч нь. Хо хо. Зүгээр байсан хүн үлэг гүрвэлийн өрөнд орчих шиг болсон. Ха ха.
Саяхан зээлсэн нэг номонд Огава гэдэг хүний тухай байна. Сэтгэл хөдлөөд, энэ япончууд яахаараа ийм эх оронч юм бэ? гэж бодогдоод.
Энэ Allosaurus-ын тухай ном. Багачуудад зориулаад хөөрхөн яриа болгочихсон. Сүүлийн хэдэн хуудсанд болохоор танилцуулга нь, хэд дэх зууны ямар галавын үед байсан.Ямар тэжээлтэй, бие эрхтэн нь ямар бүтэцтэй, хаанаас олдсон, хэд олдсон гэх мэт.
Америкийн баруун хэсгийн муж улс болох Ютад олдсон олдворыг ухах ажлыг санхүүжүүлж, оронд нь эх нутагтаа хэдэн чулуужсан олдворыг нь авах эрхийг авсан япон хүн байх.
Нэр нь Огава Юүкичи (1988-1972). Залуудаа америк руу гарч, элдэв бэрхшээлийг туулан амжилтанд хүрсэн. 68 насандаа эх орондоо "айлчилж".
Тэгсэн хүүхэд багачуудад зориулсан музей зэрэгт үлэг гүрвэлийн бүтэн биеийн чулуужсан үзмэр нэг ч байгаагүйд сэтгэл нь эмзэглэж, энэ тал дээр бодит ажил хийсэн нь дээрх Allosaurus-н олдвороос эх орондоо авчрах.
1962 онд ориг чулуужсан олдворыг нь эх орондоо авчирч, 1964 онд музейд тавигдаж, олны хүртээл болсон.
Хүүхэд багачуудынхаа танин мэдэхүйд асар их хувь нэмэр оруулсан...
Гэтэл манайхан яасан билээ дээ. Үлэг гүрвэлийн олдоворын тоогоор дэлхийд 3-т ордог юм байна.
Тэгээд үнэт ховор олдвороо ашиг хонжоо хайгчдын харгайгаар гадагш нь алдчихсан тохиолдол их байдаг гэнэ. Харамсалтай тийм ээ?
Бага зулагын зээлсэн эдгээр номнуудаас "монгол" гэж олж уншихаараа цаанаас нэг тийм бахархал төрдөг юм билээ. Зулзагууддаа бахархалтай нь аргагүй "монгол" гэнэ ээ, ерөөсөө тоолох уу? гэж ирээд л уншдаг.
Дараа яг ямар ямар үлэг гүрвэлүүд олдсон байдаг тоог нь нэр устай нь эндээ бичнэ ээ. Санаж байхын тулд...
Нутаг усаа хайрлах, эх оронч гэдэг үзэл нь бидний төсөөлж боддогоос маш өөр хандлага, үзэл баримтлал бололтой...
Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿