За жилийн өмнө шахуу бэлгэнд авсан ном шүү. Хамт бэлгэнд авсан 3 номны нэгийг нь уншсан. Энэ 2 дахь нь. Уншаад байгаа хэрнээ л уншаагүй ном зөндөө өрөөстэй байна лээ.
Саяхан номын сангаа нэг янзалсан. Хамаа намаагүй өрөөд, зарим нь нэгийг нь давхарлаад байсныгаа эмхэлж цэгцэлсэн чинь зай гарсан шүү дээ.
3 ном их ойрхон ирчихсэн яваа юмсан. Уулзалдах зав гардаггүй ээ.
Харизм гэдэг үгийг хэдэн жилийн өмнөөс япон хэлээр их сонсоод л байсан. Зурагтаар амжилттай яваа захирлуудыг, дарга нарыг, бизнесмэнүүдийн тухай танилцуулахдаа их хэрэглээд байсан санагдана.
Ойрд зурагт ерөөсөө үзэхгүй байгаа болохоор сүүлийн үед ямар үг хэллэг түлхүү хэрэглэгдэж байгаа юм бүү мэд. Зурагт асаахаар л бага зулзага өөрийн дуртай хүүхэлдэйн кино, нэг бол Харри Поттер үзээд байдаг юм. Аль болох асаахгүйг хичээж байгаа.
Уншиж эхлээд эхэндээ жаахан ойлгомжгүй ч юм шиг санагдаад. Явцын дунд хэлэх гэсэн санааг нь ойлгож эхэлсэн.
Товчхондоо бол "Бусдыг өөртөө татах чадвар"-ыг "харизм" гээд байх шиг. Нэг ёсондоо бусдыг өөртөө соронздон татах урлаг, бараг шинжлэх ухаан гэсэн байна.
За тэгээд энэ харизм нь төрөлхийн чанар бус өөрийгөө хөгжүүлж, боловсруулж, тусгайлан дадлага хийж байж олж авдаг, өөртөө суулгадаг чадвар юм байна.
Харизмыг эзэмшихийн тулд "харилцаж буй хүндээ анхаарлаа бүрэн хандуулах, халуун дотно мэдрэмж төрүүлэх, хүчирхэг байх" гэжээ. Энэ гурван чадварыг эзэмших.
Заримдаа бид хүнтэй ярьж байхдаа анхаарлаа шал өөр зүйлд явуулчихсан байдаг даа. Тэгснээ юу билээ гэж дахин асуух, лавлах үе гардаг даа. Үүнийгээ засах ёстой юм байна шүү.
Уулзаж буй хүндээ халуун дотно мэдрэмж төрүүлэх ч мэдээж чухал тийм ээ. Хааяа уулзсан хүн нэг тийм хөндий хүйтэн сэтгэгдэл төрүүлдэг дээ. Тэгэхэд бидэнд ямар байдаг билээ дээ? Хэрэв халуун дотно мэдрэмж авч чадахгүй бол дахин уулзах юмсан гэж бодогддоггүйтэй адил та ч мөн харилцаж буй хүндээ аятайхан мэдрэмж төрүүлэхийг хичээгээрэй...
Хүчирхэг байх тухайд бол мэдээж ойлгомжтой тийм ээ. Өөрийн гэсэн санхүүгийн боломжтой, өөрийн гэсэн байр суурьтай, хүчтэй, ухаантай, өөрийн хүрээллийн орчиндоо тодорхой нөлөө бүхий байх.
Зарим нэг дасгал ажлууд нь дажгүй санагдсан. Тухайн үедээ хийж үзээгүй.
Жишээ нь: "Таны дургүйг хүргэж байсан нэг хүнийг бодоорой".
Өө миний дургүйг нэг байтугай хүн хүргэж байсан.
Би ч өөрөө хүний дургүйг хүргэж байх магадлалтай. Үгүйсгэхгүй. Гэхдээ санаатайгаар бол биш л гэж найднам... Хэ хэ.
"Хоосон цаас аваад тэр хүнд хэлсэндээ харамсаж явдаг зүйлсийг бичээрэй. Заавал бичээрэй. Бичлээ гээд буруудах зүйл огт үгүй. Үзэг бал аваад заавал гараараа бичих ээ мартав аа".
Юу хэлж байснаа санах юм алга өө. Ямартай ч тэдгээр хүмүүсийн хэлсэн үг, хийсэн үйлдэл нь зэвүүн гэдэг нь л санаанд тод.
"Бүх бодлоо цаасан дээр буулгасны дараа захиагаа хажуудаа тавиарай".
Ингэж цаасан дээр буулгах дасгал хийсэнгүй ээ. Нэг зав гаргаж хийхийг хичээнэ ээ.
"Тэгээд шинэ цаасан дээр нөгөө хүнээ юу гэж хариулаасай гэж хүсэж байна тэрийгээ бичээрэй. Хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээж буйгаар, таныг гомдоосон зүйлдээ уучлалт гуйж байгаагаар бичиж болно. Хийсэн үйлдлийнх нь үнэн зөвийг та шүүх шаардлагагүй. Зүгээр л үйлдлээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж буйгаар бичихэд л хангалттай. Та өөрөө төсөөлж бичиж байгаа тул юу бичих нь таны л дур".
Яг ингэж бичвэл ч харин нэг сайхан урамтай бичих байх шүү. Хи хи. Япон маягаар миний өмнө өвдгөн дээрээ суучихаад, "догэза" буюу шалан дээр духаа хүргэж уучлал гүйж байна гэж бичих юм шүү. Ха ха.
"Дургүй хүндээ харизмтай хандах хэрэгтэй үе гарч болно. Хүнд муу санах нь харизмд муу нөлөөтэй, бодол санаа биеийн хэлэмжид сөргөөр нөлөөлдөг гэдгийг та мэдэх байх. Сөрөг бодол тээснээр таны бие л зовно. "Хүнд муу санах нь өөрөө хор уугаад өөр нэгнийг үхэхийг хүлээхтэй адил " гэсэн мэргэн үгэнд би их дуртай". гэжээ.
Харин ч нэг санаж явмаар үг санагдлаа.
Учиргүй уучиллаа гэж гүйж очоод, зууралдаад байх албагүй ч сэтгэл дотроо бол тоохгүй хаях, уучлаад орхих ёстой юм байна. Хэрэгжүүлнэ ээ.
Өнөөдөртөө ингээд өндөрлөе. Үргэлжлэл бичиж магад...
Түр баяртай, бүгдэд нь хамгийн сайн сайхныг хүсье.
Сайхан нийтлэл:Харизм номын тухай хэн нэгний бодлыг мэдэх хүсэл төрч байлаа. Учир нь би бээр их л хүлээлттэй уншсан боловч өөртөө юу ч авч үлдээгүй санагддаг. Дараа дахин нэг цаг гарган харизмд суралцах хүсэл төрөв.
返信削除Баярлалаа, блогоор минь зочилсонд. Харизм хэрэгтэй үедээ хэрэгтэй шиг байна лээ. Амжилт хүсье.
削除